М.Алтанхундага: Гарынхаа сүүлчийн судсыг тасартал зургаа зурна

Үзэсгэлэнгийн танхимд “Хүн” хэмээх хөрөг зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оролцогч 49 алдартны хөрөг зургийг дэлгэн харуулжээ. Энэхүү үзэсгэлэнгийн эзэн, авьяаслаг залуу зураач М.АЛТАНХУНДАГАТАЙ ярилцлаа.

-“Монгол тулгатны 100 эрхэм”-ээр яагаад үзэсгэлэн гаргахаар болсон бэ. Үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүдийг хэдий хугацаанд бүтээв?

-2011 онд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гарч эхэлж байхад л үзэх дуртай болсон. Анхандаа хөрөг зургийн үзэсгэлэн гаргах бодолгүй байлаа. Эдгээр алдартны ярьж, хүргэж буй зүйл нь их таалагдсан. Тэгээд л тухайн нэвтрүүлэгт оролцогчдыг судалж, зурах ажилдаа орсон доо. Эхэндээ гарынхаа гэмтлээс болоод байнга зурж чадахгүй завсарлах тохиолдол их байсан. Өнгөрсөн хугацаанд зарим зураг маань таалагдахгүй болохоор шатааж, урж хаясан явдал ч цөөнгүй бий. Арав гаруй хүний хөргийг зурчихаад шатааж байсан удаатай. Сүүлийн нэг, хоёр жилд үзэсгэлэн гаргах зорилго тавьж, зурах ажилдаа шамдан орсон. Энэ алдартнуудын хийж бүтээсэн зүйл, амьдралын тухай өөрийн үзэсгэлэнгээр дамжуулж залуучуудад хүргэхийг зорьсон.

-Үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүдээс хамгийн анх бэлэн болсон бүтээл нь хэний хөрөг зураг байсан бэ?

-Анх зурсан бүтээл гэж байхгүй. Учир нь, бүх зургаа зурахын тулд их судалгаа хийх шаардлагатай болдог. Тиймээс нэг хүний хөрөг зургийг зурах явцад түвэгтэй, ойлгомжгүй зүйл гарвал зурахаа болиод дахин судалж байлаа. Тиймээс энэ зургийг эхэнд нь зурж, түүнийг сүүлд дууссан гэж хэлэх боломжгүй. Тухайн хүнийг судалж, мэдэж ойлгосон цагт зураг бүрэн дуусдаг. Гэхдээ тэр хүнийг бүрэн гүйцэт ойлгож, танина гэж байхгүй. Өөрийнхөө хэмжээнд л ойлгож мэдэрч байгаа нь энэ. Хакухо М.Даваажаргал аваргын нэвтрүүлэг хамгийн сүүлд гарсан. Хөрөг зураг нь ч сүүлд бүтсэн гэж хэлж болно. Гэхдээ бас хамгийн сүүлд бүрэн гүйцэт болсон гэж болохгүй байх. Хөрөг зургуудаа зурах явцад засч сайжруулах зүйл их гарч байлаа.

-“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр таны анхны үзэсгэлэнг гаргахад их тус болсон гэж дуулсан. С.Цогтбаяр гуайтай хэрхэн холбогдож үзэсгэлэнгээ гаргахад туслуулах болсон юм бэ?

-Хөрөг зургийг нь зурсан хүмүүсээс биеэр уулзсан анхны хүн нь С.Цогтбаяр ах байсан. Манай нэг багш байдаг юм. Тэр багшаараа дамжуулж С.Цогтбаяр ахтай уулзсан. Анх уулзахад хэзээний танил ахтайгаа уулзаж буй мэт сэтгэгдэл төрсөн. Зургийг нь зурж байхдаа тэр хүний оролцсон нэвтрүүлгүүдийг үзэж удаан хугацааны турш судалгаа хийсэн учраас тийм мэдрэмж төрсөн байх. Өөрөө зураач, уран бүтээлч хүн учраас их дотноор хүлээж авч намайг тэвэрч байлаа. Их сайхан санагдсан шүү. Би амьдралынхаа нэлээд олон жилийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтэй холбосон. Өглөө, оройгүй л олон сайхан эрхмийн оролцсон нэвтрүүлгийг үзэж судалж ирлээ. Магадгүй тус нэвтрүүлгийн хөтлөгч, оролцогчидтой уулзвал бас л хэзээнээс ч юм мэддэг танилтайгаа уулзаж буй мэт байх болов уу. Ер нь надаас олон удаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзсэн хүн ховор гэж найзууддаа хэлдэг л юм. Ер нь үзэсгэлэнг минь гаргахад олон хүн тусалж байгаа. Миний найз нөхөд, гэр бүл, шавь нар минь хүртэл гар бие оролцож байна. Мөн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат- Эрдэнэ гээд олон хүн тусалж байгаад танай сониноор дамжуулан баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Ер нь сайн сайхан зүйлийг бодож эхлүүлсэн болохоор ажил минь сүүн замаараа сайхан бүтэж байна.

-Таны зурсан зургуудыг сонирхоход тухайн хүний харц их амьд харагдаж байна. Хөрөг зургийг яагаад ийм тал, дутуу ч юм шиг бүтээсэн бэ?

-Энэ бол миний харж байгаа өнцөг. Хүмүүс тал зураг гээд байгаа юм. Үнэндээ сайн ажиглавал зурагт хүмүүсийн нэг нүд, чих нь л байхгүй. Гэхдээ анхнаасаа бүгдийг тал зуръя гэж бодоогүй. Энэ хүмүүсийн нэвтрүүлгийг үзээд илүү олон зүйлийг мэдэхийг үргэлж хүсдэг байсан. Яаж ч судалсан тухайн хүний талаар би бүрэн төгс мэдэж чадахгүй шүү дээ. Дэлхийн нэг алдартай хүн “Энэ амьдралынхаа туршид би хорвоо дэлхийн бүхий л зүйлийн утга учрыг олж танилаа. Ганцхан өөрийгөө хэн гэдгийг таньж чадсангүй” хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр хүн хүртэл өөрийгөө таньж мэдэж чадахгүй байтал би тэр хүнийг бүрэн таньж мэдсэн юм шиг байж болохгүй шүү дээ. Тиймээс тухайн хүнийг өөрийнхөө харж, олж мэдсэн талаасаа зурсан минь энэ. Зургийн хажууд тухайн хүний нэрийг бичсэн байгаа.

-Яагаад нэрийг нь бичсэн юм бэ. Царайг нь харахад тодорхой шүү дээ. Мэдэхгүй хүн байхгүй байх?

-Миний бодлоор хүн хорвоод нэр, бие гэдэг хоёр зүйлтэй амьдардаг. Хорвоогийн мөнх бусыг үзэхэд тухайн хүний бие нь хөрсөнд булагдаж, нэр нь хорвоод үлддэг. Тэр үлдсэн нэр нь хорвоо ертөнцөөс арчигдах эсвэл мөнхөд орших уу гэдэг нь тухайн хүний амьдралынхаа хугацаанд хийж бүтээсэн зүйлээс шалтгаална. Тийм болохоор би хүмүүсийн нүүрийг зураад хажууд нь нэрийг нь бичсэнээр тухайн бүтээл маань бүтэн болж байгаа гэж ойлгож болно.

-Тэгвэл таны нэрийг хэн хэрхэн өгч байсан бол?

-Миний нэрийг аав маань өгсөн гэж ярьдаг юм. Хүмүүс их сонин содон хурц нэр гэх зэргээр хэлдэг. Аав минь миний амьдралын ирээдүйг харж төсөөлж бэлгэдэж өгсөн байх гэж боддог. Аав маань бас хөрөг, бурхан зурдаг, сийлбэрч хүн. Ээжийн маань талд алт, мөнгөний дархан хүн байдаг. Ингээд хоёр талаасаа уран гартай хүмүүсийн удамтай хүн л дээ, би. Гарынхаа гэмтлээс болоод энэ бүгдийг хийж чадахгүй үе байсан. Тухайн үед гар чинь ямар нэг зүйл хийж болохгүй гэх үгийг сонсоод сэтгэл жаахан хямарсан. Гэхдээ би бууж өгөөгүй. “Одоо бууж өгвөл би цаашид ч тийм л байх юм байна” гэж ойлгосон. Тухайн үед үзүүлсэн эмч бүхэн “Гар чинь тахианы сарвуу шиг хатаад байхгүй болно. Гаргүй болно. Шөрмөс, яс хоёр л үлдэнэ” гэж байсан. Арав гаруйхан насандаа ийм мэдээ сонсоод сэтгэлээр унаж л байлаа.

-Үзэсгэлэнгээ яагаад “Хүн” хэмээн нэрийдэх болсон бэ?

-Монголчууд бага байхдаа аав ээждээ “Хүн шиг байгаарай” гэж зэмлүүлж өссөн шүү дээ. Энэ үгийг бодоод үзэхээр их сонин хүнийг яагаад хүн шиг бай гэж хэлээд байгаа юм бэ гэж бодохоор байгаа биз. Нөгөөтэйгүүр хүн шиг байна гэдэг чинь тийм байхыг хэлдэг юм шүү гэж ойлгуулж байгаа хэрэг. Тиймээс “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцож буй хүн бүгд хүн шиг амьдарч чадсан учраас анхны үзэсгэлэнгээ “Хүн” хэмээн нэрлэсэн.

-Аав тань таныг зураач болоход хэр дэмжсэн бэ?

-Намайг бага байхад аав минь “чи заавал зураг зур” гэж хэлж байгаагүй. Өөрөө их чөлөөтэй сэтгэдэг л дээ аав минь. Энэ бол чиний сонголт, амьдрал учраас өөрөө шийдвэрээ гаргах хэрэгтэй гэдэг байсан. Шугам зургийн хичээл дээр шугам хэрэглэлээ л гэдэг байсан. Түүнээс биш ингэж зур, сийлбэр хий гэж хэлж шахдаггүй байлаа. Манай гэр бүлийнхэн намайг их дэмжсэн. “Миний хүү зургаа л зур” гээд өөр зүйл хийлгэхгүй. Сүүлийн нэг жил зураг зурахаар төрсөн хүн шиг л байлаа. Гэртээ зургаа зурж, хоолоо идээд л суудаг байлаа шүү дээ.

-Яагаад гартай тийм гэмтэл авсан юм бэ?

-Багадаа гэмтээснээс л болсон байх. Тэр үед их хайхрамжгүй байсан юм болов уу. Гараа гэмтээчихээд гипсдүүлээд л орхичихсон. Тэгээд хүүхдийн өсөлт хөгжилт явдаг үеэр тэр гэмтэл нь сэдрээд мэдрэлийн судас дайрч булчингийн үйл ажиллагааг зогсоосон. Арван жилдээ гараасаа болоод юун зураг зурах, үзгээ ч барьж чаддаггүй байлаа. Нэрээ ч бичиж чадахгүй, ангийнхаа арын суудал дээр сууж, хичээл сонсдог хүүхэд байсан.

-Анхны үзэсгэлэнгээ гаргалаа. Цаашид ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Цаашид гарынхаа сүүлчийн судсыг тасартал зураг зурна. Ер нь би их дотогшоо хүн. Чимээгүй байж байгаад гэнэт гарч ирж байгаа биз дээ. Хийж төлөвлөсөн зүйлээ олон хүнд яриад байдаггүй. Дараа дараагийн бодож төлөвлөсөн зүйл их байна. Монголынхоо үзэгчдэд сайн сайхан уран бүтээлээр бэлэг барих төлөвлөгөөтэй байгаа. Зарим найз минь хүртэл намайг зураг зурдгийг мэддэггүй. “Өө чи зураг зурдаг байсан юм уу” гэж асууж байгаа юм чинь.

-Арван жилд байхдаа үзгээ ч барьж чаддаггүй байсан гэж байна. Тэр хүнд цаг үеийг хэрхэн даван туулсан бэ?

-Би зураач болох гэж зурж сураагүй. Хамгийн гол нь гараа эрүүл болгохын тулд л зурж сурсан. Зураг зурж сурвал миний гар бүтэн байх хугацаа уртсах юм байна гэж бодож байлаа. Түүнээс биш үзэсгэлэн гаргаж, зураач болъё гэж анхнаасаа бодоогүй. Тэр хүнд үеийг давж гарахдаа би толгойдоо нэг ч удаа, нэг секунт ч миний гар байхгүй болно гэж бодож байгаагүй. Нэг ч удаа ухарч, шантарч үзээгүйгийнхээ төлөө өдий зэрэгтэй яваа гэж боддог. Хэрвээ би нэг удаа шантарч, ухарсан бол одоогийн миний гаргасан амжилтын 90 хувь нь үгүй болсон байх байсан. Тиймээс би амьдралдаа бодож санасан зүйлийнхээ ард заавал гардаг. Шантарч ухрах зүйл миний амьдралд байдаггүй. Ингээд ярихаар хүмүүс итгэдэггүй юм. Ийм гартай байж яаж зураг зурдаг юм, худлаа энэ тэр гэдэг. Хараагүй хүн гудамжинд таяг тулаад яваад байдаг биз дээ. Миний хувьд тэр хараагүй хүний таяг бол гар минь юм. Хараагүй хүн таягныхаа үзүүрт байгаа зүйлийг төсөөлж боддог. Түүнтэй ижил хэмжээнд би гараа хөгжүүлсэн гэсэн үг.

-Дан ганц зураг зурснаар таны гар өдий хэмжээнд хөдөлж байна гэж үү?

-Би гараа эдгээхийн тулд олон зүйлийг оролдож хичээллэсэн. Биеэ хөнгөн шингэн байлгахын тулд 10 гаруй жил бүжиглэсэн дээ. Мөн оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар “Нүүдэл” хэмээх хүүхдийн продакшн байгуулж ажилласан. Манай продакшн хүүхдүүдэд урлагийн чиглэлээр 13 төрлийн сургалт зохион байгуулдаг. Арван жилийн хугацаанд 3000 гаруй шавь төгсгөсөн байна. Арван жилийн хүүхдүүдэд анхнаас нь суурийг нь зөв тавьж өгөх хэрэгтэй. Багаасаа урлагийн мэдрэмжтэй болчихвол тухайн хүүхэд бусдаас илүү чадвартай байдаг. Улаанбаатар хотод энэхүү сургалтын үйл ажиллагаагаа явуулах бодолтой байгаа

-Та олон талын авьяастай хүн юм. Таны яг үндсэн мэргэжил тань юу вэ?

-Фейшн дизайнер мэргэжилтэй. Улаанбаатарын “Од” дүрслэх урлаг дизайны хувийн сургуульд суралцаж төгссөн. Одоо “Их засаг” их сургуулийн харьяанд орсон гэсэн. Нэгдүгээр курст байхдаа “Хаврын гоёл” улсын уралдаанд оролцож хоёрдугаар байрт шалгарч байлаа. Ер нь их олон зүйлийг хийж үзсэн. Кино, жүжиг гээд олон зүйл хийж байлаа.

-Үзэсгэлэнгээ Дархан, Эрдэнэтэд гаргана гэсэн. Түүний дараа зургуудаа хэрхэх тухай бодож үзсэн үү?

-Үзэсгэлэн маань Уран зургийн галерейд долоо хоногийн туршид байрлана. Дараа нь Дархан, Эрдэнэтэд үргэлжлүүлэн үзэсгэлэнгээ гаргана. Бүтээлүүдээ бөөнд нь байлгахыг л хичээж байна. Миний энэ бүтээлүүд хамтдаа байж байвал илүү үнэ цэнэтэй байх болно. Хорин хуруунаас нэгийг нь тасадчихвал яах билээ. Эрэмдэг л болно шүү дээ. Тэгэхээр 50 зургаас нэг нь байхгүй бол үүнтэй адил байдал үүснэ. Тиймээс худалдаж борлуулсан ч гэсэн хамтад нь байлгахыг хичээнэ.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)