Б.Гангаамаа: К2-ын оргилд гарах бэлтгэлээ базааж байна

 “Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа” сэдэвт маркийг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Антарктидын Винсон, Европын Эльбрус, Африкийн Килиманжаро болон мөнх цаст Эверестийн ноён оргилыг давахаар нисч буй хос хун, түүний цаана гавьяат тамирчин Б.Гангаамаа төрийн далбаагаа мандуулж буйгаар уг маркны зургийг зуржээ. Маркийг олон нийтэд танилцуулах үеэр гавьяат тамирчин Б.ГАНГААМААТАЙ цөөн хором ярилцлаа.

-Таны амжилтаар сэдэвлэсэн марк гаргах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Намайг дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн болсны дараа марк гаргах санал тавьсан. Тухайн үед маркийн талаар сайн ойлголтгүй байсан. Тиймээс энэ талаар судалсны дараа буюу өнгөрсөн оны наймдугаар сарын 22- нд марк гаргахыг зөвшөөрсөн.

-Танд марк таалагдаж байна уу?

-Би маркийн зурагт дэлхийн ноён оргилуудыг багтаахыг хүссэн. Мөн Монголынхоо Алтай таван богдын зургаа оруулъя гэж бодож байлаа. Зарим хүн Отгонтэнгэр хайрхнаа оруулахыг ч санал болгосон. Гэхдээ энэ маркийг олон улсад худалдаалах учраас сэдэвтэй нь зохицохгүй байсан юм. Дэлхийн ноён оргилуудын дунд Монголын уул байвал гадаадынхан гайхах биз.

-Таны марк уулын спортын сэдвээр гарч буй хэд дэх марк вэ?

-Спортын сэдэвтэй марк олон гарч байсан юм билээ. Энэ удаагийнх уулын спортоор сэдэвлэсэн хоёр дахь марк юм. Өмнө нь Монголын уулчдын холбооны 50 жилийн ойг тохиолдуулан “Монголын уулчид Гималайд” сэдэвт марк гаргаж байсан гэсэн.

-Таныг хэдхэн сарын дараа К2 ууланд авиралт хийх гэж байгаа гэсэн. Бэлтгэлээ хангаж дууссан уу?

-Бэлтгэлээ хийж байна. К2 ууланд авирах анхны оролдлогоо 2013 онд хийж байсан. Тэр жил ямар ч тамирчин К2-т гарч чадаагүй. Тухайн үед би “Заавал дахиж ирнэ” гэж дотроо бодож байсан юм. Удаан хугацаанд бодож төлөвлөсний эцэст ирэх зургаадугаар сард К2 ууланд дахин авирахаар төлөвлөсөн. Энэ оргил Эверестийн дараа ордог. Уулчид аливаа оргилд гарахын өмнө “Оргилд хүрнэ” гэж ам гардаггүй. Хэрвээ К2-ын оргилд нь хүрвэл миний хувьд том амжилт болно.

-Ганцаараа гарах уу, баг бүрдүүлэх үү?

-Монголоос уулчид явж магадгүй. Ер нь жилдээ 20 орчим орны тамирчин тус оргилыг зорьдог.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)