Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийг ирэх сард тодруулна

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII “Их эе”- ийг өнгөрсөн бямба гарагт хуралдуулж бүтэц, зохион байгуулалтаа өөрчилсөн. Хурлаар холбооны тэргүүн болон цэцдийн зөвлөлийн гишүүдийг тодруулсан бөгөөд 10 хоногийн дараа дахин хуралдах тов зарласан. Тэгвэл тус холбооны цэцдийн зөвлөлийн төлөөлөл мэдээлэл хийв. Тодруулбал, улсын заан Ц.Магалжав, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Сайнбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа нар ээлжит “Их эе”-ээс гарсан өөрчлөлт, шинэчлэлийн талаар мэдээллээ.

Тэд юуны түрүүнд яагаад хуралд оролцсон талаар тайлбарласан юм. Энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөний хаалгыг эвдсэн асуудал гарч олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Бөхчүүдэд ч энэ нь таатай санагдаагүй бөгөөд үүсээд буй асуудлын талаар мэдээлэл авахаар холбооныхоо удирдлагуудад ханджээ. Улмаар бөхчүүдийн төлөөлөл VIII “Их эе”-д төлөөлөгчөөр оролцож байр сууриа илэрхийлсэн байна. “Их эе” 200 хүний бүрэлдэхүүнтэй болох ёстойгоос 153 төлөөлөгч оролцжээ. Орон нутгаас аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, нарийн бичиг гэсэн хоёр хүн энэ хуралд оролцдог. Энэ удаагийн хуралд Дундговь, Увс аймгаас төлөөлөгч ирээгүй байна. Улсын цолтой бөхчүүдээс улсын аварга, арслан, гарьд болон заан цолтон “Их эе”- ийн төлөөлөгчөөр шууд сонгогддог аж. Түүнчлэн бөхийн дэвжээ бүрээс улсын харцага, улсын начин, аймгийн арслан тус бүр нэг төлөөлөгч хуралд оролцдог журамтай. Жаяг дэгийн баг буюу бөхийн судлаач, засуул, хөлийн цэцээс 35 хүн сонгодог. Мөн өмнөх Үндэсний бөхийн тэргүүлэгчид 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Их эе”- ийг хуралдуулдаг журамтай юм байна. Эдгээрийн 70 хувь нь VIII хуралд ирсэн учир “Их эе”-ээ албан ёсоор хийжээ. Улмаар тус хурлаар Үндэсний бөхийн холбооны дүрмээ баталж, тэргүүнээ сонгох сонгууль явуулахад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдсон байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарыг заалнаас нэр дэвшүүлэхэд саналаараа нэрээ татжээ. Шинэ бүтцээр цэцдийн зөвлөлийн 90 гаруй хувь нь үндэсний бөхийн улсын цолтой бөхчүүд болсон байна. Тэдний дараагийн ажил тэргүүлэгчдийг сонгох явдал. Гэхдээ Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Солонгост болох парламентын хуралд оролцохоор явсан учир 10 хоногийн дараа хуралдаж гүйцэтгэх захирал, тэргүүлэгчдээ сонгохоор болсон байна.

Хурлын үеэр улсын заан Ц.Магалжаваас зарим зүйлийг тодрууллаа.

Ц.Магалжав: Цэцдийн зөвлөлөөс тэргүүлэгчдээ сонгоно

-Холбоо хяналтаа хэрхэн сайжруулах вэ?

-Үндэсний бөх Монголын ард түмний соёлын үнэт өв учраас хүн болгон энэ асуудалд анхааралтай ханддагийг сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлаас харлаа. Тиймээс бид асуудал бүрт олонхын шийдвэрийг харгалзан үзнэ. VIII “Их эе”-ээр нэлээд хэдэн зүйлийг өөрчилсний нэг нь холбооны санхүүгийн хяналтын хороо байгаа юм. Санхүүгийн хяналтын алба таван хүнтэй байсныг долоо болгож даргаар нь аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг томилсон. Т.Пүрэсүрэн МУИС-ийг эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Мөн “Их эе”-ийн нийт бүрэлдэхүүн 200 байсныг 256 болгосон.

-Үндэсний бөхийн холбооны тэргүүн орон тооны бус боллоо. Энэ нь үйл ажиллагаанд бэрхшээл дагуулахгүй юу?

-VIII “Их эе”-ээр холбооны бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Өмнө нь Үндэсний бөхийн холбооны тэргүүн бүх үйл ажиллагааг зохицуулдаг байсан. Үүнийг өөрчилж, холбооны тэргүүн, дэд тэргүүн орон тооны бус байхаар болголоо. Харин гүйцэтгэх захирлыг томилж тэр хүн үйл ажиллагааг бүрэн хариуцахаар болж байна. Хуучин 11 тэргүүлэгчтэй байсныг 15 болгосон. Мөн тэргүүлэгчийн 10 хүнээс дээш ирцтэй төсөв батална гэсэн шинэ заалт оруулсан. Тэргүүн гүйцэтгэх захирлыг шууд томилохгүй, холбооны тэргүүлэгчдийн саналаар шийднэ. Бөхчүүд цэцдийн зөвлөлөөс тэргүүлэгчдээ сонгоно.

-Үндэсний бөхийн аваргуудын зөвлөлийг байгуулсан. Энэ нь Үндэсний бөхийн холбооноос тусдаа статустай юу?

-Холбооноос тусдаа байгууллага. Үндэсний бөхийн холбооны дүрэм тодорхой. “Их эе”-д 10 аварга, 15 арслан, 10 гарьд, 27 заан шууд оролцох бүрэн эрхтэй.

-Нас өндөр хөлийн цэц, засуулын талд ямар нэгэн өөрчлөлт оруулсан уу?

-Шинэ бүрэлдэхүүнээ бүрдүүлээд удаагүй байна. Энэ талд анхаарах зүйл бий.

-Барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байгаа бөхчүүдийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ цэцдийн зөвлөлийн шийдэх асуудал. Бид үүнийг олонхоороо шийднэ. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчим баримтална.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • eee (43.228.130.178)

    2018-03-28

    eeee

  • Ганаа (66.181.170.229)

    2018-03-28

    Начин 500 сая болчихлоо. Энэ найрааг маш сайн дэврээсэн хүн нь Нямдорж тэргүүн шүү дээ