П.Орхон: Олимпын дараа амсхийгээд хувийн амьдралдаа анхаарал хандуулна
- 2018-04-02
- Спорт
- 3

20 гаруйхан насандаа Японы домогт аварга Каори Ичог өвдөг шороодуулж дэлхийн бөх гэдгээ харуулсан Монгол Улсын гавьяат тамирчин П.ОРХОНТОЙ ярилцлаа.
“Алдар” спорт хороо, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийдэг тэрбээр “Батзол” компанийн тамирчин болж, тив дэлхийн тэмцээнд хүч чадлаа сорьж яваа юм.
-“Дэлхийн цом”-ын тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд амжилттай оролцоод ирлээ. Он гарсаар нэлээд хэдэн тэмцээнд оролцсон болохоор сэргэлт авахаар амарч байна уу?
-Он гарсаар оролцох ёстой гурван тэмцээндээ яваад ирлээ. Азийн аварга болж, медалийн өнгөө хувиргасан гээд энэ жилийн өнгө сайхан эхэлж байна. Тиймээс боломжийн хэрээр хэдэн тэмцээнд оролцсон. Эдгээр тэмцээнд амжилттай оролцсоноор би дэлхийн чансаагаа тэргүүлээд байна. Ер нь энэ жил онооны хэдэн тэмцээн бий. Түүнээс цөөн хэдэд нь л оролцох байх.
-Ямар шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй байна вэ?
-Хэсэг хугацаанд амарч, бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй учир зарим тэмцээнд оролцохгүй байхаар шийдсэн. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сард болно. Наана нь ганц хоёр том тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.
-Сүүлийн тэмцээнд оролцохын өмнөхөн эмчилгээ хийлгэсэн. Хуучин бэртлээ сэдрээчихсэн үү?
-Азийн аваргаар алтан медалийн төлөө барилдахаар биеэ халааж байхдаа мөрнийхөө бэртлийг хөндчихсөн. Эмчилгээ хийлгээд амарчихвал гайгүй болчих байх. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа таслахгүй хийж байна.
-Та бэлтгэлээ үндэсний шигшээ багийнхантайгаа хийж байна уу. Эсвэл “Алдар” спорт хороондоо төвлөрч байна уу?
-“Алдар” спорт хороондоо бэлтгэлээ хийж байна. Эндээ л багш нартайгаа ажилладаг. Нэгдсэн цугларалтад шигшээ багийнхантайгаа гардаг. Азийн аваргаар шигшээгийнхэнтэйгээ бэлтгэл хийсэн.
-Холбооны дотоод асуудлаас шалтгаалан тамирчид хамтарсан бэлтгэл хийх боломжгүй байгаа талаар Ц.Хосбаяр багш ярьж байсан. Энэ нь тамирчдын харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй шүү дээ?
-Тамирчдын хооронд ямар ч асуудал байхгүй. Бид үүссэн нөхцөл байдалд оролцох ч шаардлагагүй. Өөрт ногдсон үүргээ гүйцэтгэж тэмцээндээ оролцоод, бэлтгэлээ хийгээд явбал болно гэж боддог.
-Таны хамгийн том зорилго Токиогийн олимпод амжилттай оролцох байх. Риод хийж чадаагүйгээ 2020 онд гүйцээхээр зорьж байна уу?
-Тамирчид олимп дууссаны маргаашаас дараагийн олимпдоо бэлтгэж эхэлдэг. Би ч гэсэн тэдний нэгэн адил хүсэл зорилгоор бэлтгэлээ хийж байна.
-Дэлхийд танигдсан бөхчүүдийн барилдааныг өрсөлдөгчид нь судалчихдагаараа дутагдалтай. Тиймээс мэхний олон хувилбар гаргаж, магадгүй өөр арга барилаар барилдах шаардлагатай болдог. Энэ талаар ч Ц.Хосбаяр багшид бодсон зүйл байгаа болов уу?
-Тэмцээн бүрийн дараа энэ тал дээр анхаарч ажилладаг. Миний хийдэг дархан мэх болон ямар үед барьц алдаж байгааг ч орхилгүй судална. Түүний дараа өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй, өөрт ямар байдлаар ашигтай болгож барилдах талаар багш нартайгаа зөвлөлддөг. Тиймээс би багш нарынхаа хэлснийг бүрэн гүйцэтгэхийг хичээдэг. Ер нь надад илүү зүйлд санаагаа зовоох шаардлага байдаггүй. Багш нар маань бүх зүйлд санаа тавьдаг болохоор надад амар байдаг юм. Одоо цагт жингийнхээ аль ч улсын бөхийг судлах бүрэн боломж байна. Гэхдээ өрсөлдөгчөө судлахаас өмнө өөртэйгөө ажиллахад илүү ач холбогдол өгөх ёстой гэж би боддог.
-Таныг чөлөөт бөхийн замд хөтлөн оруулсан багш нарын тань дасгалжуулах эрхийг түдгэлзүүлчихсэн байгаа. Гэхдээ Токиогийн олимпын өмнө тэдний дасгалжуулах эрхийг нээхээр багштайгаа олимпын дэвжээнд гарах боломжтой болох нь ээ?
-Ямар ч тэмцээнд багштайгаа явахад түшигтэй байдаг. Миний бүх зүйлийг мэддэг болохоор юу ч нуух шаардлагагүй. Өөрийнхөө багштай тэмцээнд явахад сэтгэл зүйн хувьд ч ачаалалгүй, дэвжээн дээр бодсоноо хийх боломж олгодог. Ц.Хосбаяр багш маань хатуу үедээ хатуу. Гэхдээ тамирчинтай хэрхэн ажиллах арга барилаа сайн мэддэг. Нэг бодлын их сэргэлэн хүн. Би айлын бага болохоор намайг их эрхлүүлнэ. Тэглээ гээд толгой илэхгүй. Шударга хүн болохоор хэнээс ч айхгүй хэлэх гэснээ хэлчихдэг. Энэ нь тамирчинд дасгалжуулагчдаа итгэх боломж өгдөг.
-Дасгалжуулагчдын цалин тийм ч их биш гэдгийг мэднэ. Гэсэн ч тэд цалингийн зээл аваад ч хамаагүй тамирчдаа тэмцээнд явуулж байж санаа нь амардаг зантай.
-Түүнээс гадна багш нарт маань айлын хүүхдийг алагчилдаг муу зан байдаггүй. Халаасанд нь чихэр байвал хүний, өөрийн гэлтгүй бүгдэд нь хуваагаад өгчихдөг. Дээр нь ивээн тэтгэдэг байгууллагагүй хүүхдүүдийг олон улсын тэмцээнд оролцуулахад санхүүгийн хувьд асуудалтай байдаг л даа. Тэр болгонд багш нар ямар нэгэн аргаар тамирчдаа тэмцээнд оролцуулчих гээд үзэж тардаг юм.
-Таныг багаасаа бөхөд элэгтэй байсныг мэднэ. Гэхдээ тамирчин болоогүй бол ямар мэргэжил эзэмших байсан талаар бодсон үе бий юү?
-Хуулийн чиглэлээр суралцах байсан гэж боддог. Би чинь эршүүд талдаа хүн шүү дээ. Долоодугаар ангиасаа барилдсан. Тэмцээн, бэлтгэлд хамаг анхаарлаа хандуулсан учраас тэр үеэс хичээл орхигдсон тал бий. Харин одооноос боловсролдоо анхаарч суралцаж байна. Одоо ШУТИС-д нийгмийн ажилтан, МУБИС-д биеийн тамирын багш, дасгалжуулагчаар суралцаж байгаа. Үүнийхээ хажуугаар гадаад хэлний мэдлэгтээ анхаарна гээд ер нь өдрийг тун завгүй өнгөрөөдөг. Энэ жил сургуулиа төгсөнө. Хэзээ нэгэн цагт би бөхийн карьераа өндөрлүүлнэ. Тэр цагт хийхээр төлөвлөсөн ажил, мөрөөддөг зүйл бий. Би хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой, тиймээс ч нийгмийн ажилтан болохоор шийдсэн.
-Дасгалжуулагч болох үедээ хүүхдэд тусалсан ажил хийнэ гэж ойлгож болох уу?
-Хүүхэд өөрийн эрхгүй дотно санагддаг. Тэд хайрлуулж өсөх ёстой. Тийм болохоор л хайраар дутагдаж байгаа хүүхдүүдэд туслахыг хүсдэг.
-Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд та хоёр нэг сургуулийг төгссөн. Одоо нэг дэвжээнд харьяалагдан барилдаж байна. Аварга хэдэн сарын өмнө ээж болж спортоо түр завсарласан. Танд ч гэсэн энэ талаар бодож төлөвлөсөн зүйл байгаа л байх?
-Чимэдээ бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Миний хувьд гэр бүлийн тухайд олимпын дараа амсхийгээд хувийн амьдралдаа анхаарал хандуулна. Найз залуу маань бөх болохоор миний хувийн дасгалжуулагч шиг л байдаг юм.
-Ер нь гэрээс нэг хүн спортоор явахаар уур амьсгал ч тэр тал руугаа болчихдог. Тэр дундаа таны ээжийг маш сайн бөх судлаач хүн байдаг гэж сонссон юм байна?
-Манай гэр бүлийнхэн бүгд спортод элэгтэй. Боломж байсан бол ах нар маань ч бөхөөр хичээллэх байсан. Том ах маань биднийг сургуульд сургах гэж спортоос өөр зам сонгосон. Бага ах чөлөөтөөр барилддаг байсан ч бэртэл авч спортын карьераа өндөрлүүлсэн. Ээж маань миний хамгийн дотнын зөвлөх. Өрсөлдөгч бөхийн судалгааг надаас илүү хийнэ. Тэмцээн болохоос өмнө миний жинд барилдах бөхчүүдийн талаар аль хэдийнэ судалчихаад надад мэдээлэл, зөвлөгөө өгдөг хүн дээ.

-Риогийн олимпын үеэр жин хасаад алдсан тал бий. 2020 оны олимпоор одоо барилдаж байгаа жиндээ хүч үзэх үү?
-62 кг-ийн жиндээ барилдана. Энэ жин дотооддоо өрсөлдөөнтэй. Сайн өрсөлдөгчтэй байх тусмаа илүү хурдан сайжирна гэж би боддог. Миний жинд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гээд дурдвал олон сайн бөх бий. Тэгээд ч би дэлхийн аваргад барилдах эрхээ аваагүй байна шүү дээ.
-Монголын шилдэг тамирчдыг гадаадынхан улсдаа барилдуулахаар сонирхдог болжээ. Танд гаднаас “Манайд барилдаач” гэсэн санал тавьж байсан уу?
-Асууж байсан. Сүүлийн үед “Манай улсад ирээд бэлтгэл хийгээч” гэсэн санал олон тавьж байна. Гэхдээ надад бодсон зүйл бий. Эх оронд маань бүх зүйл байхад гадагшаа явах бодол алга. Багш нарт маань ч төлөвлөсөн ажил байгаа байх. Тиймээс ч гадаадын улс орнуудаас дасгалжуулагчаар ажиллуулах санал тавихад хүлээж авалгүй, олимпын аваргатай болохын төлөө тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг хийлгүүлж байна.
-Бөхчүүд барилдааны үеэр шатахаараа алдаа гаргачих гээд байдаг талтай. Та ямар тэмцээний үеэр бухимдаж байсан бэ?
-Риогийн олимпын үеэр дагах барилдаан хийж байхад л хамгийн онцгүй байсан. Олимп болохоос дөрвөн сарын өмнө эрх авсан. Тэр үед давж байсан бөхдөө олимпын дагах барилдааны үеэр уначихсан юм. Одоо тэр талаар санахаараа “Үнэхээр болохгүй л байсан юм байлгүй дээ” гэж боддог.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (3)
дэмжигч (43.228.130.186)
даруухан хүмүүжилтэй сайн бүсгүй байна лээ. Амжилт хүсье.
БАРСАА (202.21.106.136)
ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ ИРЭЭД БИЕ СЭТГЭЛЭЭ БҮРЭН АМРААГААД ИРЭЭДҮЙН БАС НЭГЭН АВАРГА БОЛОХ МАНТГАР САЙХАН ХҮҮ ТӨРҮҮЛЭХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ
1+1 (103.87.255.42)
ЧАМД АВЧ ШИДҮҮЛЭХ ЗАЛУУ ОЛДОХ УУ.