Монголд хөлбөмбөгийн олон улсын тэмцээн болно
- 2018-04-07
- Спорт
- 0

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны IX конгресс болон гүйцэтгэх хорооны 55, 56 дахь их хуралд оролцжээ. Тус хурлаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарыг Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгосон байна. Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа, хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэж, үүнд чухал ач холбогдолтой бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээний хуваарийг баталжээ. Е1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар өгсөн саналыг хэлэлцэхэд Монгол Улс олонхийн санал авч тэмцээний нэгдүгээр шатны тоглолтыг эх орондоо зохион байгуулах боломжтой болсон байна. Энэ оны есдүгээр сард болох уг тэмцээнийг Монголд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зочин тамирчдыг дээд зэргээр хүлээн авахаа МХБХ-ны ерөнхийлөгч илэрхийлжээ.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)