Э.Гэрэлт-Од: Хуульд өөрчлөлт оруулснаар намуудын орлого, зарлагыг хянах боломжтой

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Уг хуулийн төслийн талаар МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.ГЭРЭЛТ- ОДТОЙ ярилцлаа.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус хуулийг шинэчлэх асуудал улс төрийн нам, судлаачдын дунд хүчтэй өрнөж байна. Энэ хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юү?

-Улс төрийн намын тухай хууль намуудыг ил тод бус, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээдэггүй институц болоход нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад хууль үйлчлэхгүй байна. Олон нийт улс төрийн намуудыг илүү хариуцлагатай, нээлттэй болж төлөвшөөсэй гэсэн хүлээлттэй хэвээр байгаа юм. Харамсалтай нь, намууд өнөөдрийг хүртэл нийгмийн хүлээлтэд оновчтой хариу өгөхгүй байгаад асуудал байдаг. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд манай улс Улс төрийн намын тухай хоёр ч хуулийг баталж, мөрдлөө. Улс төрийн намын тухай анхны хуулийг 1990 онд баталж байсан. Түүнээс хойш 15 жилийн дараа буюу 2005 онд уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин одоо нийгэм, улс төрийн, цаг хугацааны хувьд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсчихээд байна.

Нэгдүгээрт, улс төрийн нам гэж юу вэ гэдэг ойлголтоо цэгцлэх шаардлага бидэнд бий. Хоёрдугаарт, улс төрийн намын үүргийг илүү оновчтой болгох хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл улс төрийн намууд нийгмийн өмнө ямар үүрэг гүйцэтгэх ёстой, үүргээ гүйцэтгэхгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхойгүй явж ирсэн. Гуравдугаарт, улс төрийн намуудын зохион байгуулалтыг цэгцлэх шаардлагатай байна. Миний бодлоор улс төрийн намын зохион байгуулалтыг илүү уян хатан, төвлөрсөн бус бүтцийг сонгон зохион байгуулалтын хэлбэрээр шийддэг болгох нь оновчтой. Энэ утгаараа жижиг эсвэл шинээр байгуулагдаж байгаа намууд заавал парлемантад суудалтай эрх баригч юм уу, нөлөө бүхий том намтай адил бүтэц, зохион байгуулалттай байх шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол нь олон нийтийн хүлээлт, нийгмээс урган гарч байгаа хариуцлагаар тодорхойлогдох ёстой. Дөрөвдүгээрт, улс төрийн намын бүртгэлийг шинэчлэх ёстой. Одоо улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэдэг. Шүүхийн байгууллага намуудын үйл ажиллагааг хянадаг, тайланг нь хүлээж авдаг, хариуцлага тооцдог байх ёстой. Тэгэхээр бид олон улсын туршлагад тулгуурлан сонгуулийн байгууллагадаа энэ үүргийг өгч, улс төрийн намуудыг бүртгэдэг, сонгуульд оролцох үйл ажиллагааг нь зохион байгуулдаг, хариуцлага тооцдог, хянадаг болгох хэрэгтэй. Ингэж байж төрөөс улс төрийн намд үзүүлж байгаа үйлчилгээ, хариуцлага хяналтын тогтолцоо сайжирна гэж үзэж байгаа юм.

-Улс төрийн намууд гишүүнчлэлийн хувьд ямар хэлбэртэй байх нь оновчтой вэ?

-Манай улсад 801 гишүүний бүртгэлээр улс төрийн намуудыг бүртгэж байна. Дэлхийн жишигт хоёр төрлийн шалгуур байдаг. Гишүүний тоогоор, нөгөө нь дэмжигчдийн гарын үсгээр. Манайд хоёр дахь хувилбарыг нь хэрэглэдэггүй. Хэрвээ бид улс төрийн намын гишүүнчлэлийг илүү оновчтой, нээлттэй, ил тод болгоё гэвэл гишүүнчлэлийн босгоо зөв тогтоох хэрэгтэй. Харин үүнийг нэмэх үү, бууруулах уу гэдгийг нарийн судлах шаардлагатай юм. Өмнө нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд “Нам байгуулах үед хамгийн багадаа 30-аас доошгүй хүн хуралдаж болно” гэж заасан. Харин улс төрийн сонгуульд оролцохын өмнө нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй байдаг учир 3000-аас доошгүй гишүүнтэй байх ёстой” гэсэн хуулийн төсөл оруулсан ч дэмжлэг аваагүй. Үүнтэй холбоотой нэг асуудал нь “Улс төрийн намын гишүүнчлэлийг сулруулах ёстой, хатуу гишүүнчлэлтэй байж болохгүй” гэж яриад байгаа. Асуудал нь хатуу гишүүнчлэлдээ байгаа юм биш. Нөгөө талаасаа манайд одоо мөрдөж буй гишүүнчлэлийн тогтолцоо хатуу биш. Хатуу гишүүнчлэлийн тогтолцоо гэдэг нь улс төрийн намууд гишүүн элсүүлэхээсээ эхлээд өндөр шаардлага тавьдаг, маш өндөр хариуцлага ногдуулдаг тогтолцоо юм. Гэтэл манайд Үндсэн хуулиараа ч, Улс төрийн намын тухай хуулиараа ч, намуудад ч тийм зүйл байхгүй. Элсье гэсэн хүн бүрийг нээлттэй элсүүлдэг, мөн намын гишүүдийн олонх нь татвар төлдөггүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэгэхээр манайд бодит байдалд хатуу гишүүнчлэл байхгүй. Гишүүнчлэлийг ил тод болгоё гэдэг зарчмын талаар яриахад цөөнгүй хүн байр сууриа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, намд гишүүнээр элсэх нь ямар нэгэн улс төрийн албан тушаал, эсвэл төрийн өндөр албан тушаал хашихад нь саад болно гэж үздэг учир далд байх ёстой гэж ойлгоод байгаа юм. Хэрэв ил болгочихвол намд элсэхдээ айгаагүй, ичээгүй юм чинь намын гишүүн байсныхаа төлөө нуугдах шаардлагагүй болно. Ийм л учраас ил тод байх ёстой гэж байгаа юм. Нөгөө талаасаа улс төрийн намуудын бүртгэл, тооны асуудлыг ил тод болгочихвол гишүүнчлэлийн мэдээллийг бодитой болгох боломжтой. Одоо байгаа нийт сонгогчдын 35 орчим хувь нь намын гишүүн гэж бүртгэгдсэн. Харин ил тод болговол энэ тоо 10 дахин буурах байх. Тиймээс л хуулийг шинэчлэх нь чухал болоод байна.

...Өнөөдрийн парламентын гишүүдийн олонх буюу 65 нь нэг намаас бүрдсэн учир нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж байгаа бол энэ асуудлыг шүүрч аваад шийдэх бүрэн боломжтой. Нийгэмд улс төрийн намыг хариуцлагатай, нээлттэй, ил тод институц болгохын төлөө эрх зүйн орчинд шинэчлэл хийх ёстой гэсэн чин хүсэл байна...

-Улс төрийн намуудын санхүүжилт хардлага дагуулдаг. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр санхүүжилтийг илүү тодорхой болгоно гэж ойлгож болох уу?

-Өнөөдрийн болж бүтэхгүй байгаа зүйлийн хамгийн гол асуудал нь улс төрийнхний хүрээнд эргэлдэж байгаа мөнгө, санхүү, тэдгээрийн үйл ажиллагаандаа зарцуулж байгаа хөрөнгийн тоо хэмжээ юм. Шууд утгаараа бид аль болох бэлэн мөнгөтэй биш олон нийтээс санхүүжилт авдаг, нөгөө талаасаа хамгийн бага байж болохуйц мөнгөөр сонгууль явуулдаг тогтолцоог бий болгох ёстой. Улс төрийн сонгуулиар амьдралаа залгуулдаг олон хүн, байгууллага бий болчихлоо. Энэ нь улс төрийн намуудын санхүүжилтийг улам хөөрөгдөж байна. Жилээс жилд сонгуулийн зардал нэмэгдэж байгаа нь тэд гаргасан зардлаа хаанаас нөхдөг вэ, эсвэл гэдэг асуудлыг дагуулж байна. Тиймээс сонгуулийн зардлыг хамгийн бага хэмжээнд нь аваачиж намуудыг ил тод, хариуцлагатай болгох хэрэгтэй. Үүнд сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилт гээд их өргөн хүрээний асуудал яригдаж байгаа. Одоо шинэчлэх улс төрийн намын тухай хуулиар зөвхөн улс төрийн намтай холбоотой, намыг байгууллагынх нь хувьд санхүүжилтийг нь хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлыг ярина.

-Улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгох талаар яриад байгаа. Энэ хэр оновчтой зохицуулалт вэ?

-Сүүлийн үед төрөөс санхүүжилт олгох асуудлыг ярих болсон. Гэхдээ энэ нь хэсэгчилсэн санхүүжилт гэдгийг ойлгох ёстой. Улс төрийн намын үйл ажиллагааг тэдний улс төрийн дэмжлэгт тулгуурлан санхүүжүүлэх болохоос намын бүх үйл ажиллагааг төрөөс санхүүжүүлэхгүй. Энэ асуудалд улстөрчид нийгэмд буруу ойлголт өгчихсөн. Өнөөдөр ч бид төрөөс хэсэгчилсэн санхүүжилт өгч байгаа. Цаашид ч өгнө. Гэхдээ илүү нээлттэй, хариуцлагатай болгох, татвар төлөгчдийн хөрөнгийг илүү хяналттайгаар зарцуулдаг болох, төрөөс олгож байгаа мөнгө болон улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг бүхэлд нь хянадаг болохгүй бол нам гэдэг байгууллага өөрөө эргэлдэж байгаа мөнгө, улстөрчдийнх нь хүслээс хамаарч нам биш болж байна. Эргээд энэ нь ардчилалд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээний институц болоод хувирчихлаа. Тиймээс бид аль болох улс төрийн намын санхүүжилтийг ил тод, тодорхой болгохын төлөө хуулийн зохицуулалтыг хийх ёстой гэсэн байр сууртай байгаа.

-Намуудыг хариуцлагажуулах талд ямар бодлого баримтлах бол?

-Дараагийн асуудал нь намд хариуцлага тооцох асуудал. Хамгийн наад зах нь намууд үйл ажиллагааныхаа болон санхүүгийнхээ тайланг үнэн, шударга, зөв тайлагнадаг байх ёстой. Тэгэхийн тулд хэрвээ тайлагнаагүй бол санхүүжилтийг нь хязгаарладаг, царцаадаг бодлого хэрэгтэй. Дараагийн зүйл нь улс төрийн намууд сонгуульд өрсөлдөх, олон нийтийн сонирхлыг илэрхийлэх гэж байгуулагддаг. Энэ сонирхлоо биелүүлэхгүй байгаа тохиолдолд улс төрийн нам хэмээх статусыг нь бууруулах замаар олон нийтийн байгууллага руу шилжүүлдэг хэлбэр оновчтой. Улс төрийн хүсэл зорилго, намын өмнө зайлшгүй байдаг функцуудыг биелүүлдэг эсэх нь тодорхойгүй мөртлөө улс төрийн нам гэсэн нөхцөл байдалтай явж ирсэн. Эцэст нь улс төрийн намууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадахгүй байгаа. Түүнчлэн Үндсэн хуулийн эсрэг үзэл санаа илэрхийлж байгаа тохиолдолд улс төрийн намыг татан буулгадаг зарчмыг ярилцах ёстой. Ингэж байж улс төрийн нам хариуцлагатай институц болохгүй бол хөгжлийн гол буглаа нь нам болчихоод байна.

-Намын гишүүдийн хандив, татварын хэмжээг хянах асуудлыг хэрхэн тусгасан бол?

-Нэг зүйлээрээ ойлгомжтой байх ёстой. Энэ хууль хүчин төгөлдөр хэрэгждэг байх ёстой. Бид Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиар сонгуульд нэр дэвшигчид эсвэл улс төрийн намуудад өгч байгаа хандивыг тодорхой хязгаартай заагаад өгчихсөн. Гэхдээ бодит байдалд үүнийг бүрэн хянаж чадахгүй байгаа. Үүнийг хянадаг аргачлалыг бий болгохын тулд санхүүгийнхээ тогтолцоог сайжруулах, улс төрийн намд өгч байгаа хандивыг нээлттэй, ил тод тодорхой механизмаар дамжуулж явуулдаг байх ёстой. Нам өөрөө хандиваа мэдээд авдаг байх юм бол түүн шиг буруу зүйл байхгүй. Тэгэхээр сонгуулийн байгууллага нь тусгай сан үүсгэн данс нээж, тэр дансаараа улс төрийн намуудад өгч байгаа хандивыг нь дамжуулан өгч, хянадаг системтэй байх хэрэгтэй. Энэ бол маш сайн систем. Ингэж чадвал улс төрийн намуудын хандивыг нь бүрэн зохицуулж хянаж чадна. Дээр нь сонгуулийн байгууллага нь улс төрийн намуудын орлого, зарлага, үйл ажиллагааг нь бүрэн хянах боломжтой болно.

-Улс төрд АН, МАН гэсэн хоёр нам давамгай эрхтэй байна. Улс төрийн намын тухай хуулийг батлах болоход танай, манай намын үед шинэчлэхгүй гэж маргалдаад эхэлдэг. Одоо МАН эрх барьж байгаа үед шинэчлэх боломжтой гэж харж байна уу?

-Өнгөрсөн парламентын үед өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцэх явцыг ажиглахад намын эрх мэдэл тэнцүү байх үед харин ч дэмжих магадлал муу байсан. Нэг нэгнээ хардаад суучихдаг юм билээ. Өнөөдрийн парламентын гишүүдийн олонх буюу 65 нь нэг намаас бүрдсэн учир нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж байгаа бол энэ асуудлыг шүүрч аваад шийдэх бүрэн боломжтой. Нийгэмд улс төрийн намыг хариуцлагатай, нээлттэй, ил тод институц болгохын төлөө эрх зүйн орчинд шинэчлэл хийх ёстой гэсэн чин хүсэл байна. Улс төрийн намууд манай, танайх гэхээс илүүтэйгээр Монголын улс төрийн шийдвэрийг гаргадаг хамгийн гол ардчиллыг тээдэг хариуцлагатай институцынхаа хувьд Улс төрийн намын тухай хуульд онцгой анхаарал хандуулаасай гэж хүсч байна.

-Монголд бүртгэлтэй 28 нам байна. Энэ олон намыг цэгцлэх шаардлагатай гэж ярих хүмүүс бий. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Бид олон ургалч үзлийг зөвшөөрсөн, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмд хэн ч нам байгуулж болно. Нам байгуулахад амархан ч, нам байх л хэцүү. Өөрөөр хэлбэл, сонгогчдод өөрийнхөө бодлогыг таниулах, дэмжлэг авах үнэхээр хэцүү. Ер нь 28 намдаа байгаа юм биш. Үүний цаана нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл болох сонгуулийн тогтолцоондоо байгаа юм. Өнөөдрийн байгаа сонгуулийн мажоритар тогтолцооноос улбаатай нөлөө бүхий хоёр нам манайд байна. Уг нь үүнийг илүү задалж өгвөл Монголын улс төрд хэрэгтэй. Тэгэхгүй бол бид хоёр намын системийг төлөвшүүлэхэд нөлөөлдөг сонгуулийн мажоритар тогтолцооны сөрөг нөлөөг хангалттай амсч байна. Бид аль болох холимог тогтолцоо руу явах тусмаа сайн. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой юм.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)