Ц.Дэлгэрцэцэг: Тэсвэр тэвчээр, эр зоригийн нийлбэр нь ТАЕКВОНДО

Аврагч таеквондоч... Чиг үүргийн хувьд хол сонсогдовч хоёуланг нь нэр төртэйгөөр авч яваа хүн бол Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын аврагч- химич, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг юм. Эх орон, хүн ардынхаа аюулгүйн манаанд үүрэг гүйцэтгэж яваа тэрбээр олон улсын таеквондогоор 20 гаруй хичэээллэхдээ дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлж байжээ. Олон улсын хэмжээний мастер зэрэгтэй энэ бүсгүй удахгүй Улаанбаатар хотноо болох олон улсын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ аль хэдийнэ гарчээ. Эмэгтэй хүний хувьд хүнд гэж тодорхойлж болох мэргэжил эзэмшиж, спортоор хичээллэж буй түүнтэй ярилцаж хүсэл мөрөөдөл, зорилгыг нь сонсоод бахархаж байсан юм.

-Буриадад болсон таеквондогийн олон улсын тэмцээнээс алтан медальтай ирж, Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө бэлтгэлээ сайн базааснаа харууллаа. Энэ тэмцээнд оролцсоноор жингийнхээ хүчтэй өрсөлдөгчөө судалж чадав уу?

-ОХУ-ын Улан-Үдэд болсон “Кубок Байкала-2018” тэмцээнд Монгол, Украины тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Азийн аваргын өмнөх сорил гэж хэлж болох тэмцээн байсан учир 400 гаруй тамирчин өрсөлдлөө. Миний хувьд Буриадын олон улсын тэмцээнд дөрвөн удаа оролцож, хоёр дахь алтан медалиа хүртлээ. Би Аврах тусгай ангийн нэрээр тэмцээнд өрсөлддөг. Тэмцээнд оролцоход цалинтай чөлөө олгож, амжилттай оролцуулахын төлөө тусалж дэмждэг хамт олондоо баярлалаа.

-Таны ажил их эрсдэлтэй. Хэдийгээр манай улс тайван амгалан ч аврагч-химичдийн гүйцэтгэх ажил олон бий. Тухайлбал, гоц халдварт өвчний үеэр амрах завгүй ажилладаг байх?

-Аврагч нь дотроо чиг үүргийн хувьд олон төрөлтэй байдаг. Тэдгээрээс би аврагч-химич гэдгээр нь үүрэг гүйцэтгэдэг. Бид химийн бодис тухайлбал, мөнгөн ус алдагдсан тохиолдолд газар дээр нь ажиллаж аюулгүй болгодог. Мөн гоц халдварт өвчний үед ариутгалын ажлыг хариуцдаг юм. Ингэж хэлэхээр хүмүүс миний ажил үүргийн талаар ерөнхий чиг баримжаа авах байх. Би аврагч- химич болоод нэг их удаагүй байна. Өмнө нь биеийн тамирын зааварлагчаар ажиллаж байсан туршлагатай. Ихэнх цагт тэмцээнд оролцох, бэлтгэл хийхээр явчихдаг учир мэргэжлээрээ ажиллах цаг хомс байдаг. Эмэгтэй хүн хийхэд хүнд ч би ажилдаа дуртай.

-Олон улсын таеквондо бол эрсдэлтэй спорт. Олимпын төрөлтэй харьцуулахад хамгаалалт багатай. Ийм эрсдэлтэй спортоор яагаад хичээллэх болсон бэ?

-Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан нь таеквондогоор хичээллэх нэг шалтгаан болсон байх. Дээр нь хүүхэд байхдаа усан спорт, акробатаар хичээллэдэг байсан. 1995 онд таеквондогоор хичээллэхдээ усан спорт, акробатаа хаяхгүй гэж бодсон ч чадаагүй. Түүнээс хойш тасралтгүй хичээллээд одоо олон улсын таеквондогийн шигшээ багийн тамирчнаар тэмцээнд өрсөлдөж байна. Гэхдээ Монголын үндэсний шигшээ багт харьяалагддаггүй. Учир нь, таеквондо Хойд болон Өмнөд Солонгосын гэсэн хоёр урсгалтай. Өмнөд Солонгосын гэж тодорхойлоод байгаа нь олимпын таеквондо юм. Энэ төрлөөр Риогийн олимпод олон улсын хэмжээний мастер П.Тэмүүжин оролцсон. Харин Хойд Солонгост цэргийн буюу арай мэргэжлийн тал руу нь хөгжүүлж байгаа төрөл ордог.

-Дээр дурдсан хоёр төрөл юугаараа ялгаатай вэ?

-Мэргэжлийн, сонирхогчдынхоороо ялгаатай. Сонирхогчдын буюу олимпын таеквондо хамгаалалттай тулалддаг. Мэргэжлийн буюу олон улсын таеквондог кикбокстой адилхан гэж ойлгож болно. Энэ хоёр төрөл дүрмийн хувьд төстэй ч мэргэжлийн таеквондод боксын бээлийтэй тулалддаг учир өрсөлдөгчийнхөө нүүр рүү нь цохихыг зөвшөөрдөг.

-Тэгвэл олон улсын таеквондод бэртэл авах эрсдэл их юм байна шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ би ерөөсөө шантарч байгаагүй. Намайг таеквондогоор хичээллэж эхэлж байх үеийн хүмүүс ачаалал даах чадвартай байсан юм шиг санагддаг. Дээр нь тамирчид хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Хариуцлагатай байх, хүнийг хүн шиг болгож төлөвшүүлж чаддаг спорт бол таеквондо юм. Бид ирэх тавдугаар сард Улаанбаатар хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөр, залуучууд, ахмад насны ангилалд 120 орчим тамирчин оролцохоор өргөн бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Олон улсын таеквондо олон төрөлтэй. Энэ удаагийн Азийн аваргад та аль төрөлд нь өрсөлдөх вэ?

-Ерөнхийдөө таван төрөлтэй. Манайхаас бүх төрөлд оролцож байгаа тамирчин байхгүй. Миний хувьд Азийн аваргын хатуу биет хугалах, сүүдэр тулаан, тулаан гэсэн гурван төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Үүний дээр нэмээд багийн төрөлд оролцоно. Дээхэн үед Хойд Солонгосын тамирчид тэмцээнд илүүрхдэг байсан бол одоо тамирчдын чадвар чансаа хурдан өсч байна. Тиймээс тэр нь хүчтэй гэж тодорхойлоход барьцгүй болчихжээ. Манай улсын тамирчдын хувьд ч ур чадвар, техникээрээ олон улсад танигдаж байна. Тэмцээнд оролцсон тамирчид медальгүй ирдэггүй нь бидний ур чадвар нэмэгдэж байгааг илтгэх байх.

-Тамирчдын нас залуужиж байна. Та спортын карьераа өндөрлүүлснийхээ дараа дасгалжуулагчаар ажиллах уу?

-Бодсон зүйл бий. Юу ч гэсэн зорилгодоо хүрээд дэлхийн хошой аварга болъё. Дэлхийн аваргын тэмцээн ирэх жил Ливерпүлд болно. Одооноос дэлхийн хошой аварга болохын төлөө бэлтгэлээ хийж байна. Үүний дараа олон улсын шүүгч болох зорилготой. Удахгүй болох Азийн аваргын дараа олон улсын шүүгчийн сургалтад сууж, шалгалт өгнө. Шалгалтдаа тэнцвэл дэлхийн аваргын дараагаас олон улсын шүүгчээр ажиллах юм.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Одоогоор 18 улс мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ нь Азийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнээс илүү өргөн цар хүрээтэй болно гэсэн үг. Хамгийн асуудалтай зүйл нь бид тэмцээн зохион байгуулах заалаа шийдвэрлэж амжаагүй байна. “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулах гэтэл захиалгаа бүр эртээс өгөх ёстой байж. Бид түүнийг нь мэдэлгүй туршлагагүйтсэн. Гэхдээ энэ том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авч чадсан юм чинь заалаа ч гэсэн зохицуулж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна.

-Тулааны спортоор хичээллэж байгаа хүмүүс анхандаа биеэ хамгаалж сурах зорилготой байдаг. Таеквондогоор хичээллэхэд өөр ямар ач холбогдолтой вэ? 

-Эрүүл, чийрэг болно. Хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан болдгоороо ач холбогдолтой. Хамгийн гол нь хүнийг хүмүүжүүлдэг. Таеквондогоор хичээллэхээр ирж байгаа хүүхдүүдээс яагаад энэ спортыг сонгосныг асуухад олонх нь “Дээрэлхүүлдэг болохоор биеэ хамгаалж сурна. Эсвэл хэн нэгнээс хариугаа авна” гэж хариулдаг. Таеквондогоор хичээллээд хэсэг хугацаа өнгөрсний дараа асуухад хариулт нь өөрчлөгдчихсөн байдаг. Зодоон хийх биш хэрхэн зөв ойлголцох талаарх бодол ухамсарт нь суусан байдаг юм. Таеквондо нь тэсвэр тэвчээр, өөрийгөө хянах чадвар, эр зоригийн нийлбэр юм.

-Та бүхний бэлтгэлийг хэн хангаж байна вэ?

-Зөвлөх багшаар Хойд Солонгосын Чон Ши Хуан ажиллаж байна. Энэ хүн 1991 онд Монголд ирж олон улсын таеквондог үүсгэн байгуулсан. Найман дантай, мастер багш л даа. Сүүлийн хэдэн жил Монголд ажиллаж, амьдарч байна. Мөн шигшээ багийн дөрвөн дасгалжуулагч биднийг Азийн аваргад бэлтгэж байна. Чон Ши Хуан багш бэлтгэл сургуулилтын үед биднийг ямар хариу цохилт хийхэд их анхаардаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч тамирчны хийдэг цохилт, арга техникийг судалж ямар хариу өгөх талаар зааварладаг юм.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)