П.Идэржавхлан: Насныхаа хайрыг, ханийг зөв сонгож чадвал амьдралдаа хийж бүтээж чадахгүй зүйл гэж үгүй…

-Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр таны “Энэ насны хайр” гурав дах бие даасан тоглолт болно. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна?

-Яг л сайхан жигдэрээд, маш олон байгууллага тусалж дэмжээд явж байна. Энэ удаагийн тоглолт дээр “Анир” студи, “B sound” продакшнтай хамтран ажиллаж байгаа. Тоглолт гэдэг зүгээр нэг хэдэн дуу дуулаад өнгөрөх нэр биш, дэлхийн хэмжээний том тоглолттой дүйцэхгүй юмаа гэхэд тэр стандартад нийцэх тоглолт тавихын төлөө баг хамт олноороо хичээж явна. Өмнөх хоёр тоглолт 100 хувь амьд хөгжимтэй болсон, энэ удаа ч мөн адил. Цаг зав гаргаад ажил төрөлөө зохицуулаад ирсэн үзэгчдэд сэтгэлийн таашаал өгч урлагийн сонин содон сайхан зүйлийг харуулсан тоглолт хийхийг зорьж явна даа.

-“Энэ насны хайр” дуугаа эхнэртээ зориулсан. Тоглолтооч мөн адил уу?

-Хоёр хүүхдийн минь ээж гэрийг минь гийгүүлж амьдралын минь түшиг тулгуур болсон эхнэртээ зориулж энэ дуугаа хийсэн. Тоглолтоо ч ханьдаа зориулан хийж байна. Дээрээс нь монголынхоо залууст энэ насныхаа ханийг зөв сонгож сайхан амьдрал бүтээгээрэй гэдэг мессежийг хэлэхийг хүсч байна. Хүн нэг насныхаа хайрыг, ханийг зөв сонгож чадвал амьдралдаа хийж бүтээж чадахгүй зүйл гэж үгүй.

-Танай үеийнхэн их нийтэч нөхөрсөг уран бүтээлчид шиг харагддаг. Нэг нь тоглолтоо хийхэд бүгд л ирээд яг л өөрөө тоглолт хийж байгаа юмшиг сайхан бүтээл үзүүлдэг…?

-Тийм шүү. Энэ удаа ч мөн адил нэгэн үеийн сайхан найзууд минь бүгд оролцоно. Бид яг одоо хэн нь ямар дуугаа ямар найруулагтайгаар яаж үзэгчдэд илүү кайф мэдрүүлж хүргэх вэ гэдэг талаас нь ярилцаад явж байна. Тэр утгаараа тэр тэр орно гэж нэрлэхгүй байгаа, нууц. /инээв/

-Таны дуулсан “Ижий энтэй эгч” дуу ард түмний сэтгэлд хоногшсон сайхан бүтээл болж чадсан. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?

-“Ижий энтэй эгч” дуу оюутан П.Идэржавхлан хүмүүст таниулсан бүтээл. Ш.Гүрбазар ахтай тоглолтоор хөдөө явах аз завшаан тохиосон. Гүрээ ахын эгчийг багад нь айлд өргүүлсэн, Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэгээрээ эгчийгээ хайгаад олоогүй юм билээ. Тэр хүн эгчийгээ байнга бодож явдаг болохоор “Ижий энтэй эгч” дууны үгийг бичиж надад өгсөн. Ингээд Цэн.Эрдэнэбат ах аяыг нь хийж “Анир” студи дээр “Ижий энтэй эгч” мэндэлж байсан түүхтэй. Ертөнцийн бодит болон бодит бус бүхий зүйл өөрийн түүхтэй. Дуу төрсөн бүтсэн түүх, өгүүлсэн утга санаагаараа хүнд янз бүрийн мэдрэмж, сэдэл өгч байдаг. Сонсоод л баймаар, эсвэл дуулаад баймаар, магадгүй дагаад дуулмаар дуу бий.

-Дууныхаа клип дээр их ач холбогдол өгч ажилладаг харагддаг?

– Клипний маань өнгө төрх зохиол дээр “2B” студийн Баясаа маань ажилладаг. Хүнд өгөөжтэй зүйлийг харуулахыг зорьдог.

-Тоглолтын хамгийн гоё хэсэг юу байх бол…?

-Ханьтайгаа нийлж нэг сайхан дууг дуулна. Шинэ жилээр бид хоёр санаандгүй “Энэ тухай” дууг хамт дуулсан юм. Тэгсэн манай найзууд та хоёр тоглолтон дээрээ хамт дуулаач гэдэг санал тавьсан. Тэгээд эхнэрээсээ гуйгаад хоёулаа тоглолт дээр дуулья гээд гурван дууг санал болгосон. Манай хүн хэрвээ би чамтай хамт дуулах бол энэ дууг л дуулья гэж боддог юмаа гээд өөрийн саналаа хэлсэн юм. Удахгүй клип нь гарна.

-Таны эхнэр Х-ТҮЦ пропакшны жүжигчин Онон буюу Ооноо гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх?

-Тийм ээ. Бид хоёр оюутан ахуй цагаасаа үерхэж нөхөрлөөд амьдарч байгаа урлагийн нэгэн гэр бүл . Миний хань надад хоёр сайхан үрийг минь төрүүлж өгсөн мундаг эмэгтэй. Бид хоёр адилхан урлагийн хүмүүс учраас бие биенийхээ ажил мэргэжлийг хүндэтгээд аль болох нэгэндээ тус дэм болохыг зорьдог юм.

-Ярилцсанд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (0)