Б.Батням: Уургаа хөлсөөрөө гадагшлуулж чадахгүй бол дотор эрхтнүүдэд сөрөг нөлөөтэй

 

Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.БАТНЯМТАЙ уургийн зохистой хэрэглээ болон хэдхэн хоногийн дараа болох тэмцээнийх нь талаар ярилцлаа. Тэрбээр 1995 оноос энэ спортоор хичээллэж, өдгөө “Динамик” клубийн захирлаар ажиллаж байна.

-Сүүлийн үед залуучууд бодибилдинг фитнессээр эрчимтэй хичээллэж байна. Тиймээс ярилцлагаа энэ спортоор хичээллэхийн ач холбогдлоос эхэлье?

- Бодибилдинг фитнессээр хичээллэснээр хүн өөрийгөө ялан дийлж чаддаг. Бусад спортын төрлийн хувьд өрсөлдөгч нь нэг баг эсвэл тамирчин байдаг бол бид өөрөө өөртэйгөө тэмцэж тэсвэр тэвчээртэй болдог. Мөн өөрийгөө удирдаж, бүх зүйлийг төлөвлөж сурна. Энэ спортыг мэргэжлийн төвшинд эзэмшиж “хоолоо олж идэж байгаа” тамирчин Монголд бараг байхгүй. Ажил, сургууль, гэр бүл гээд бүхий л зүйлээ зохицуулж байж спортоор тууштай хичээллэдэг. Гэтэл ингэлээ гээд үнэлэмж нь ямар билээ. Монголд ямар байдалтай байгааг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Өнөөдөр фитнесс клубийн тоо олширч хичээллэх сонирхолтой хүн нэмэгдсэн ч тамирчдад олгодог тэтгэмж байхгүй. Үнэхээр сайн хичээллээд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж медальт байрт шалгарлаа гэхэд дээд тал нь 500 мянган төгрөгийн шагнал авч байна шүү дээ.

-Энэ спортоор хичээллэсэн зарим хүн “донтчихдог”. Ямар ч ажилтай байсан зааландаа ирж бэлтгэл хийхгүй бол санаа нь амардаггүй. Тэднийг ингэж дурлахад юу нөлөөлдөг юм бол?

-Хүн бол биологийн амьтан. Хөдөлгөөн хийхгүй байж болдоггүй. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөн хийхгүй байх тусам хүн ядардаг. Тийм мэдрэмж төрөхөөр нь хэвтчихдэг. Үүнээс шалтгаалан хөдөлгөөн багассанаар таргалах нэг шалтгаан болдог юм. Бодибилдинг фитнессээр сар хичээллээд энэ спортод дурладаггүй. Дор хаяж тасралтгүй гурван сар хичээллэсний үр дүнд хүний бие организм сэргэдэг. Бодисын солилцоо сайжирснаар нойр нь хулждаг байсан бол хэвийн болно. Үүнийг дагаад хүнсний бүтээгдэхүүний сонголт, хэрэглээ нь өөрчлөгддөг. Үүний дээр багш дасгалжуулагч нь тухайн хүнд тохирсон бэлтгэлийн цагийг тодорхойлж хэрхэн хооллох талаар зөвлөдөг. Сүүлийн үед бодибилдинг фитнессээр хичээллэхээр ирж байгаа хүмүүсийн олонх нь илүүдэл жингээ хаяхаар хандах болжээ. Тиймээс мэргэжлийн хүний заавраар дасгал хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салж чаддаг юм. Ингэж амьдралаа зөв хэмнэлд оруулснаар зүрх судасны үйл ажиллагаа сайжирна. Үүний дүнд тухайн хүн сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлтэй болж эерэг өөрчлөлт гардаг. Мөн орчноо өөрчилж, танилын хүрээгээ тэлэх боломжтой.

 

Алдсан энергээ хоол хүнсээрээ нөхөж чадахгүй бол уураг хэрэглэх ёстой

-Бодибилдинг фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн уургийн зохисгүй хэрэглээ сүүлийн үед эмч нарын санааг зовоосон асуудлын нэг болоод байна. Ер нь энэ спортоор хичээллэж байгаа хүн заавал ч үгүй уураг уух шаардлагатай байдаг юм уу?

-Спортоор хичээллэж байгаа хүмүүс уураг хэрэглэж болно. Хамгийн гол нь зүй зохистой хэрэглэх ёстой. Фитнессээр хичээллэхээр ирж байгаа хүмүүсийн олонх нь дөнгөж орж ирээд л “Ямар юм уувал гоё цээжтэй болох вэ. Илүүдэл жингээ хурдан хаях уу” гэж асуудаг. Үүний оронд хүн хамгийн түрүүнд бэлтгэлээ зөв хийж сурах хэрэгтэй. Дараа нь алдаж байгаа энергиэ юугаар нөхөхөд анхаарал хандуулбал зөв дараалал болно. Алдсан энергиэ хоол хүнсээрээ нөхөж чадахгүй бол уураг хэрэглэх ёстой. Уураг бол нэмэлт тэжээл юм. Хүн уургийг хэрэглэхдээ бэлтгэл хийж байгаа ачаалалдаа тааруулан хэрэглэнэ. Гэтэл залуучууд уургийг тамирчин шиг хэрэглэх гээд байдаг. Тамирчид тодорхой хугацаанд бэлтгэл хийж ачааллаа нэмэх бүртээ нэмэлт бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглээд сурчихдаг. Хэдхэн сар хичээллэж байгаа хүн өөрийгөө тэдэнтэй дүйцүүлэн бодох нь хамгийн буруу. Бас харагдах үзэмжээс нь шалтгаалж уургийг замбараагүй хэрэглээд байна. Бодибилдингээр олон жил хичээллэсэн хүний биеийн хөгжил өв тэгш. Нэг ёсондоо тамирчны олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэвчээрийн дүнд олж авсан “бэлэг” гэж хэлж болно. Түүнээс биш өдөр шөнөгүй уураг уугаад биеийн булчин нь жигд хөгжихгүй.

-Уургийг зохисгүй хэрэглэх нь хүнд ямар аюултай вэ?

-Уураг, нэмэлт бүтээгдэхүүнүүд химийн гаралтай байдаг. Үүнийг хүн хөдөлгөөн хийж хөлсөөрөө гадагшлуулах ёстой. Өөрөөр хэлбэл, биед нэмэлтээр орж ирсэн амин дэмийг биеийн булчингаа жигд ажиллуулж байж шингээнэ. Бэлтгэл сургуулилт хийхгүй мөртлөө уураг уух нь хүн өөрийгөө хорлож байгаатай адил юм. Биед орсон нэмэлт бүтээгдэхүүнээ хөлсөөрөө гадагшлуулж чадахгүй бол биед уургийн илүүдэл бий болно. Элэг, бөөрөнд ачаалал өгнө. Биеэс гадагшлуулаагүй уургийн тунадас яс, үе мөчинд нөлөөлдөг. Ер нь дотрын бүх эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс бэлтгэл хийхгүй үедээ уураг уух шаардлагагүй.

Уураг ууснаар булчингийн ажиллах чадвар сайжирдаг ч зүрхний үйл ажиллагааг дэмждэггүй

-Ямар ч суурь өвчингүй мөртлөө залуучуудын дунд цус харвах тохиолдол нэмэгдсэн нь уургийн зохисгүй хэрэглээтэй холбоотой гэж зарим эмч үзэж байна. Ийм нөхцөл үүссэн байх боломжтой юу?

-Судас тэлэгчтэй бүтээгдэхүүнүүд гэж байдаг. Тэдгээрийг хэрэглэснээр зүрхэнд ирэх ачаалал нэмэгддэг. Залуучуудын олонх нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг шууд авч хэрэглэж байна. Энэ нь залуучуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Зүрхний эмч нар 25-35 насныхны дунд өвчлөл их байна гэдэг. Тэр дундаа бодибилдинг фитнессээр хичээллэж байгаа залуус хамгийн эрсдэлт бүлэгт багтаж байна гэж ярьсан. Энэ нь уургийн зохисгүй хэрэглээтэй холбоотой. Уураг ууснаар булчингийн ажиллах чадвар сайжирдаг ч зүрхний үйл ажиллагааг дэмждэггүй. Харин ч зүрхэнд хэт их ачаалал өгснөөр эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй болчихоод байгаа юм. Тиймээс үүнийг анхааралдаа авч зохицуулахгүй бол аюултай.

-Хүмүүсийн уураг уух эрэлт хэрэгцээг далимдуулан чанартай, чанаргүй нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг бүлэглэл бий болсон юм биш байгаа гэсэн хардлага байна. Мөнгөтэй л бол хүн хаанаас ч уураг авч уух боломжтой байна шүү дээ?

-Уураг оруулж ирж байгаа асуудалд мэргэжлийн хяналт болон эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ явуулчихсан байгаа. Хяналт тавина гэдэг нь хорьж цагдахын нэр биш. Бид уургийг зөв зохистой хэрэглэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаа юм. Мэргэжлийн хяналтын газарт өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар уулзалт зохион байгуулсан ч нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг байгууллагын төлөөллүүд ирээгүй. Уургаас гадна тураах бүтээгдэхүүний талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Гаднаас янз бүрийн тураах цайг оруулж ирж байна. Тэдгээр нь хүнийг хоолны дуршилгүй болгодог. Өөх нэг талаараа хүний эрчим хүч. Бие организм өөхөө “идээд” ирэхээр жин хасдаг. Энэ үед хүний дархлаа суларч ядарна. Харин тураах бүтээгдэхүүнээ хэрэглэхээ болихоор өмнөхөөсөө илүү жин нэмдэг. Учир нь, хүний бие организм өөрт хэрэгтэй зүйлээ нөөцлөөд авчихдаг.

-Зарим тураах цай хүний бие организмыг сэргээдэг. Найрлагад нь зүрх судасны үйл ажиллагааг нэмэгдүүлэх бодис орсон байдаг болов уу?

-Хэрэглэж байгаа үед богино хугацаанд бие, сэтгэлийг сэргээдэг бодис байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, миксагрипп ханиаданд уудаг эм мөртлөө богино хугацаанд хүний биеийг сэргээдэг найрлагатай.

 

Хүмүүс эрүүл мэндээ анхаарч үүргэвчээр оруулж ирсэн баталгаагүй уураг авч хэрэглэхгүй байх нь чухал

-Манай улсад оруулж ирж байгаа уургуудаас аль нь сайн, монгол хүний биед тохирсон байдаг вэ?

-Америк, Хонконг, Хятадын өмнөд хэсэг, Малайз, Герман, Канад гэх мэт газраас оруулж ирж байна. Эдгээрээс дийлэнхдээ Америк, Хонконг, Герман гол нийлүүлэгч. Дээр нь үүргэвчтэй ирж байгаа хүмүүс уургийг маш их хэмжээгээр оруулж ирж байгаа. Ийм нийлүүлэлт албан ёсоор оруулж ирж байгаагаас илүү байгаа байх. Хамгийн эрсдэлтэй нь ингэж үүргэвчээр оруулж ирж байгаа уурагт хяналт тавих боломжгүй. Ялангуяа фэйсбүүкээр “Уураг худалдана” гэсэн мэдээлэл хэдэн арваар нь тавьж байна. Уг нь хүмүүс эрүүл мэндээ анхаараад үүргэвчээр оруулж ирсэн баталгаагүй уураг авч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тэгээд ч бодибилдинг фитнессээр хичээллэж байгаа хүн эхний 3-6 сар уураг хэрэглэх шаардлагагүй. Учир нь, эхний үеийн бэлтгэлийн ачаалал бага байдаг.

-Уг нь илүүдэл жин, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг хүмүүс фитнессээр хичээллэдэг. Гэтэл хүний өөрийн буруу хэрэглээнээс болж эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохироод байна шүү дээ?

-Үнэндээ үеийнхнээсээ нэг алхам өмнө яваа залуучууд спортоор хичээллэдэг. Уг нь бодибилдинг фитнесс маш гоё спорт. Гэтэл дээр хэлсэн зүйлээс шалтгаалж энэ спортын нэр хүнд унаж байна. 

-Уураг уухгүйгээр хоол тэжээлээрээ энергиэ нөхөх боломжтой юу?

-Боломжтой. Хоол тэжээлдээ олон төрлийн амин дэм, уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болно. Ялангуяа хүнсний ногоо, жимс жимсгэнэ хүнсэндээ оруулах хэрэгтэй. Ерөнхийдөө хоолны нэр төрлөө олшруулах ёстой юм. Түүнийгээ бага хэмжээгээр идэж хэвших нь чухал. Учир нь, ходоодыг хоосон байлгаж болохгүй.

 

Өөх үүсгэдэг гол зүйл нь давс

-Давсны хэрэглээг багасгах нь илүүдэл жингээ хаяхад нөлөөлдөг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Өөх үүсгэдэг гол зүйл нь давс юм. Гурван цагаан хорын хэрэглээг багасгаж чадвал илүүдэл жинтэй болохоос сэргийлж чадна. Хүнсний бүтээгдэхүүн бүрт хүний биед ашигтай амин дэм бий. Хүмүүс сүүлийн үед төмс идэхээ больж байна. Яг үнэндээ төмсийг хүнсэндээ хэрэглэх л ёстой.

-Уургийг хэтрүүлэн хэрэглэх нь хүний генд хүртэл нөлөөлдөг гэдэг. Охид бүсгүйчүүд сайхан биетэй болохын тулд уураг хэрэглэдэг. Тэгэхээр энэ нь илүүдэл жинтэй байхаас илүү аюул дагуулаад байгаа юм биш биз?

-Би эмч эсвэл судлаач биш. Гэхдээ эмч нарын ярьж байсныг сонсоход уураг хэтрүүлэн хэрэглэх нь хүний генд нөлөөлөх магадлал их байдаг гэсэн. Үүнээс гадна жин хасна гэвэл юу ч хэрэглэхээс татгалзахгүй хүн олон болж. Жин хасахад анхааралтай хандах хэрэгтэй. Хүн эрүүлээр жин хасч байгаа бол сард 7-8 килограмм турж болно. Харин 10-аас дээш килограммаар жингээ хаяад ирвэл эрүүл бус буюу биедээ сөрөг нөлөө үзүүлэх зүйл хэрэглээд байна гэж ойлгож болно. Үүнийг 1970- 1980-аад оны тамирчдын биеийн байдлаас харах боломжтой. Тамирчдын жинг хасахын тулд саунд түгжчихдэг. Саунаас гарч ирэхдээ гар хөл нь татаад гарч ирдэг байсан. Үүнээс болоод ахмад тамирчдын эрүүл мэнд ямар байгаа билээ. Дээр дурдсан аргаар тураах төвүүд хүмүүсийн жинг хасдаг байсан тал бий. Битүү хувцас өмсүүлж байгаад ус уулгалгүй идэвхтэй хөдөлгөөн хийлгэх нь буруу. Уг нь ус хүний биед өөхөн давхарга үүсэхээс сэргийлдэг. Гэтэл ус уулгахгүй дасгал хийлгэвэл хүний бие шингэнээ алдана. Өөрөөр хэлбэл, хүний биед байх ёстой шингэнээс авч өөр зүйлд хэрэглээд байна гэсэн үг. Бие дэх шингэнээ алдаж байгаа хүний жин багасч таарна. Тэгэхээр түүнийгээ турааж байна гэж ойлгуулдаг. Үүнээс болоод хүн бөөрний дутагдалд орох аюултай.

Судас тэлэгчтэй бүтээгдэхүүнүүд гэж байдаг. Тэдгээрийг хэрэглэснээр зүрхэнд ирэх ачаалал нэмэгддэг. Залуучуудын олонх нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг шууд авч хэрэглэж байна. Энэ нь залуучуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Зүрхний эмч нар 25-35 насныхны дунд өвчлөл их байна гэдэг. Тэр дундаа бодибилдинг фитнессээр хичээллэж байгаа залуус хамгийн эрсдэлт бүлэгт багтаж байна гэж ярьсан. Энэ нь уургийн зохисгүй хэрэглээтэй холбоотой.

-Тэгвэл дасгал хийх үед шингэн юм ууж болохгүй гэдэг нь худлаа байх нь ээ?

-Тийм. Дасгалын үед шингэн юм уух ёстой. Шингэнээ алдаад байвал хүний арьс, үс, хумс юу болох билээ. Хар ухаанаар бодоход л эрсдэлтэй байгаа биз дээ.

-Сүүлийн үед кросс фитнесс, спиннингээр хүмүүс хичээллэж байна. Бас л нэлээд ачаалал өгдөг дасгалтай?

-Эдгээрээр хичээллэж болно. Гэхдээ хэт ачаалалтай бэлтгэл хийхээс өмнө биедээ дасгах шаардлагатай. Юуны түрүүнд уламжлалт фитнессээр хичээллэх хэрэгтэй юм. Үүний дараа спиннингээр хичээллэх ёстой. Ингэж шат дамжлагатай байвал илүүдэл жингээ эрүүлээр хаяна. Дээр нь илүүдэл жингээ хасах сонирхолтой хүмүүсийн дунд бооцоот уралдаан зохион байгуулж байна. Энэ нь эрүүл мэндээ золиослон ашиг олоход хүргэдэг юм болов уу. Хамгийн гол нь хэт богино хугацаанд жин хасах эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Хүүхдийг багаас нь өв тэгш биеийн хөгжилтэй болох суурийг тавих зорилгоор тэмцээнд шинэ төрөл нэмсэн

-Бидний ярилцлага уургийн зохистой хэрэглээний талаар өрнөлөө. Одоо удахгүй болох тэмцээний хүрээнд мэдээлэл өгөөч?

-Дөрөвдүгээр сарын 22-нд улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаа хүүхдийн фитнессийн төрлийг шинээр оруулж ирж байгаагаараа онцлогтой болно. 7-13 насныхан энэ төрөлд өрсөлдөнө. Охид долоо, хөвгүүд найман наснаас тэмцээнд оролцоно. Хүүхдийн фитнесс төрлийг бид Азидаа анх удаа зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Энэ төрлийг Америк болон Европт түлхүү хөгжүүлсэн. Улсын аваргын эхний байруудад шалгарсан хүүхэд дэлхийн аваргад өрсөлдөнө. Хүүхдийн фитнессийг хөгжүүлэх болсон нь шалтгаантай. Учир нь, манай улсын хүн амын дунд илүүдэл жинтэй хүн олон байна. Тиймээс ирээдүйн монгол иргэдийг багаас нь өв тэгш биеийн хөгжилтэй болох суурийг тавих зорилгоор энэ төрлийг улсын аваргадаа нэмсэн. Түүнээс биш ашиг хонжоо харсан зүйл байхгүй.

-Энэ тэмцээний дараа Улаанбаатар хотод Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээний бэлтгэлийг хангаж амжсан уу?

-Дөрөвдүгээр сарын 27-нд тивийн аваргыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Азийн аваргыг бид эх орондоо гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм. Энэ тэмцээний үеэр Азийн бодибилдингийн холбооны сонгууль болно. Мөн мэргэжлийн тамирчдын тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Н.Дорж оролцоно. Тэр өнгөрсөн жил мэргэжлийн тамирчны картаа авсан. Эдгээр тэмцээнийг үзэх гурван багц тасалбар 50 мянган төгрөгийн үнэтэй. Харин тус тусад нь үзэх бол 20 мянган төгрөгийн тасалбар бий.

-Саяхан бодибилдинг фитнессийн клубүүдэд эрүүл мэндийн даатгалаар 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломжтой талаар мэдээлсэн. Ямар клубт хичээллэвэл энэ хөнгөлөлтөд хамрагдах вэ?

-Биеийн тамирын тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнд фитнессээр хичээллэх хүмүүст эрүүл мэндийн даатгалаар төлбөрийг хөнгөвчилж болно гэсэн утгатай заалт оруулсан. Үүнийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. Түүнээс өмнө магадлан итгэмжлэлийг шинэчлэх ёстой. Мөн фитнесс клубийн стандартын асуудлыг ярих ёстой болно. Түүнчлэн фитнессээр хичээллэх хүсэлтэй хүний төлбөрийн хэдэн хувийг эрүүл мэндийн даатгалаар чөлөөлөх талаар тогтоогүй байгаа. Тэгэхээр одоогоор энэ ажил тодорхой болоогүй гэж ойлгох хэрэгтэй.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)