Б.Баттулга: Үзүүлбэрээ дуусгаад хүмүүсийн нүдэнд гэрэлтэх аз жаргалыг мэдрэх сайхан байдаг

Алсын Америкт эх орныхоо нэрийг цуурайтуулж буй Монголын циркийн урлагийнхны нэгэн төлөөлөгчтэй ярилцлаа. Түүнийг “Авьяаслаг америкчууд” шоуны Ноён хүчтэн нэрээр нь монголчууд андахгүй. Таван метр урт, 40 килограмм модоор наадах Б.БАТТУЛГА хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн циркийн урлагт хөл тавьсан уран бүтээлч юм.

мерикчууд” шоунд оролцсоноор тань монголчууд таныг мэдэх болсон. Энэ шоунд оролцох хүсэл эрмэлзлийг тань юу бадраав?

- “Авьяаслаг америкчууд” шоунд оролцож байхад монголчууд маань чин сэтгэлээсээ дэмжсэнд талархдаг. Энэ шоунд оролцох хүсэлтээ ирүүлсэн 10 мянган авьяастны бичлэгээс шилдэг 200 үзүүлбэрийг сонгож эхний шалгаруулалтад оруулдаг юм билээ. Дэлхийд алдартай шоу нэвтрүүлгийн шилдэг 80 оролцогчийн нэг болж, хоёрдугаар шатны шалгаруулалтад үзүүлбэрээ үзүүлсэндээ сэтгэл хангалуун байдаг.

-Ингэхэд та АНУ-д ямар тохиолоор хөл тавьсан юм бэ. Хэддэх жилдээ амьдарч байна?

-Би спортын олон төрлөөр хичээллэх хүсэл, эрмэлзэлтэй хүүхэд байлаа. Монголын гимнастикийн холбооны ахлах дасгалжуулагч Д.Энхтүвшин багшийн удирдлага дор акробатаар хичээллэж эхэлсэн. Мөн балетмейстр Д.Дашлхагва багшийн “Grands Pas” студид 2007 онд циркийн урлагаар хичээллэж байхад АНУ-ын алдартай “Ringling Bros and Barnum & Bailey” циркийн мэргэжилтнүүд ирж, дөрвөн жилийн гэрээгээр ажиллахыг санал болгосон. Энэ шугамаар АНУ-д 2009 онд анх хөл тавьж билээ. Тус циркт 20 улсын 150 гаруй жүжигчинтэй хамтран ажиллаж, АНУ-ын 40 мужийн 120 хотоор аялан тоглож, эх орныхоо нэрийг дуурсгаснаараа бахархдаг. Гэрээгээ дуусгаад Чикаго хотод суурьшиж, “MSA” циркт багшилж байна.

-Монголын циркийн урлагийн алтан үеийнхнээс эхлээд шилдэг уран бүтээлчид АНУ-д ажиллаж амьдардаг. Та нар холбоотой байдаг уу?

-Монголын циркийн урлагийг ид мандаж байх үед ажиллаж, уран бүтээлээ туурвисан олон сайхан жүжигчин АНУ-д амьдарч байна. Бид үргэлж холбоотой байж, хамтран уран бүтээл туурвидаг. Эх орныхоо нэрийг холын АНУ-д цуурайтуулж байгаа циркийн сор болсон уран бүтээлчдийг нэрлэвэл урт жагсаалт гарна. Тухайлбал, Монте-Карлогийн олон улсын циркийн наадмаас “Мөнгөн алиалагч” шагналыг 1987 онд эх орондоо анх удаа авчирсан Монгол Улсын гавьяат жүжигчин Я.Оюунчимэг эгч Чикагогийн “Actors Gymnasium” сургуульд, нэрт хөгжмийн зохиолч З.Хангал агсны гэргий, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг Сент-Луис хотын “Harmony” циркт, Монголын шилдэг акробатчийн нэг Х.Эрдэнэчимэг Миннесота мужийн “Juventas” циркийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Мөн 1980-аад оны Монголын уран нугаралтын нэрт төлөөлөгч, гавьяат жүжигчин Б.Энхцэцэг багштай хослон нугарч байсан А.Отгонцэцэг Лас-Вегас хотод уран нугаралтын студи нээгээд байна. Би эдгээр уран бүтээлчээс зөвлөгөө авч, сургуульдаа зочин багшаар урьж хичээл заалгадаг юм. АНУ-д анх хөл тавьсан монгол уран бүтээлчдэдээ ахмад үеийнхэн маш их тусалдаг.

-Америкийн циркийн урлагт монгол уран бүтээлчдийн оруулсан хувь нэмрээс дурдвал?

-Америкийн циркийн урлаг бол үндэстнүүдийн өв соёлыг нэгэн тайзнаа багтааж, олон улсын уран бүтээлчдийг нэгтгэдгээрээ онцлогтой. Энэ том тайзнаа Монгол Улсын нэрийг өндөрт өргөж, бусад үндэстнээс ялгарна гэдэг амаргүй. Гэхдээ манай циркийн алтан үеийнхэн Монгол гэдэг нэрийг уран бүтээлчидтэй нь дархалж үлдээсэн гавьяатнууд юм. Анх 1991 онд Монголын циркийн 20 жүжигчин, Үндэсний дуу бүжгийн чуулгын 20 бүжигчин АНУ-д гэрээгээр очиж ажилласан юм билээ. Тэдний үзүүлбэр америкчуудыг алмайруулж, Монголын уран бүтээлчид ямар чадварлаг болохыг хүлээн зөвшөөрүүлсэн. АНУ төдийгүй дэлхийн циркийн урлагт монголчуудын оруулсан хамгийн үнэтэй, дахин давтагдашгүй өв бол уран нугаралт. Аль ч орны циркчид уран нугаралтын үзүүлбэрийг монголчуудаас илүү үзүүлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг болжээ.

-Уран нугаралт, агаарын гээд олон хүнд үзүүлбэрээрээ монгол циркчид алдартай. Дэлхийд данстай монгол циркчдийн нэгэн төлөөлөл байх нь нэр хүндээс гадна юуг танд илүү мэдрүүлдэг вэ. Ер нь эх орноо уран бүтээлээрээ сурталчлахын сайхан нь юунд оршдог вэ?

-Цаг хугацаа, хөлс хүчээ шавхан байж боловсруулсан үзүүлбэрээ үзэгчдэд хүргэж, нижгэнэсэн алга ташилтаас урам авдаг. Хүний нутагт эх орноороо овоглон тайзнаа гарах нь төрийн шагналаас үнэтэй бас хариуцлагатай байдаг. Үзэгчид болон хамтран ажилладаг циркчдийн өмнө өөрийн нэр төрөөс илүү Монгол Улсын нэр хүндийг алдахгүй байхыг эрмэлздэг юм.

-Таван метр урт гуалинтай үзүүлбэр тань гайхалтай санагдсан. Гэхдээ “Яаж ийм хүнд гуалингаар “наадаж” болдог байна аа” гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун. Энэ үзүүлбэрээ удаан бэлтгэж үзэгчдийн хүртээл болгосон уу?

-Би энэ үзүүлбэртээ хайртай, тоглох бүртээ эрч хүчийг мэдэрдэг. Мод эргүүлдэг үзүүлбэрийнхээ санааг санаандгүй тохиолоор олсон. Уран бүтээлийн хамтрагч Чувсансэнгэ ахтай нэг сарын хугацаанд бэлтгэл хийсний дараа тоглолтын хөтөлбөрт оруулсан. Үзүүлбэрийн ард зааж, зөвлөсөн багш нарын гавьяа их бий. Анх дөрвөн метр урт гуалин эргүүлж байсан бол одоо таван метр урт 40 килограмм жинтэй модоор “наадаж” байна. Энэ үзүүлбэрээ олон шинэ трюкээр баяжуулж шинэчилж байгаа.

-Та хүндийн өргөлтөөс өөр үзүүлбэр үзүүлдэг үү?

-Гимнастикаар хичээллэж байхдаа найз Намнансүрэнтэйгээ хос тэнцвэрийн үзүүлбэрээр циркийн жүжигчний гараагаа эхлүүлсэн. Балетмейстр Д.Дашлхагва багштай хамтран “Хунт нуур”, “Цөмөөхэй” бүжгэн жүжиг, “Модерн нугаралт” бүжгийн үеэр акробатын үзүүлбэрээ толилуулж байлаа. Д.Дашлхагва багш минь намайг урлагт хөтөлсөн ачтан. АНУ-ын “Ringling” циркт ажиллаж байхдаа циркчин Бадамцэцэгтэй хамтран агаарын, гурвалсан тэнцвэрийн үзүүлбэр, Монголын циркийн жүжигчин Нямсүрэн, Чувсэнсэнгэтэй хамтран хүч тамирын үзүүлбэр бэлтгэсэн. Мөн автомашины дугуйгаар жонглёрдох зэрэг хүч тамирын ганцаарчилсан үзүүлбэрээ бэлтгэж тоглолтын хөтөлбөрт 2012 онд Mr. Power /Ноён Хүчтэн/ нэрээр оруулан ажиллаж байна.

-Саяхан Испанид болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Та өмнө нь мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцож байв уу?

-Баярлалаа. “Алтан заан” бол миний оролцсон олон улсын циркчдийн анхны тэмцээн бөгөөд Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ продюсерлэсэн. Испани улсын Гирона хотод болсон уг тэмцээнд 18 орны 90-ээд жүжигчин 24 үзүүлбэрээр өрсөлдсөн юм. Би хүнд жингийн үзүүлбэрээ шинэчлэн найруулж, таван метр урт, 40 килограмм модоо шүдэндээ зуугаад эргүүлж наадмын тусгай байрын шагнал хүртсэн.

-Таныг МУИС- ийн түүхийн ангийг төгссөн гэж сонссон. Шинжлэх ухааны салбараас урлаг руу хөрвөх болсон шалтгаан тань юу байв. Циркийн урлаг таныг юугаараа ингэж соронз мэт татсан юм бэ?

-Би МУИС-ийг түүхч, антропологич мэргэжлээр 2005 онд төгссөн. Сургуулиа төгсөх үед сэтгэл санаа гимнастикийн заал руу тэмүүлдэг байлаа. Дэлхийд алдартай “Нарны цирк”-ийн тоглолтын бичлэгийг үзсэнээс хойш би агуу циркт мундаг жүжигчидтэй хамт ажиллаж, амьдрахыг мөрөөддөг болсон. Барилдаж өсөөгүй монгол хүүхэд бараг л үгүй болов уу. Би багадаа барилдах дуртай, бөх болохсон гэсэн мөрөөдөлтөй хүү байлаа. Харин одоо модоо эргүүлэхдээ барилдаж буй мэт сайхан мэдрэмж авдаг. Их сургуульд хамт сурч байсан найзууд минь намайг циркчин болсон гэдэгт одоо ч итгэдэггүй. Гэхдээ би мөрөөдлөө биелүүлж, циркчин болсондоо харамссан удаагүй. Миний хүсэл зорилгыг дэмждэг гэр бүл, ах дүү, найз нөхөд, багш нартаа чин сэтгэлээсээ талархаж явдгаа танай сониноор дамжуулан уламжилъя.

-Энэ эрсдэлтэй, гайхалтай, сонирхолтой урлагаас олж авсан эрхэм чанар тань юу вэ. Цирк хэмээх агуу ертөнц танд юуг сургасан бэ?

-Олон сайхан чанар эзэмшсэнээс эрүүл чийрэг, өв тэгш бие, уян хатан тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай байх чадварыг циркийн урлагаас сурсан. Одоо ч энэ ертөнцийнхөө сайхан бүхнээс суралцаж байна. Би үзүүлбэрээ дуусгаад хүмүүсийн царайд тодрох баяр баясал, хүүхдүүдийн нүдэнд гэрэлтэх аз жаргалыг харах дуртай. Үүнд л миний мэргэжлийн сайхан нь оршдог.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)