Б.Сарантуяа: Миний туулсан амьдралын зам зөв байсныг “ИНЭЭМТГИЙ ХҮН“ харуулна

Элдэв бодлоо хоёулаа мартан

Инээмтгий хүн зүүдэнд үлджээ

Эмзэг уйтгартай нүдийг нь хараад

Эргэж учирмаар хоолойг нь сонсоод... хэмээн уянгалуулж 1990- ээд оны монголчуудыг байлдан дагуулсан поп хатагтай Б.Сарантуяа “Инээмтгий хүн” тоглолтоо 23 жилийн дараа сэргээн тоглох гэж байна. Энэ нь түүний төрсөн өдрийн 10 дахь тоглолт юм. Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн тод од Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.САРАНТУЯАТАЙ ярилцсанаа хүргэе.

-Та 2000 оноос хойш төрсөн өдрөө сонсогч, фэнүүдтэйгээ тэмдэглэх болсон. Энэ жил төрсөн өдрийн арав дахь тоглолтоо ирэх баасан гарагт хийх гэж байна. “Инээмтгий хүн” хэмээх хит дуугаараа тоглолтоо нэрлэсэн тань ямар учиртай юм бэ?

-Би төрсөн өдрөөрөө үзэгч, фэнүүдээ яаж баярлуулах вэ гэж жил бүр боддог. Энэ өдөр гэртээ ойр дотнынхонтойгоо байхаас илүү уран бүтээлийн баяр болгон тэмдэглэснээр эрч хүч авч, аз жаргалыг мэдэрдэг. Фэнүүд маань ч энэ өдрийг хүлээдэг болжээ. Тиймээс энэ удаад 23 жилийн өмнө УДБЭТ-ын тайзнаа хүргэж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо орчин үеийн хэв маяг шийдлүүдээр баяжуулан тоглох гэж байна. Тоглолтод 25 настайдаа дуулж байсан хит дуунуудаа дахин амилуулахаас гадна шинэ уран бүтээлээ толилуулна. Тухайлбал, залуучуудын дунд хит болсон, дуучин С.Оргилтой хамтран дуулсан “Чам руу над руу урсана” дуугаа дуулна. “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтыг 1995 онд “On’n Off” продакшн зохион байгуулж байсан бол энэ удаа “Skin Entertainment” хариуцан ажиллаж байна. “Хайрын бурхан”, “Аргагүй амраг”, “Сэхүүн салхи” тоглолтоо сэргээн тоглосон. Мөн “Инээмтгий хүн” дуугаа 23 жилийн дараа дүрсжүүллээ.

-Театрчилсан тоглолт нэг сэдвийн хүрээнд, уран сайхны өнгө аястай байдаг. 23 жилийн дараа эргэн ирж буй “Инээмтгий хүн” тоглолт ямар өнгө аястай байх бол?

-Хайр сэтгэлийн сэдэвтэй бүтээлээр баялаг тоглолт болно. Тайлан тоглолттой харьцуулахад илүү өрнөлттэй, сонирхолтой болгох зорилгоор Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, амьд хөгжмийн “Random” хамтлаг оролцоно. Тоглолт хоёр хэсэгтэй. Дандаа шинэ дуугаа дуулаад байвал үзэгчид “Нөгөө гоё дуугаа дуулсангүй” гэх байх. Тиймээс хуучны хит болон шинэ дуунуудаасаа гадна попури дуулахаар төлөвлөж байна. Мөн “Инээмтгий хүн” төрсөн өдрийн тоглолтоо номын баяртайгаа хамт хийж, фэнүүддээ давхар бэлэг барина. “Зууны дуу хоолой, Би Сараа” номоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэвлүүлж, найз нөхөд, дотнын хүмүүстээ шинэ жилийн бэлэг барьсан. Номын баяраа Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь аймагт тэмдэглсэн. Харин нийслэлчүүдтэйгээ төрсөн өдрөөрөө тэмдэглэх гэж байна. Номын баяр гэдэг утгаар зохиолч Р.Эмүжинтэйгээ хамт уншигчидтай уулзах, гарын үсэг зурах арга хэмжээг тоглолтын үеэр зохион байгуулна.

-Номын нээлтээ Дархан хотод анхлан хийсэн нь таны хүүхэд насны дурсамжтай холбоотой юу?

-Тийм ээ. Миний амьдралын нэгэн жаргалтай үе, бага нас Дархан хотод өнгөрсөн. Тэндхийн Зөвлөлтийн IV дунд сургуульд сурч байхдаа найрал дууны дугуйланд явж эхэлсэн юм. Эрдэнэт хотын тухайд гэвэл, би бие даасан уран бүтээлээ эхлээд анхны аялан “Залуучууд” театрт хийж байлаа. Тиймээс Эрдэнэт, Дархан хот миний сэтгэлд ойр байдаг.

-Таны “Зууны дуу хоолой, Би Сараа” номыг уншсан. Хувийн амьдралаа дэлгэрэнгүй бичсэн шиг санагдсан шүү.

-Дотоод сэтгэлийн зарим нууцаа зүрхнийхээ чинадад үлдээлгүй яах вэ. Гэхдээ өө сэвгүй харагдах гэж бүхий л амьдралаа бусдаас нуух шаардлага надад байхгүй. Илэн далангүйн тухайд намтар зохиол учраас зохиогчийн дүрслэл, халил орсон байх. Ер нь манай Р.Эмүжин уран сайхны яруу дүрслэлтэй, авьяаслаг зохиолч шүү.

-Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжинд намтар номоо даатгасан шалтгаан тань юу байв. Өөр сонголт байсан уу?

-Намтар номоо бичүүлэхээр 2015 онд нэгэн сэтгүүлч бүсгүйд санал тавьсан юм. Би 2016 онд 30 жилийн ойн тоглолтоор фэнүүддээ номын бэлэг барихаар төлөвлөсөн ч тодорхой шалтгааны улмаас хэвлүүлж амжаагүй. Тэгээд найз Р.Эмүжиндээ хандсан. Р.Эмүжин миний авралын элч болсон доо. Ер нь Сараа хэн болохыг бүрэн мэддэггүй гаднын хүнээр намтраа бичүүлэх амаргүй юм билээ. Миний амьдралын амжилт, уналт, жаргал, зовлон бүхий л цаг үеийн гэрч болохын хувьд Р.Эмүжин намайг сайн мэднэ. Тиймээс найздаа итгэж номоо бичүүлснээрээ алдаагүй.

-Хуучны дуунуудаас гадна тоглолтуудаа сэргээн тавих болсон нь цаанаа учиртай байх. Одоо үед шинэ содон уран бүтээл төрөхгүй байна гэх шүүмжлэл ч сонсогддог. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сэтгэлийн гүнээс төрсөн бүтээлийг сэргээж, дуулах нь сайхан. Миний 30 жилийн өмнө дуулж байсан дууг залуучууд сайн мэдэхгүй учраас дахин дуулах шаардлагатай болдог. Уран бүтээлд чин сэтгэлээсээ хандаж, гайхалтай продюсерлодог хөгжмийн зохиолч олон бий. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавыг дурдах нь зүйтэй. Тэрбээр бичсэн дууныхаа аялгууг уран бүтээл болж, олонд түгсэн ч орхилгүй продюсерлодогоороо давуу талтай. Энэ хүний дууг дуулсан бол “Сахиусан тэнгэртэй учирлаа” гэж ойлгож болно. Мөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Б.Ангирмаа нарын хөгжмийн мэргэжилтэнтэй хамтран ажилласан. Сүүлийн үед залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцтэй хамтран ажиллаж байна. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар ахын шүлэг, Х.Мөнх-Ертөнцийн ая “Анх ижийдээ би ирсэн” дуугаараа “Морин хуур” наадмын гуравдугаар байрт шалгарч байлаа.

-Дуундаа эзэн болдог яруу найрагчдыг нэрлэвэл?

-Миний “Хайрын бурхан” дууны шүлгийг бичсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, надад зориулж олон сайхан шүлэг бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Хулан, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Ш.Гүрбазар гээд олон яруу найрагч бий. Мөн “Болор цом”- ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат бол шаггүй продюсер.

-“Морин хуур 2017” наадмын дэд байрт шалгарсан “Амьдрал” киноны дууг та амьдруулсан. Энэ дуугаа тоглолтдоо дуулах уу?

-Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр Сар шинийн баярын өмнөхөн зохион явуулдаг “Оны шилдэг дуунууд”, “Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах 31 дэх удаагийн “Морин хуур 2017” наадмын дэд байрт шалгарсандаа туйлын баяртай байгаа. Би аливаа наадамд уралдах гэж оролцдоггүй. Дуу гурван жигүүртэй учраас “Морин хуур” наадамд оролцохдоо хөгжмийн зохиолч, яруу найрагчдаа алдаршуулах зорилгоор оролцдог байлаа. Гэхдээ энэ жил “Амьдрал” киноны дуугаараа дэд байрын шагналыг анх удаа хүртсэн. Энэ бол амжилт шүү. Би цахим ертөнтцөд идэвхтэй байдаг. Фэнүүдийнхээ илгээсэн хүсэлт, захидлыг тогтмол уншиж, танилцдаг юм. “Амьдрал” киноны дуу сонсогчдоос сайн үнэлгээ авч байгаа. Тиймээс хөгжмийн зохиолч Г.Ононгийн аялгуу, яруу найрагч Ч.Бүрэнжаргалын шүлэг “Амьдрал” киноны дуу маань борооны дараах мөөг шиг уран бүтээл болоогүйд баяртай явдаг.

-Та залуу уран бүтээлчдийг дэмждэг, хэд хэдэн шавьтай. Ер нь хамтарч бүтээл туурвих хүсэлт тавьсан уран бүтээлчдэд шалгуур тавьдаг уу?

-Чин сэтгэлтэй уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэднийг өсөн дэвжихэд нь туслахыг хүсдэг. Би хөгжмийн жанр бүрийн төлөөлөлтэй хамтран дуулсан. Зохиолын хос дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёртой Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын үг, ая “Хайрлан дуулмаар байна”, Ардын жүжигчин А.Долгор эгчтэй “Миний ижий эх дэлхий”, “Гурван бүдүүн” хамтлагтай “Гэрэлт наран ээж”, залуу дуучин Б.Чойжилсүрэнтэй “Хаврын ганц улиас” дууг хамтран дуулсан. “Магадгүй бид “Хайрлан дуулмаар байна” дууг хамтран дуулаагүй бол энэ дуу ард түмний дунд тэгтлээ түгэхгүй байсан болов уу” гэж дотроо боддог. Энэ бол уран бүтээл хийе гэсэн сэтгэлтэй хүмүүс нэгдвэл чанартай дуу төрдгийн жишээ юм.

-Сайн, чанартай бүтээл төрөхөд уран бүтээлчдээс гадна урлагийг ойлгож, дэмждэг меценатууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Танд ивээн тэтгэгч олон бий юү?

-Бидний уран бүтээлийг ард түмэнд хүрэхэд меценатууд яах аргагүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Ном бичих нь оюуны хөдөлмөрөөс гадна хэвлүүлэх зэрэг урсгал зардал ихтэй ажил юм. Миний номыг ивээн тэтгэн, оюуны асар том хөрөнгө оруулалт хийсэн “Очир-Ундраа” групп, “Хөх Монгол принтинг”-ийн хамт олондоо талархаад баршгүй. “Инээмтгий хүн” тоглолтын ивээн тэтгэгчээр “Жигүүр гранд” групп ажиллаж байгаа. Ер нь энэ тоглолт нь “Миний даван туулсан амьдралын зам зөв байж дээ” гэж өөртөө хэлэх боломж гэж бодож байна.

-Ард түмэн, төр засгаас хүртсэн алдар гавьяа, цолоос аль нь танд эрхэм байдаг вэ?

-Би гавьяа, шагналыг дэс дугаарлаж, дээр доор үзэх дургүй. Гэхдээ урлагт оруулсан хувь нэмрээ төр засагтаа үнэлүүлсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолдоо хайртай. Гавьяат хэмээх алдрыг ард түмнээс урьдчилаад зээлээд авчихсан, газарт унагаж боломгүй эрдэнэ мэт дээдэлдэг. “Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа” гэж зарлуулахад надад “бүтэн” болсон мэт мэдрэмж төрдөг. Мөн Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай гэсэн ард түмний өгсөн үнэлгээ, хүндэтгэлдээ дуртай. Тиймээс л энэ тохиолыг тодотгож нэрлэсэн юм. Тиймээс л энэ тохиолыг тодотгож номоо “Зууны дуу хоолой, Би Сараа” гэж нэрлэсэн.

-Та аавынхаа нутагт очиж, авга нартайгаа уулзсан тухайгаа цахим хуудастаа бичсэнийг олонтаа харсан. Төрсөн өдөр тань удахгүй болох гэж байна. Аавынхаа тухай сайхан дурсамжаас хуваалцана уу?

-Аавын минь тухай олон сайхан дурсамж бий. Гэхдээ намайг эх нутаг, ахан дүүсээ гэсэн сэтгэлтэй болгож төлөвшүүлсэн бол аав минь юм. Би хэдийгээр Улаанбаатарт төрж, өссөн ч зун хөдөө байдаг эмээгийндээ очиж, байгальд ойрхон өссөн. Би орон нутгаар аялан тоглолт хийх дуртай. Хөдөө очиж, хамаатан садантайгаа уулзах хэчнээн сайхан гээч. Энэ сайхан бүхнийг үр, хүүхдүүддээ мэдрүүлж, тэднийгээ аавынхаа хүмүүжлээр өсгөхийг хичээж явна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (64.119.23.157)

    2018-04-18

    Vlger domog boltsiishde odoo bolimoor yum

  • зочин (64.119.22.82)

    2018-04-18

    Бас нэг Алла пугачева болждээ. Одоо төрсөн гарсанаа яриад яах бэ. Нас намбандаа. Ер нь хирээсээ илүү их зантай давлиун байх хохиролтой байдаг юм билээ. Зам мөрөө сайн хар даа.