Номтой нөхөрлөх өдөр

Улаанбаатар хотын номын сангууд болон номын худалдааны дэлгүүрүүд энэ жилийн Дэлхийн номын өдрийг өргөн хүрээнд зохион байгуулахаар боллоо. Хамгийн түрүүнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон номын сангуудад уншигчийн үнэмлэхгүй хүмүүст үнэ төлбөргүй карт нээж өгөх нь. Түүнчлэн “Интерном”- ын дэлгүүр энэ сарын 21- 23-ны өдрүүдэд бүх номоо 10-60 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулна. Зөвхөн төв салбар гэлтгүй нийслэлийн бүх салбартаа хямдрал зарлах учир уншигчид өөрт ойрхон салбараас хүссэн номоо авах боломжтой. Хямдралт худалдааг зохион байгуулж буй менежерээс номыг хэрхэн ангилж үнийг нь бууруулах талаар тодруулахад “Бид зохиогчтой ярилцсаны үндсэнд номыг хямдруулдаг. Тиймээс тийм төрлийн ном хямдарна гэж хамтатгаж хэлэх боломжгүй юм. Манай дэлгүүрүүдээр худалдаалж буй бүх ном 10- 60 хувь хямдарна гэж ойлгох хэрэгтэй” гэв. “Интерном”- ынхон Дэлхийн номын өдрөөр хямдралт худалдаанаас өөр ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй. Учир нь, номын хямдрал зарласан өдрүүд хөл хөдөлгөөн ихтэй байдаг тухай зохион байгуулагчид хэлсэн. Харин “Аз хур”-ынхан 20-30 хувийн хямдралтайгаар номоо худалдаалахаа зарлалаа. Тэд Дэлхийн номын өдрөөр хүргэлтээр үйлчлэхээр зэхэж байна. Мөн энэ сарын 20-нд Спортын төв ордны үүдэнд өдөрлөг зохион байгуулж, зохиогчийн гарын үсэгтэй номнуудыг борлуулах ажээ. Дэлхийн номын өдрөөр “Болор судар” хэвлэлийн газраас сонирхолтой өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, Төрийн соёрхолт Д.Сосорбарам “Номын гайхамшиг” сэдэвт лекц уншихаар болжээ. Түүнчлэн залуу орчуулагчдад зориулсан хэлэлцүүлэг өрнүүлж уншигч зохиогчийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү өдөрлөгт иргэд гэр бүлийнхэнтэйгээ зочлох боломжтой. Учир нь багачуудад зориулсан үлгэрийн баатрын цаг, сонирхолтой арга хэмжээг ч хөтөлбөрт багтаажээ.

Сонирхуулахад, Дэлхийн номын өдрийг 1995 оноос хойш тэмдэглэж байна. Дөрөвдүгээр сарын 23-ныг сонгох болсон шалтгаан нь энэ өдөр алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад алдар цуутай зохиолчийн мэндэлсэн, нас барсан өдөр тохиодог аж. Мөн энэ өдөр Испани улсад зохиолч М.Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог. Үүнтэй хамтатган Испанийн Каталони мужийн ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ уламжлалаас санаа авч ЮНЕСКО дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн номын болон Зохиогчийн эрхийн өдөр болгон зарласан билээ.

Б.Номун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)