Кастрогийн эрин төгслөө

Эрх чөлөөний арлыг эрхшээсэн Кастрогийн удмын ноёрхол эцэс болж байна. 87 настай Рауль Кастро “Үндэсний ассемблей шинээр бүрэлдэх үед төрийн тэргүүнийхээ хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, албаа өгнө. Куба улс шинэ удирдагчтай болно” хэмээсэн юм. Рауль Кастрог ажиглагчид “Ах Фидель шигээ онцгой удирдагч байгаагүй бөгөөд 1957 оны хувьсгалд оролцсон ч үргэлж ахынхаа сүүдэрт байсан” гэж дүгнэдэг. Фиделийг тэтгэвэрт гарсны дараа тэрбээр болгоомжтойгоор шинэчлэл хийж эхэлсэн. Рауль АНУ- тай дипломат харилцаагаа сэргээх оролдлогыг эхлүүлсэн билээ. Кубын төрийн тэргүүний албанд төрийн зөвлөлийн орлогч дарга Мигель Диас Канелийг албан ёсоор нэр дэвшүүлжээ. Кубын парламент буюу Үндэсний ассамблейд түүнийг төрийн тэргүүнээр сонгохыг санал хураалтаар батлах л үлдлээ. Гэхдээ өөр нэр дэвшигч байхгүй учир Мигель Диас Канель Төрийн зөвлөлийн тэргүүн болох нь эргэлзээгүйг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Диас Канелийг Кубын хувьсгалчдын шинэ үеийн төлөөлөл гэж нэрлэдэг. Одоо 57 настай Диас Канель нь инженер мэргэжилтэй бөгөөд намын нөхөд нь түүнийг “Жинхэнэ Марксист” гэж үнэлдэг байна. Мөн Диас Канелийг Рауль Кастрогийн баруун гар гэдэг. Улсынхаа Боловсролын сайдаар 2009- 2013 онд ажиллаж, 2013 оноос Төрийн зөвлөлийн тэргүүний орлогчийн албыг хаших болжээ. Мигель Диас Канель 1986 онд залуу коммунистуудын холбооноос улс төрд орсонд тооцогддог.

Тэрбээр империализм, Куба улсын тэрс үзэлтнүүдтэй тэмцэхийг уриалагч нэгэн. Олон жилийн турш социализмын замаар замнасан тус улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж, Кастрогийн удмын ноёрхлыг эцэс болгож буй нь ажиглагчдын сонирхлыг татаж байна. Тиймээс зарим сурвалжид “Кастрогийн эрин төгсч Куба улс социализмын дурсгалт орон байхаа болилоо” хэмээн бичиж байна. “Хувийн хэвшлийг дэмжиж, олон нийтэд нээлттэй эдийн засгийн бодлого баримталж байгаа нь Кубыг эдийн засгийн таатай нөхцөлд аваачиж магадгүй” гэж олон улсын ажиглагчид үздэг. Энэхүү бодлогыг 2003 онд гаргасан бөгөөд шаардлагатай судалгааг боловсруулан өнгөрөгч баасан гаригаас эхлэн бодитой хэрэгжүүлж байгаа юм. Кубад хэдэн жилийн өмнөөс засгийн эрхийг шилжүүлэх үйл явц алгуурхан эхэлсэн. Рауль Кастрогийн дахин сонгогдох эрхийг 10 жилээр хязгаарласны дараа Коммунист намын тэргүүний албыг ч хугацаатай болгосон билээ. Рауль Кастрогийн эхлүүлсэн эдийн засгийн шинэ бодлого нь эхний ээлжид Кубад ямар өөрчлөлт авчрахыг таамаглах аргагүй ч төсөөлж байснаас илүү эрсдэл ч хүлээж байж болох. Учир нь, эдийн засгийн огцом өөрчлөлт тус улсад сүүлийн хэдэн жилийн турш тохиож байгаагүй хямралыг үүсгэж болох бөгөөд төрийн систем социализмын хэлбэрээр байгаа нөхцөлд эдийн засгийн капиталист өөрчлөлт хэр нийцэх нь одоо ч бүрхэг хэвээр байна. Эдийн засгийн шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан олон арван хувь хүн цайны газар, ресторан, дэлгүүр нээх хүсэлтээ Кубын сангийн яам руу илгээгээд байгаа ажээ.

Х.Эрдэнэзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)