А.Угтахбаяр: Дэлхийн аваргад оролцох хүүхдийг эссэ бичүүлж тодруулна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургаадугаар сарын 14-нд ОХУ- ын Москва хотноо нээлтээ хийнэ. Энэхүү тэмцээнийг угтан Монголд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэ сарын 23-нд болох “Оддын хөлбөмбөг” тэмцээн юм. Энэ өдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монголд авчирна. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч цомыг угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг татуулах аж. Монголын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн жил “Үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үеэр урлаг, спортын одод оролцсон “Оддын хөлбөмбөг” тэмцээнийг анх удаа зохион байгуулсан.

Энэ удаад Монгол Улсад олимпын анхны алтан медалийг авчирсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нар хоёр багийг ахалж, ерөнхий дасгалжуулагчаар гавьяат жүжигчин Г.Золбоот, соёлын тэргүүний ажилтан Н.Онон нар ажиллахаар болжээ. Мөн Монгол Улсаас хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зүлэг ногоон талбайд анх удаа монгол хүүхэд бөмбөг гардуулах боломжтой болжээ.

Энэ тухай “Киа Моторс” монгол компанийн борлуулалтын менежер А.Угтахбаяраас тодрууллаа.

-Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтыг эхлүүлэх монгол хүүхдийг хэрхэн шалгаруулах вэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нээх бөмбөгийг авч гарах 10-14 насны хүүхдийг Монгол Улсаас шалгаруулна. Тэр азтай хүүхдийг шалгаруулахдаа “Миний мөрөөдлийн КИА” хэмээх эссэ бичлэгийн уралдааныг 10-14 насны хүүхдүүдийн дунд зарлаж байна. Эссэг англи, монгол хэлийн аль нэгээр 300-450 үгт багтаан үг үсэг болон утга найруулгын алдаагүй байх хэрэгтэй. Эссэг ирэх сарын 3-ныг хүртэл хүлээн авч, шалгаруулалтын дүнг 14-нд зарлана.

-Уралдаанд оролцогч хүүхдэд ямар шалгуур тавьж байна вэ?

-Хамгийн эхний шалгуур бол англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын хөтөлбөртөө англи хэлний хичээл багтаасан байдаг учир энэ шаардлага тийм ч бэрхшээлтэй санагдахгүй байх. Мөн хөлбөмбөгийн спортод сонирхолтой байх хэрэгтэй. Мөн тухайн оролцогч стресс, чимээ шуугианыг давах чадвартай байх нь чухал.

-Эссэ нь шалгарсан нэг хүүхэд ямар шагналын эзэн болох вэ?

-ОХУ-д зохион байгуулж буй хөлбөмбөгийн дэлхийн аваргын нэг тоглолтыг аав, ээжийнхээ аль нэгтэй нь хамт үзэх боломжтой. 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын төлөө 64 тоглолт болно. Тоглолт бүрийг нэг хүүхэд гарч бөмбөг гардуулснаар эхэлнэ. Энэ удаад 40 тоглолтод орос хүүхдүүд оролцох бол 24 нь өөр орных байх юм. Тэдэн дунд нэг монгол хүүхэд шалгарч оролцоно. Шалгарсан нь бусад орны хүүхэдтэй хамтран сургалтад сууж, аялалд хамрагдах боломжтой. Мэдээж тухайн хүүхэд болон асран хамгаалагчаас гарах бүх зардлыг манай компани хариуцах болно. Мөн “Киа Моторс” монгол компанитай нэг жилийн зар сурталчилгааны гэрээ байгуулах юм. Өөрийн хайрлаж хүндэлдэг хөлбөмбөгийн тоглогчидтой уулзаж, амьдралдаа нэгэн сайхан дурсамж бүтээх боломжтой болж байна.

-Яг хэзээ болох ямар улсын тоглолтыг монгол хүүхэд нээх вэ?

-Шалгарсан хүүхэд ОХУ-ын Нижний Новогород хотод ирэх зургаадугаар сарын 27- нд болох Щвейцарь болон Коста Рикагийн тоглолтыг эхлүүлнэ.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)