Э.Дөлгөөнийг бэлгэдлийн тоглогчоор нэрлэлээ
- 2018-05-07
- Спорт
- 0

-САГСАН БӨМБӨГИЙН 3X3 ШИГШЭЭ БАГ ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ТИВИЙН АВАРГАД ФИНАЛДЛАА-
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА 3х3/-ны 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шэнжен хотод боллоо. Тивийн аваргад эрэгтэйчүүдийн ангилалд 22 орон тамирчдаа илгээсэн бол 18 улс эмэгтэй сагсан бөмбөгчдөө өрсөлдүүлж аваргуудаа тодруулав. Үүнээс гадна далайн хүчирхэг орон Шинэ Зеланд, Австралийн багууд ирж оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон. Манай улсын эмэгтэй шигшээ багийнхан Азийн аваргын урьдчилсан хэсэгт Хонконг, Вануату арал улс, Узбекистаны багтай таарсан юм. Тэд Хонконг, Вануатугийн багийн хожсон ч Узбекистаны сагсчдад дийлдэж хэсэгтээ хоёрт орсноор цаашид өрсөлдөх боломжгүй болсон. Харин манай улсын эрэгтэй шигшээ баг Азийн аваргыг чансаагаараа тэргүүлж “А” хэсгийн нэгдүгээр багаар Катар, Тайванийн багтай оноолт таарчээ. Эрчүүд эхний тоглолтод Тайванийг 14:15-аар хожсон. Дараа нь Катарын багтай хүнд тоглолт хийж 21:19-өөр хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан юм. Азийн аваргын хасагдах шатанд “С” хэсгийн нэгдүгээр байраар гарсан Йорданы багийг 21:12- оор хожин шилдэг дөрвийн нэгээр шалгарсан байна. Хагас шигшээ тоглолтдоо далайн орны хүчирхэг баг, өнгөрсөн оны Азийн аваргын алтан медалийн төлөө тоглож байсан Шинэ Зеландын сагсчидтай дахин таарсан. Манай сагсчид тоглолтын эхнээс эсрэг багаа хэмнэлдээ оруулж оноогоор тэргүүлсээр 21:16- аар хожиж Азийн аваргын финалд шалгарсан юм. Тэд аваргын төлөө дэлхийн сагсан бөмбөгийн хүчирхэг гүрний нэг Австралийн багтай тоглосон. Тоглолтын эхнээс Австралийн баг оноогоор хошуучилж манай багт боломж олгоогүй гэж хэлж болно. Гэхдээ тэд үндсэн цагт 15:15 болгон оноогоо тэнцүүлж нэмэлт үед эхний оноог авч нэг оноогоор тэргүүлж байсан ч австраличууд холын зайн шидэлтийг оновчтой болгосноор анх удаагаа Азийн аварга болж, Монгол Улсын баг мөнгөн медалийн эзэн боллоо.
Тивийн аваргын хүрэл медаль япончуудынх байлаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Шинэ Зеланд алт, БНХАУ мөнгө, Австрали хүрэл медаль хүртэв. Энэ үеэр тивийн аваргын бэлгэдлийн гурван тоглогчийг нэрлэсний нэг нь Монгол Улсын шигшээ багийн довтлогч Э.Дөлгөөн байлаа. Түүнээс ФИБА ТВ- ийн сурвалжлагч онцлон ярилцлага авчээ. Тэрбээр өнгөрсөн оны ФИБА 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч”-оор мөн шалгарч байсан юм. Манай тамирчид тивийн аваргын дараа БНХАУ-ыг зорьсон. Тэд олон улсын Гран-при тэмцээнд “С” хэсэгт Орос улсын хоёр багтай учраа таарчээ. Эхний тоглолтдоо тэд хойд хөршийн “Ленинград” багийг 20:15-аар хожсон. Гэвч “Ленинград”, “Москва Инаномо” багийг 21:14-өөр буулган авсан юм. Ингэснээр манай баг хэсгийн сүүлийн тоглолтдоо “Москва Инаномо” багт 22:15-аар хожигдож гурван баг бие биенээ тойрч хожсоноор оноо тоолж, манай баг 0.5 оноо дутсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (0)