Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг хөдөлгөх тохиролцоонд хүрсэн

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Засгийн газраас Тавантолгойн төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломжит хувилбар саналуудыг боловсруулж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Мөн тус хурлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ-аас томилохоор санал болгосон зарим хүний тухай хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хурлаар Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ. Тухайлбал, тээвэрлэлт, төмөр зам, үйлдвэржилт, борлуулалтын талаарх тооцоо, судалгаа бүхий мэдээллийг сонссон. Ирэх долоо хоногт МАН- ын бүлэг Тавантолгойн төслийг хөдөлгөх чиглэлд улс төрийн шийдэл гаргах чиглэлд хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн.

Уг тооцооллыг эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бүлгээс ажлын хэсэг байгуулахгүй. Засгийн газар төслийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад бүлэгт танилцуулах ёстой. Ингээд болж байна гэж үзвэл УИХ дахь АН-ын бүлэг, Аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатанд нь хэлэлцүүлээд явна” гэлээ. Дээрх мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тухайлбал, УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа нь үнэн эсэхийг тодруулахад энэ талаар ярьсан гэх хариултыг өгсөн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс одоо ШШГЕГ- ын дэд даргаар ажиллаж байгаа Г.Туулхүү, Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн бөгөөд МАН-ын бүлгийн зүгээс дээрх хүмүүсийг дэмжсэн гэдгийг хэллээ.

М.ӨНӨРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)