Олон улсын сэтгүүлчид БНАСАУ-д хөл тавив

Пунгэри цөмийн туршилтын талбайг энэ сарын 23-25-нд хаах ёслолын ажиллагааг сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн баг Умард Солонгост иржээ. БНАСАУ-ын эрх баригчид энэхүү түүхэн үйл ажиллагааг сурвалжлах багт “Ассошейтед пресс”, “CNN”, “CBS”, “Russia today”, Хятадын үндэсний хэвлэл мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийг урьсан билээ. Олон улсын сэтгүүлчдийн онгоц Бээжин хотоос өчигдөр орон нутгийн цагаар 09.40 цагт хөөрч, Умард Солонгосын Вонсан хотын Кальма нисэх буудалд газарджээ. Сурвалжлах багт зөвхөн АНУ, Их Британи, Хятад, Орос улсын сэтгүүлчдийг хамруулсанд зарим орон шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Ялангуяа Өмнөд Солонгосын сэтгүүлчид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох түүхэн үйл явдлын гэрч болоогүйдээ дургүйцлээ илэрхийлсэн байна. Умард Солонгосын Удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт хийж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг дагаж мөрдөн цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө бүрэн зогсоохоо мэдэгдсэн юм. Мөн Өмнөд Солонгосоос гадна АНУ-тай харилцаагаа сайжруулж, дээд хэмжээний уулзалт хийхээр болсон. Гэвч цөмийн туршилтаа бүрэн зогсоож, олон улсын хяналт шалгалт оруул гэсэн АНУ-ын шаардлагын улмаас Умард Солонгос ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт болох дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаж магадгүй байгаа юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)