Ж.Бямбасүрэн: Уулчныг нэг алхмын зайд үхэл дагаж явдаг ч бид шантардаггүй

Лхоце оргилын авиралт

 “Хайрхан” аялагч клубийг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд гарсан билээ. Тэрбээр хэд хоногийн дараа дэлхийн дөрөв дэх өндөр уул Лхоце хайрханд авирч, нэг улиралд 8000 метрээс дээш оргилд гарсан Монголын хоёр дахь уулчин болсон юм. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад уулзаж, аян замын сонин сайхнаас хуваалцсанаа хүргэе.

-Дэлхийн дээвэр гэгддэг Эверест, түүний хажууханд орших ноён оргилыг амжилттай эзэлсэнд баяр хүргэе. Үндсэн баазад байрласан мөчөөс авиралт эхэлдэг. Тухайн үед цаг агаар ямар байв?

-Баярлалаа. Би өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд үндсэн баазад очсон. Тэнд уулчид алхаж хүрдэг. Бид далайн түвшнээс дээш 2800 метрт байдаг жижиг хотод онгоцоор хүрч, зургаа хоног алхаж үндсэн бааз буюу далайн түвшнээс дээш 5300 метрийн өндөрт очсон. Ингэж явах хугацаанд өндөрт бага багаар дасан зохицсон гэж бодсон ч байдал өөр байлаа. Үндсэн баазад хүрсэн өдрийнхөө маргаашаас толгой өвдсөн. Өндөр газарт хүчилтөрөгч сийрэг учир толгой өвдсөнийг мэдсэн. Тиймээс тав хоног орчин тойрондоо дасч, амарсан гэж ойлгож болно. Тэгсэн ч бие зовиуртай байлаа. Ер нь тийм нөхцөлд хөдөлгөөнтэй байвал биеийн зовиур арилдаг. Отгоо тойрч, хөдөлгөөнтэй байх нь чухал юм билээ. Үндсэн отгийн хувьд уулчин бүр нэг майхантай. Багтаамж нь харьцангуй том. Халуун хүйтний хувьд үндсэн отог дажгүй. Цаг агаар нэг л хэв маягаар үргэлжилдэг гэж хэлж болно. Өглөөдөө ямар ч үүлгүй, цэлмэг нартай, үдээс хойшдоо хүйтэн болдог. Ер нь үндсэн отог дээхнэ үед одоо байгаа байрлалаас арай доор байсан гэсэн. Цас хурдацтай хайлж байгаа учир үндсэн отог жил ирэх тутам оргил руугаа тэмүүлсээр байгаа юм билээ. Газар зүйн хувьд чулуугаар хучигдсан мөнх цэвдэгтэй. Тийм газар үндсэн отгоо барьдаг учир зарим майхны дор ус урсаж байдаг. Хайлж байгаа хэсэг нь нурсан тохиолдол ч бий гэсэн. Бас нэгэн сонирхолтой зүйлтэй тулгарсан. Тэнд байхад тэнгэр дуугарч байгаа мэт хүчтэй дуу чимээ гардаг байлаа. Гайхаад асуутал цасны нуранги болж таарсан. Маш хүчтэй дуу чимээг гаргадгийг мэдсэн.

Хамгийн сонирхолтой нь, цас их унасан үед хамгийн олон удаа цасан нуранги болдог. Миний ойлгосноор нэгнийхээ чимээнд нураад байна уу гэмээр, их буугаар буудаж байгаа мэт сонсогдож байсан шүү.

-Эверестэд авирахдаа нэг багт харьяалагдсан уу, эсвэл ширпатай гарав уу?

-Компаниар үйлчлүүлсэн болохоор ширпатай явсан. Тэгэхдээ төлбөрөөсөө хамаараад үйлчилгээ нь янз бүр байна. Уулчид голдуу бүтэн төлбөр төлдөг. Үүнд, ууланд авирах, хоол унд, унаа тэргээс гадна уулын хөтөч буюу ширпааг дагалдуулна. Ширпа ууланд авирах явцад уулчдад хөтөч хийж, тусалдаг.

-Эхний авиралтаа та аль талаас нь эхлүүлсэн бэ?

-Түвд, Непаль гэсэн хоёр талаас авирдаг. Непаль нь үндсэндээ баруун урд тал гэсэн үг. Түвд гэдэг нь хойд талаас нь авирахыг хэлж байгаа хэрэг. Миний хувьд Непалийн талаас авирсан. Дэлхий баруун хойноосоо салхилдаг учир Эверестэд гарахдаа баруун урд талаас нь авирахад нөмөртэй, арай дулаан байдаг. Энэ утгаараа Непалийн талаас авирах нь илүү өртөг өндөр.

-Энэ авиралтын дараа Лхоцед гарсан нь таныг нэг улиралд далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт авирсан Монголын хоёр дахь уулчин болгосон. Хилийн дээс алхахдаа л дараалсан авиралт хийнэ гэж төлөвлөсөн үү?

-8000 метрээс дээш оргилд гарсан хүн Монголд зургаа бий. Харин нэг улиралд 8000 метрээс дээш гарсан уулчин гэвэл би хоёр дахь нь болно. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Л.Баярсайхан өмнө нь Чо-Оюу, Шишмангмад гарч байсан юм. Миний хувьд анхнаасаа л Эверестийн дараа Лхоцед гарна гэсэн төлөвлөгөөтэй явсан. Мэдээжийн хэрэг, Эверестийн оргилд гарах хамгийн чухал нь байлаа. Хэрвээ эхний авиралтын дараа биеийн байдал өөрчлөгдвөл хоёр дахь ууланд гарах эсэхээ шийднэ гэсэн бодолтой явсан юм. Гэхдээ дэлхийн дээвэр болсон Эверестэд гарсны дараа маш олон хүн баяр хүргэсэн нь надад итгэл найдвар төрүүлсэн. Тиймээс Лхоцед авирсан даа. Эхний авиралтын дараа Лхоцед гарахад хэцүү байлаа. Гэхдээ “Энэ авиралтыг заавал амжилттай хийх ёстой. Чамайг ард түмэн, найз нөхөд, дэмжсэн байгууллагууд харж байгаа. Тиймээс заавал оргил дээр гарах ёстой” гэсэн хүсэл тэмүүлэл минь намайг оргил өөд хөтөлсөн.

-Өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог Лхоце нь Түвд, Хятадын хил дээр оршдог гэсэн. Оргилын онцлогийн талаар сонирхуулахгүй юу?

-Би “Долоон тивийн долоон оргил” гэсэн хөтөлбөрөөр явж байгаа юм. Одоо таван тивийн ноён оргилд гарчихаад байна. Эверест зургаа дахь нь болж байна. Дэлхийн дээвэр гэгддэг энэ оргил Ази тивийн хамгийн өндөр уул. Харин Лхоце энэ жагсаалтад багтахгүй. Уг нь Лхоце их сонирхолтой уул. Оргил нь довцог шиг хэлбэртэй. Тэнд хүрэхэд уулчны хувцас, хэрэглэлтэй маникентэй таарсан. Гэтэл тэр нь маникен биш биерхүү, царайлаг, 20 гаруй насны европ залуу хөлдсөн байдалтай байсан нь тэр юм. Лхоце оргилд гарах хүн түүний хажуугаар бараг нүүр тулж өнгөрдөг учир эвгүй санагдсан.

-Тийм зүйл байгаа талаар та бусдадаа хэлсэн үү. Ар гэрийнхэн нь хайж байгаа ч юм бил үү?

-Тэндхийн хүмүүс мэддэг юм билээ. Оргилоос буулгах боломжгүй учир тэндээ мөнх нойрсож байгаа гэж ойлгож болох байх.

-Одоо долоо дахь тивийн оргилд гарах үлдээд байна. Хэзээ гарахаар төлөвлөж байна даа?

-Өмнөд туйлын оргил 4880 метрийн өндөртэй Винсон Массив гэж уул бий. Мэдээж туйл учраас хүйтэн. Бас очиход хамгийн өндөр өртөгтэй. Учир нь, энд хүрэхэд тусгай зориулалтын онгоц захиалдаг. Очиход тохиромжтой хугацаа нь арваннэгдүгээр сарын сүүлээс нэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн дулаахан үе гэсэн үг. Хэрвээ санхүүгийн хувьд боломж гарвал энэ өвөл явах бодол байна. Миний хувийн зардлыг оролцуулахгүй тооцвол 45 мянган ам.долларын өртөгтэй.

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй болохоор Винсон Массивын дараа зорихоор төлөвлөж буй оргил ч байгаа болов уу?

-Анхандаа би ууланд алхдаг байсан. Алхалт, ууланд авирах хоёр өөр шүү дээ. Гэхдээ ууланд алхаад байхаар илүү өндөр оргилд гармаар санагддаг. Ингэж явсаар тивүүдийн оргилд гарчихсан. Дэлхийд 8000 метрээс өндөр 14 оргил байдаг. Тэдгээрийн найм нь Непальд бий. Тэгэхээр хэрвээ Винсон Массивын авиралт амжилттай болбол өмнө нь дурдсан 14 оргилд гарах бодолтой байгаа. Үүнд маш их хөрөнгө мөнгө шаардана. Гэхдээ 8000 метрийн өндөртэй ууланд авирахад л гайхамшигтай гэж хэлж болохоор мэдрэмж төрдөг. Түүнийг дахин мэдэрмээр байна.

-Биеэ зовоож, хөрөнгө мөнгөө үрсээр байж уулын оргил эзлэхийн сайхан нь юундаа байдаг юм бэ?

-Ууланд авирахыг донтолттой зүйрлэж болно. Жишээлбэл, сая япон уулчин шинэ замаар авирч байгаад амиа алдлаа. Тэр залуу өмнө нь гараа хөлдөөгөөд есөн хуруугаа тайруулж байсан. Тэгсэн мөртлөө дахиад л ууланд авирсан. Хятадын хоёр хөлгүй уулчин саяхан Эверестэд гарлаа. 1985 онд ууланд авирч яваад хөлөө хөлдөөсөн ч одоо хүртэл авирсаар байна. Тэр хүн Эверестэд гарна гэж өөртөө зорилго тавьсан учир тэмүүлсээр л байсан. Хүсэл мөрөөдлийнхөө хүчээр сая Эверестийн оргилд гарч чадлаа. Энэ бол ялалт юм. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэвэл хүн ууланд ингэж их дурладаг. Ингэж дурлах хоёр шалтгаан бий. Нэг нь уулын оргил дээр гишгэх мөч юм. Үүний төлөө л уулчид амь амьдралаа зориулдаг. Хоёрдугаарт, уулчин өөрийгөө ялан дийлсэн мөч байдаг. Энэ хоёр шалтгааны учраас уулчид оргил өөд тэмүүлдэг. Үхэл уулчнаас нэг алхмын зайд үргэлж байдаг ч тэд хэзээ ч шантардаггүй.

-Эверэстэд гарахдаа хэн нэгэн хүний гүйцээж чадаагүй хүсэл мөрөөдлийг биелүүлэх үүднээс ямар нэгэн зүйл орхисон уу?

-Үлдээсэн. Гэхдээ зориуд үлдээнэ гэж төлөвлөөгүй. Хайрхан өөрөө таалчихсан гэж үүнийг тайлбарлаж болох байх. Энэ талаар дэлгэрүүлж яримааргүй байна.

-Хүнд авиралтуудын дараа амаръя гэж бодож байна уу. Эсвэл төлөвлөсөн өөр зүйл бий юү?

-Ямар ч байсан 15 хоног амрах бодолтой байна. Үүнийхээ хажуугаар ажлаа хийнэ. Гэртээ зүгээр сууж чаддаггүй. Винсон Массивын оргилд гарна гэсэн бодол намайг зүгээр байлгахгүй. Тэгэхээр энэ авиралтаа хийхэд шаардлагатай ивээн тэтгэгч байгууллага олох талаар хөөцөлдөх байх даа.

Б.Сэлэнгэ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (202.179.25.37)

    2018-06-04

    uneheer bishermeer ymaa bayar hurgii sain saihniig husii