Э.Бэхбаяр, Э.Даваачимэг нар босоо бөх гэдгээ баталлаа

 Чөлөөт бөхийн “Монголиа опен-2018” олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Найм дахь удаагийн тэмцээний нээлтэд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр болон ОХУ-ын дасгалжуулагч Юрий Шахмурадов, Майрбек Юсупов тэргүүтэй хүндэт зочин, төлөөлөгч оролцов. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаан болж, Монгол, ОХУ-ын бөхчүүд тус бүр дөрвөн жинд аваргаллаа. Түүнчлэн Казахстаны эрэгтэй бөхчүүд хоёр жинд түрүүлэв. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр сүүлийн дөрвөн жил дараалан жиндээ аварга гэдгээ баталсан юм. Мөн Азийн аваргын хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг тэмцээнд дөрөв дэхээ аваргалсан бол олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, З.Болортунгалаг анх удаа түрүүллээ. Хойд хөршийн бөхчүүдээс Якутын Виктор Рассадин, Буриадын Арсалан Будажапов, Кемеровогийн Валерия Чепсаракова нар Улаанбаатарын дэвжээнд хоёр дахиа түрүүлсэн.

Ялангуяа эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Будажапов шигшээ барилдаанд “Монголиа опен”-ы зургаан удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Мандахнаранг 6:2-оор ялж алтан медалийн тавцанд зогслоо. Ц.Цогбадрах, Г.Ганхуяг, Б.Намхай, Б.Халиунаа, Б.Энхцэцэг нарын залуу тамирчид “Монголиа опен”-оос анхны медалиа зүүсэн юм. Чөлөөт бөхийн олон улсын тэмцээнийг манай оронд 1972-1990 он хүртэл “Интернациональ”, Ах дүү найрамдалт орнуудын “Нөхөрлөл”, 1991-2005 он хүртэл “Монгол говь” нэртэйгээр зохион байгуулсан. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан түүхтэй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуваарьт багтдаг “Монголиа опен” тэмцээнийг 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Senegal Bekhee (202.5.205.34)

    2018-06-11

    Senegal Bekhee odoo yalaad yaah ve dee, Senegald sh aalgadiin baijiij.