Сагсчид эхний хожлоо авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотод үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын баг Канад, Филиппиний багтай тоглож, анхны хожлоо авав. 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д манай залуус эхний тоглолтоо Канадтай хийж, 21:15-аар ялагдсан. Тэгвэл хоёр дахь тоглолтыг тэмцээнийг зохион байгуулагч Филиппин улсын багтай хийсэн юм.

Хэдэн мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожих хүндхэн даалгавартай гарсан Монгол Улсын баг хүчтэй гэдгээ харуулж, 21:15-аар үндсэн цаг дуусахаас өмнө эзэн орны багийг ялсан юм. Тоглолт эхлээд эхний зургаан минут өнгөрөхөд талбайн эзэд 8:2- оор илүүрхэж байв. Манай залуус довтолгоо, хамгаалалтыг сайн гүйцэтгэж, оноог ойртуулж чадсан. Энэ тоглолтод Г.Цэнгүүнбаярын холын зайн шидэлт олон удаа оновчтой болсныг онцлох хэрэгтэй. “С” хэсгийг Канад хоёр хожил авсан амжилтаар тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Монгол, Филиппин нэг хожилтойгоор удаалж байна. Харин Бразилийн залуус хоёр тоглолтоос хожил авч чадсангүй. “С” хэсгийн сүүлийн тоглолт өнөөдөр Монгол-ОХУ, Монгол-Бразилийн тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх багууд тодрох юм.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)