Б.Лхагваа: Энхийн чиглэлрүү алхам хийвэл болох нь тэр

“Хурцадмал байдлыг намжааж Солонгосын хойгийг энхтайвны замаар шийдвэрлэх нь” олон улсын форумын үеэр Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форумын ерөнхий зохицуулагч Б.ЛХАГВААТАЙ ярилцлаа.

-Хурцадмал байдлыг намжааж Солонгосын хойгийг энхтайвны замаар шийдвэрлэхэд Монгол Улс оролцох ямар эрх үүрэг байна вэ?

-Солонгосын хойгт шууд холбогдох дөрвөн том гүрэн бий. Түүхэндээ, XX зууны үед, одоо ч тийм байсан. Тодруулбал, АНУ, ОХУ, Япон, Хятад. АНУ болон ОХУ 1945 онд Солонгосын хойгийг чөлөөлсөн. Дараа нь 1950 оны дайнд Хятадын сайн дурын арми Хойд Солонгосыг хамгаалж оролцсон. Сая орчим цэрэг явуулсан гэдэг юм. Японы ноёрхол Ази руу чиглэсэн. Үүнээс өмнө Солонгос түүхэндээ их газрын хоёр хүчинтэй л харилцдаг байлаа. Далайн хүчний бүлэглэлд Япон, Англи, Америк, их газар талаасаа Хятад, Цагаан хэрэмээс хойшхи нүүдлийн соёл иргэншилтэй үндэстэн дотроос Монголтой харилцаж байсан юм. Энэ утгаараа Монгол Улс энэ асуудалд холбогдоно. Тийм ч учраас Солонгосын үндэсний уугуул соёл дотор Шар мөрний соёл иргэншлийн элемент ч бий. Нөгөө талаар Алтайн соёл иргэншлийн нөлөө ч байна. Тиймээс Солонгосын соёл Алтайн соёл иргэншил шиг, заримдаа Шар мөрний буюу Хятадын соёл иргэншил шиг хосолмол шинжтэй. Үүгээрээ онцлогтой.

-Тэгвэл өнөө цагт Монгол Улс ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Манай улсын хувьд Солонгосын хойгт ямар нэгэн байдлаар, стратегийн ач холбогдол байхгүй. Бусад буюу АНУ, Япон, Хятад, ОХУ гэсэн дөрвөн орон шиг. Хэрэв стратегийн эрх ашиг байдаг бол тэр нь Солонгосын нэгдэл л байх болов уу. Харин давуу тал нь нэгдүгээрт, Зүүн хойд Азийн бүс нутагт төвийг сахисан, намжмал байр сууринаас ханддаг бодлогын онцлогтой. Хоёрдугаарт, Зүүн хойд Азийн тав, зургаан орон дотор Монгол Улс алинтай нь ч найрсаг харилцаатай, улс төрийн маргаантай асуудалгүй явсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд тийм зүйл байхгүй учраас хуралд оролцож буй гаднын төлөөлөгчид “Бид зөв газрыг сонгож, зөв цагт, зөв газартаа зогсч байна” хэмээн гурван зүйлээр тодорхойлж байна. Энэ нь Монголын байр суурийг тодорхойлж буй хэрэг юм. Энэ бол цуврал арга хэмжээ. Манай улсаас энэ жил эхлүүлж, ирэх жил буюу 2019 оны гуравдугаар сарын 1-нд Солонгосын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой тохионо.

-Солонгос улсын эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санаа өнгөрсөн хугацаанд хэрэгжиж чадсан уу?

-Чөлөөлөгдсөн гэдэг утгаараа хэрэгжсэн. Гэтэл хуваагдсан, нэгдмэл нэг улс болж чадаагүй гэдгээрээ хэрэгжээгүй гэж үзэж байгаа. Тийм учраас хоёр Солонгосыг нэгтгэх хэрэгтэй. Нэгдсэн цагт л амь насаа зориулсан өвөг дээдсийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлнэ. -Хоёр Солонгос өнөөдрийг хүртэл нэгдэж нийлж чадахгүй байгаагийн гол шалтгаан юу вэ? -Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөний үзэл санаа өчигдрийн асуудал биш, өнөөдрийн тулгамдсан зорилт болоод байна. Солонгос улс нэгдэж нийлэн төр улсаа байгуулсан тэр цагт л тусгаар тогтнолын хөдөлгөөн өөрийн зорилтдоо бүрэн төгс хүрнэ. Мэдээж Солонгосыг хуваасны хариуцлагыг эхний үед чөлөөлөгч ЗХУ, АНУ хүлээх ёстой. Харин хүйтэн дайны үе дууссан ч хуваагдмал байдлыг гэтлэн давж чадаагүйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Эргэн тойрны их гүрнүүдийн стратегийн зөрчил үүнд нөлөөлж буй нь тодорхой. Гэхдээ нэгдлийг хэрэгжүүлэгч эздийн өөрсдийнх нь улс төрийн хүсэл эрмэлзэл, зоримог шийдвэр, хүчин чармайлт энэ бүхнээс илүү чухал.

-Тэгвэл одоо нөхцөл байдал ямар байна вэ. Ямар хувилбар илүү оновчтой байх бол?

-Умард Солонгос 1990-ээд оноос эхлэн үндэстнийхээ хувьд хориглолтын байр суурьд шилжээд байна. Тэнд үндэсний нэгдлээс илүүтэй систем засаглалаа хадгалах асуудал гол тулгамдсан зорилт болж байна. Мөн уусан нэгдэхээс илт болгоожилж байна. Нийгмийн тодорхой хэсэг нь үндэснийхээ нэгдлээс зайлсхийж, түүгээр ч үл барам болгоомжлох хандлагатай байна. Тэр ч бүү хэл нэгдэж нийлэх нь одоогоор боломжгүй зүйл гэсэн гутрангуй ойлголт өсөн нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй. Умард Солонгос эдийн засгийн хязгаарлагдмал өөрчлөлт хийж байгаа ч нийгэм рүү бүрэн шилжих магадлал, найдвар туйлын бага байна. Гэхдээ эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор Хятад, Вьетнам маягийн эдийн засгийн нээлттэй арга замыг Пхеньян сонирхож, судалж буй бололтой. Умард Солонгосын систем, засаглал нурах төлөв харагдахгүй байна. Харин ч Ким Жон Уны засаглах байр суурь дотооддоо харьцангуй бэхжив бололтой. Одоо гадаад аюулгүй байдлаа бэхүүжлэхийг зорьж байна. Энэ бүхнээс үзэхэд нээлттэй нийгэм рүү шилжүүлэх эсвэл засаглалыг нь нураах замаар Умард Солонгосыг өөрчлөх хувилбар, төсөөлөл одоогоор тийм ч бодитой хялбар биш болох нь тодорхой. Харин үүний оронд Умард Солонгосын системийг энхийн аргаар өөрчлөх замаар Солонгосын нэгдлийн үндэс суурийг бүрдүүлэх хувилбар өнөөгийн нөхцөлд илүү оновчтой сонголт болох төлөв харагдаж байна.

-АНУ-ын ерөнхийлөгч БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга нарын уулзалт удахгүй болно. Энэхүү түүхэн уулзалтаас ямар шийдвэр гарах бол?

-Энэхүү уулзалтыг эрин зууны буюу түүхэн уулзалт гэж тодорхойлж байгаа. Дэлхий нийтээрээ үүнд анхаарал хандуулж байна. Яагаад эрин зууны гэж тодотгосон гэвэл Солонгосын хойгийн асуудал хэт хурцдаж, ужгирсан. Ерөөсөө 70 жилийн турш байнгын түгшүүртэй байдалтай байна. Энгийн жишээ татвал, хөрш айл дандаа хэрэлдээд байвал манайд хэцүү. “Саахалт айлын санаа нэг” гэдэг шиг хамтарч ажиллах, бие биеэ харилцан нөхөх зүйл бий. Үүнтэй л нэгэн адил. Солонгосын цөмийн зэвсгийн асуудал бол зөвхөн тус улсын мэдлээс халиад Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн энхтайвны аюулгүй байдалд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Тэгэхээр эрин зууны энэ асуудлыг холбогдох талууд ярилцаж, улмаар хамтарсан баримт бичиг гаргах болов уу гэж харж байна. Гэхдээ нэг сумаар буюу нэг уулзалтаар бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй учраас Солонгосын хойгийг цөмийг зэвсэггүй бүс болгож оронд нь БНАСАУ-ын системийн аюулгүй байдалд АНУ баталгаа гаргаж өгөх юм. БНАСАУ өөрийн үндэсний болон гадаад аюулгүй байдлаа хангах зорилгоор цөмийн зэвсэг бүтээсэн гэдэг. Түүнийг нь устгаж, Солонгосийн хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохоор тэд аюулгүй байдлаа яаж хангах вэ гэдэг асуудал үүснэ. Тийм учраас АНУ өрнөдийн орнуудтай хамтарч үүнийг нь хангаж баталгаа гаргаж өгөх ёстой. Ингэснээр итгэлцэл бий болно. Энэ утгаараа түүхэн, чухал уулзалт юм.

-Солонгосын хойгийг тойрсон үйл явдал нэлээд хурдацтай өрнөж байна. Үүний шалтгааныг та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Энэ асуудал он гараад асар хурдацтай өрнөсөн. Процесс мэргэжлийн хүмүүсийн төсөөлж, таамаглахаас илүү хурдан явсан. Олон улсын төрийн тэргүүнүүдийн шууд харилцаа бэхэжсэн. АНУ- ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын төрийн зөвлөлийн даргад биечилж захидал явуулж байсан удаагүй. Одоо өөрсдөө уулзах гэж байна. Солонгосыг байгуулсан 1948 оноос хойш 52 жил болж байж хоёр Солонгосын төрийн тэргүүн 2000 онд уулзсан. Үүний дараа хоёр дахь уулзалт нь 2007 онд болсон. Гэтэл энэ он гарснаас хойш Солонгосын тэргүүн нар хоёр дахь удаагаа уулзчихлаа. БНАСАУ-ын төрийн тэргүүн Хятадад хоёр удаа айлчилсан. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч АНУ-д хоёр удаа айлчлал хийсэн. Төрийн ийм дээд хэмжээний айлчлал урьд өмнө түүхэнд тохиож байгаагүй. Эдгээр айлчлал, уулзалт асуудал хэр их тулгамдсаныг нь л харуулж байх шиг байна. Энэ асуудлыг шийдэхгүй л бол болохгүй гэдгийг харуулж байна. Таарамж муутай харилцаатай явж ирсэн АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүнүүд нэг ширээнд сууна гэж хэн ч төсөөлөөгүй.

-Олон улсад төдийгүй манай улсын хувьд энэхүү уулзалтаас ямар шийдвэр гараасай гэж хүлээж байна?

-Хамгийн гол нь энхийн чиглэл рүү л алхам хийвэл болох нь тэр. Бүх улс үндэстний хүсэн хүлээж буй нь энэ. Түүнээс биш цөмийн зэвсгийн асуудлыг устгах, шаталсан арга хэмжээ авах зэрэг нь хамгийн багадаа 10-15 жил шаардлагатай. Тиймээс зарчмын тохиролцоог төрийн тэргүүнүүд хийх нь чухал. Урьд өмнө нь тохиролцоо хийчихээд л эргэж буцаад байсан удаатай. Харин одоо бол ийм асуудал байхгүй гэдгээ ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн. Өмнө нь АНУ алдаа гаргаж байсан. 1994 онд Женев хотод, 2007 онд АНУ, Өмнөд Солонгос маш том тохиролцонд хүрч, цөмийн зэвсгийг устгана гэж байсан ч эргэж буцсаар өнөөдрийг хүрлээ. Тийм учраас энэ удаад асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр зэхэж байна.

-Том гүрнүүдийн нөлөө бүхий хүмүүсийн уулзалтын өмнө зохион байгуулсан энэхүү форумд оролцож буй төлөөлөгчид ямар байр суурь илэрхийлж, ямар шийдэлд хүрээд байна вэ?

-Нэгдүгээрт, Солонгосын хойгт энхтайван байдлыг жинхэнэ төгс төгөлдөр утгаар нь тогтоох, хоёрдугаарт, хамтын ажиллагаагаар дамжуулан Солонгосын нэгдлийн асуудал руу бага ч болов ойртсон алхам хийх нь зүйтэй гэдэг санал хэлж байна. Ийм л зам байна. Алийн болгон сөргөлдөх үү. Сөргөлдөөнийг эцэс болгоё гэсэн байр суурьтай байна. 1950 оны зургаадугаар сарын 25- нд эхэлсэн дайн гурван жилийн дараа буюу 1953 оны долоодугаар сарын 27-нд зогссон. Гэхдээ тэр дайн фронтын шугамын галыг зогсоосон болохоос биш олон улсаар баталгаажуулж, энхтайвны гэрээ хэлэлцээр байгуулаагүй юм. Харин одоо хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд уулзах үеэрээ 1950 оны дайныг зогсооё гэж ярилцаж байна. 70 жилийн дараа энэ асуудлыг ярьж байна шүү дээ. Энэ нь энхийн хэлэлцээ байгуулъя гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гал зогсоосон хэлэлцээрийг энхийнх болгоно. Үүнд холбогдох АНУ, Өмнөд болон Хойд Солонгос, Хятад орох ёстой. Үүнийгээ олон улсын өмнө баталгаажуулах гэж буй хэрэг.

 

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.195.133)

    2018-06-12

    Zurag ni Lombo guain zurag bish uu?!