ДАШТ 2018: А.Коларов гайхалтай цохилтоороо Коста Рикагийн хаалгыг мялаав

 ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аваргын дөрөв дэх өдөр “Е” хэсгийн эхний тоглолт Коста-Рика болон Сербийн шигшээгийн халз тулаанаар эхэлж, сербүүд 1:0-ээр эхний хожлоо авлаа. Шилдэг хаалгач К.Навас тэргүүтэй коста-рикачууд, шилдэг хамгаалан тоглогчдоор гараагаа бүрдүүлсэн сербичүүдийн тулаан хоёрдугаар хагаст өрнөж, Коста Рикагийн тоглогч Д.Гузман бөмбөгний төлөөх тэмцэлд А.Митровичийг хөөж явахдаа хөлийг нь хашиж унагаан алдаа гаргаснаар сербичүүдэд боломж олгов. Улмаар хаалттай цохилтыг А.Коларов хийсэн бөгөөд Реал Мадридын шилдэг хаалгач К.Наваст хамгаалах ямар ч боломж гаргасангүй. Хоёр баг тоглолтын турш тэнцүүхэн байсан ч А. Коларов гайхалтай чадвараар цор ганц гоолыг хийж хожлыг авчрав.

ШВЕЙЦАРЬ ХЭРЭГТЭЙ ОНООГОО БРАЗИЛЧУУДААС САЛГАЖ ЧАДЛАА

“Е” хэсгийн хоёр дахь тоглолт дэлхийн таван удаагийн аварга Бразил, арвин түүхтэй швейцарьчуудын хооронд боллоо. Эхний гоолыг дэлхийн хамгийн үнэтэй тоглогчоор нэрлэгдээд буй Бразилийн багийн уураг тархи болсон Ф.Коутиньо тоглолтын 20 дахь минутад оруулсан. Үүний дараа ч бразилчууд удаа дараалан аюултай довтолгоо хийж байв .Харин тоглолтын хоёрдугаар үеийн 50 дахь минутад Швейцарийн тоглогч С.Зубер мөргөн гоолдож тоглолтын тооны харьцааг тэнцүүлэв. Тэнцээний гоолын дараа швейцарьчууд нягт хамгаалалт хийж тоглолт дуустал хаалганы торыг хөдөлгөлгүй, хэрэгтэй нэг оноог хамгийн хүчтэй өрсөлдөгчөөсөө салгав.

АВАРГУУД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЖ ТОМ СЕНСААЦИ ТАРИЛАА

“F” хэсгийн эхний тоглолтод дэлхийн шилдэг Германы эсрэг Мексикийн шигшээ баг байлаа. “Чичарито” хэмээн хочилдог Мексикийн довтлогч Х.Эрнандесийн дамжуулалтаар залуу тоглогч Х.Лозано тоглолтын 35 дахь минутад гоол хийж багтаа тэргүүллийг авчирсан. Хоёр баг тоглолтын турш олон аюултай довтолгоо, гоолын боломж үүсгэсэн ч хаалганы торыг дахин хөдөлгөсөнгүй.Х.Лозаногийн хийсэн гоол нь тоглолтын эхний бөгөөд сүүлийн гоол байв. Ингэснээр 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга эхний тоглолтдоо бүдэрсэн нь энэ дэлхийн аваргын томоохон сенсааци боллоо. Тус тоглолтод хожил авснаар Мексикийн баг анх удаа Германы шигшээг ялж байгаа юм.

С.ГАНДЭЛГЭР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)