Д.Энхтуяа: Үргүй зардлаа багасгавал жилд нэг удаа аялах боломжтой

 “Дэлхийгээр аялагчид” группийн идэвхтэй гишүүн Д.ЭНХТУЯАТАЙ ярилцлаа. Тэрбээр олон оронд аялахын сацуу мэдлэг мэдээлэл болох олон постыг тус группт нийтэлдэг нэгэн юм.

-Та ямар ажил алба эрхэлдэг вэ?

-Би бизнес эрхлээд 25 жил болж байна. “Cesar's” брэндийн классик эрэгтэй хувцасны худалдаа эрхэлдэг. Манайх франчайзинг аваад таван жил өнгөрчээ. Цаг хугацаа маш хурдан, амархан өнгөрөх юм.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн орноор аялаад байна вэ. Энэ удаагийн аялал хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Энэ удаагийн аяллаа АНУ-ын Вашингтон хотоос эхлүүлсэн. Дараа нь Нью-Йорк хотыг зорин очсон. Аяллынхаа турш богино хугацаанд ч гэсэн үзэж танилцах ёстой бүгдийг үзэхийг зорьсон. Хамгийн түрүүнд “Эрх чөлөөний хөшөө”-г үзсэн. Их хүйтэн өдөр байсан шүү. Мөн НҮБ– ын төв хашаанд байрлах Монгол хүний гараар бүтсэн “Ухамсар” хөшөөг зорин очиж үзэж амжсан. Дараа нь Денвер Колорадо хотыг зорьсон. Денвер хотыг “америкийн хөдөө” гэж хүмүүс ярьдаг юм билээ. Америкийн бусад хоттой адил өндөр барилга ховор. Гэвч тэнд их сайхан байгальтай. Тэнд очоод маш сайхан “Red Rochkc” театрт очиж үзсэн. Дэлхийн нэртэй одууд амьд тоглолтоо хийдэг юм билээ. Уг театр 9525 хүний суудалтай. Тэнд үнэхээр хэлэх үггүй байгалийн үзэсгэлэн төгөлдөр байсан.

-Өмнө нь ямар орнуудаар аялж байсан бэ?

-Жил болгон Вена хотод очдог. Азийн орнуудаас Өмнөд Солонгос, Хятад, Европын орноос Орос, Украйн, Польш, Герман, Чех , Славаки, Франц, Итали, Бельги, Австри, Унгар, Болгари, Нидерланд, Швед, Арабын орноос Дубай болон АНУ зэрэг оронд ажил болон амралтаар зорчиж байсан.

-Энэ зуны аяллын төлөвлөгөөгөө хэрхэн гаргасан бэ. Хэзээнээс аялая гэж бодсон бэ?

-Өнгөрсөн онд Дубай, АНУ, Англи, Австрали орноор аялна гэж төлөвлөсөн байсан. Одоогоор төлөвлөсөн аялал минь дундаа орж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Дубайгаар аялсан. АНУ-ын хотуудаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд аялаад ирсэн. Одоогоор Англи, Австрали улс руу аялах төлөвлөгөө гаргаад байгаа.
-Хамгийн сэтгэлд үлдсэн орныхоо тухай яривал?

-Хөгжлөөрөө тэргүүлэх зэрэгтэй, сүүлийн 10 гаруй жилд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тэргүүлж байгаа Арабын Дубай хотыг бишрэхгүй байхын аргагүй байсан. Хүний гараар бүтсэн барилга байгууламж, гайхамшиг тэнд олон байсан. Дубайд очсоны дараа Нью-Йорк хотын барилга өндөр санагдахаа больсон. Хүнийхээ төлөө гэсэн улс орныг бол би Щвед гэж хэлнэ. Ром хот эртний гэдгээрээ бас гайхалтай сайхан байсан. Улс орон бүрт үзэж харах зүйл ихтэй сайхан байсан. Тэр дундаас эртний түүхээ хадгалж үлдсэн орнуудаар аялах сайхан санагдсан. Мөн Австричууд Хатан хаан Си Сигийн ордныг хичнээн сайхан хадгалж үлдсэнийг хараад их бахархсан.

-Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Гэхдээ та наснаасаа их залуу харагдах юм. Нууц нь юунд байна вэ?

-Наснаасаа залуу харагддаг нь миний хувцаслалтын нөлөө байх. Классик хувцасны бизнес хийдэг, загварлаг хувцаст дурладаг маань ч нөлөөлдөг байж магадгүй. Хажуугаар нь хүн өөрөө маш залуу сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэж боддог. Өөрийнхөө дуртай ажлаа хийх нь хүнд их тайвшрал авчирдаг. Бас залуу харагдахад аялал их нөлөөлдөг байх.

-Ер нь гадаад оронд аялж зугаалахад аялагчид юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Аялагчид тухайн улс орны ёс заншил, улс төр, эдийн засаг нь тогтвортой орныг сонгож аялахыг зөвлөмөөр санагддаг. Жишээ нь, улс төрийн байдал тогтворгүй, дайн байлдаантай, дотроо зөрчилдөөнтэй, хагаралтай улс оронд аль болох зорчихгүй байх нь зүйтэй. Мөн хүний нутагт явахдаа маш болгоомжтой хянуур өөрийнхөө болон бусад аялагчдадаа түвэг удахгүй байх хэрэгтэй. Эд зүйл, бичиг баримт зэргээ хатуу чанд авч явах, мөнгө, эд зүйлээ хулгайд алдах зэргээс сэргийлж байнгын сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Аяллын явцад архи хэтрүүлэн хэрэглэж бас элдэв асуудалд орооцолдохгүй байх нь зөв санагддаг.

-Олон орноор аялж явахад эх орондоо хэрэгжүүлэх санаа сэдэл олныг харсан болов уу. Жишээлбэл?

-Тиймээ. Олон орноор аялж байхад жижиг гэлтгүй зүйлст ач холбогдол өгч анзаарч харж явдаг. Өөрөө хувцас зардаг болохоор сайхан дэлгүүр үйлчилгээний төвд ороод маш их атаархдаг. Тэнд үнэхээр хүний төлөө гэсэн орчныг бий болгосон байдаг. Хэзээ Монголд ийм дэлгүүр, худалдааны төв бий болох бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Манай улсад зам талбай үлдээхгүй түрээслээд мөнгө бодсон хэцүүхэн харагддаг. Мөн гадаад оронд цэцэрлэгжүүлэлт, спорт заал, бассейн гээд сайхан орчин их байдаг. Харин манайд залуучуудын чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө суух газар хүртэл цөөн байдаг. Манайд гадна тохижилт муутай, гүйх талбай бага харагддаг. Харин гадаадад тийм талбай энд тэндгүй байдаг. Мөн гаднын иргэд хийж буй ажилдаа үнэнч, сэтгэл зүрхээрээ, хариуцлагатай ханддаг нь авууштай санагддаг.

-Ганцаараа аялсан уу. Аялж явахад хүндрэлтэй, бэрхшээлтэй хөгжилтэй зүйлс их тохиолдоно биз. Тэр бүхнээсээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Энэ удаад ганцаараа аялсан. Нью-Йорк хотод байрлах НҮБ- ын хашаан доторх монгол хүний урласан “Ухамсар” хөшөөг үзэх гэж очоод харж чадалгүй буцах шахсан. Тэнд байгаа нэг цагдаагаас асуухад “Үзэх боломжгүй” гэж хариулсан. Яг зорьж очин үзэхийг хүссэн ганц үзмэр байсан болохоор би тийм ч амархан бууж өгөөгүй. Ээлж солигдох үеэр өөр нэг цагдаа ирсэн. Би орчуулагч охиноор дамжуулан тэр цагдаагаас тусламж хүссэн. Учир байдлаа хэлээд хөшөөгөө үзэж зургаа татуулсандаа баяртай байгаа. Зураг түүх өгүүлнэ гэдэг шүү дээ. Мөн Денвер хотод явж байхдаа “Aspen” гэдэг цанын баазтай газрын мөнх цастай “Maroon Bells” уулыг үзэхээр очсон. Тэгсэн улирал нь эхлээгүй гэсэн шалтгаанаар машин замыг хаачихсан байсан. Бид дөрөв ойрхон л гэж бодоод цэвэр ус ч аваагүй машинаа орхиод алхчихсан. Гэтэл тийм ойр байгаагүй бид ядартлаа алхсан. Тэнд мөнх цастай уулын бэлд очиж байж би 20 км алхсанаа мэдсэн. Энэ аялал миний хувьд хэзээ ч мартагдашгүй болсон шүү. Ер нь нийтлэг тохиолддог хөгжилтэй явдал бол гаднынхан намайг Монгол хүн гэж хардаггүй. Бас манай Монголчууд андуурдаг. Монголоор яриад юм асуухад зарим нь бүүр цочдог. Хүндрэлтэй хамгийн том асуудал бол англи хэлний мэдлэггүй байх юм. Гэхдээ ганц сурсан орос хэл маань аминд орох үе гарна.

-Хүмүүс аялахад их мөнгө хэрэгтэй гэж боддог. Таны хувьд аяллын төсвөө хэрхэн зохицуулсан бэ?

-Мэдээж аялалд мөнгө орно. Өөрөө ажил хийж байгаа болохоор аяллын зардлаа гаргачихдаг. Монголоос гадаад руу явах онгоцны тийз үнэтэй болохоор аяллын зардал өндөр болчихдог. Европын улс хооронд бол зардал хямд байдаг учраас аялахад хялбар, хямд гэж ойлгож болно

-Монголдоо аялж байсан уу. Монголын хамгийн сайхан, аялахад тохиромжтой газрыг нэрлэвэл?

-Эх орныхоо газар нутгаар бага аялсан юм шиг байна. Ямартаа ч Өмнөговь аймгийн Ёлын хаданд маш олон удаа очиж байсан. Хангай, говь хосолсон их сайхан нутаг санагддаг. Харин их халуун салхитай, жуулчид их очдог нутаг. Би ер нь Элсэн тасархайд очих их дуртай. Мөн Хар Хорин, Эрдэнэ зууг бас очиж үзэж байсан. Тэндэхийн хөтөч нар гадаад дотоодын зочдод маш сайхан тайлбарлаж өгдөг санагдсан. Бас Улаан цутгалан, Цэнхэрийн халуун рашаан, Хар зүрхний хөх нуур зэрэг Монголынхоо сайхан байгальд очиж аялж байсан. Харин удахгүй Хөвсгөл далайг зорихоор төлөвлөчихсөн л байна.

-Үр хүүхдүүд гэр бүлийнхэн тань урт хугацаагаар гадаад руу аялаад ирье гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж гэр бүлийнхэн маань маш их дэмждэг учраас аялалд байнга явдаг. Нөхөр, охин хоёр маань арын албанд үлддэг. Мундаг ар талтай учраас аян замд гарахад ар гэртээ санаа зовохгүй сайхан байдаг.

-Монголын аялагчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Хэрвээ зорилго тавьсан бол аялах зардал цуглуулж чадах л болно. Манайхан үргүй зардлаа багасгавал жилдээ нэг удаа ч гэсэн ямар нэг улс оронд аялж болно гэж боддог. Надтай байнга харилцдаг ихэнх хүмүүс бага багаар санхүүгээ зохицуулаад зардлаа цуглуулан аялж байгаа нь сайхан санагдсан. Мөн аялагчдадаа зориулж, сайхан хүсэл тэмүүлэлтэй зорилготой бол бүтэхгүй ажил, очихгүй газар орон гэж үгүй гэж хэлэхийг хүсч байна.

-Аялалдаа байнга авч явдаг зүйл юу байдаг вэ. Ер нь аялалд гарахдаа зайлшгүй авч явах зүйл гэвэл таны бодлоор?
-Аялалд гарахдаа цүнхнээсээ салгадаггүй авч явдаг нэг зүйл бол шүгэл байдаг. Хэзээ нэг цагт надад эсвэл өөр хэн нэгэнд хэрэгтэй болж магадгүй гэсэн байдлаар шүгэл авч явдаг. Бас аялалдаа их хувцас авч явдаг. Ялангуяа гоёлын өндөр өсгийт, ботинки зэргийг их авч явдаг. Түүнийгээ үүргэвчиндээ байнга бэлэн байлгаж, яг зураг авхуулах мөчид сольж өмсдөг. Бас ерөөсөө үүргэвчнээсээ салгадаггүй зүйл минь ороолт. Хэзээ ч аялалд явсан ороолтыг байнга авч явдаг. Хүн ер нь хүзүүгээрээ, хөлнөөсөө даарахгүй бол тэгээд болоо гэж би боддог. Сайн гутал бас аялалд хамгийн чухал. Чамайг хаа ч хүргэх хэмжээний гутлыг сонгож авч явах хэрэгтэй.

-Танд хувийн ямар нэгэн сонин содон цуглуулга байдаг уу. Жишээ нь хүмүүс аялсан орон бүрээсээ шилэн бөмбөлөг гэх мэт зүйлс авч цуглуулдаг шүү дээ?

-Ер нь эхэн үедээ хөөрхөн хүүхэлдэйнүүд цуглуулж байсан. Гэтэл явцын дунд их зай эзлэхээс гадна тоос шороог арчиж цэвэрлэх зэрэг нэлээн арчилгаа, цаг зав орхоор болсон учраас больсон. Одоо бол хааяадаа хөргөгчний наалт зэргийг овор хэмжээ бага бол ганц нэгийг авчихдаг.

-Та анх хаа хүрэхээр хилийн дээс алхаж байв. Тухайн оронд очиход таныг Монголоос ирсэн гэхээр хэрхэн хүлээж авч байсан бэ. Одоо гадаадад Монголоос явж байна гэхэд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Гадаад оронд зорчиход ерөнхийдөө зураг их шалгаад л нэг их юм асуудаггүй. Байцаан өнгөрүүлэхийнхэн, оросууд Монгол гэхээсээ илүү европ царайтай гэх үе тааралддаг. Гаднынхан танилууд болсон хойноо эрлийз үү гэж их асуудаг. Солонгосчууд бол Америк уу, Орос уу гэж их асуудаг. Ер нь гадаадад явж байхад Монгол гэхэд мэдэхгүй улс зөндөө байдаг. Хоёр хөршөөс өөр газар монголчуудын тухай ойлголт муухан байдаг. Харин Турк хүмүүс Монголчуудад их элэгсэг ханддагт би их баярладаг.

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)