Л.Месси карьераа үргэлжлүүлэхээр боллоо

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “C”, “D” хэсгийн хувь заяаг шийдвэрлэх тойргийн тоглолтууд дуусч хасагдах шатанд үлдэх багууд тодорлоо. “С” хэсгийг тэргүүлэгч Францын шигшээ Данитай тэнцсэнээр хоёулаа хасагдах шатанд үлдсэн бол “D” хэсгээс Хорват, Аргентины шигшээ шалгарчээ. Аргентины шигшээ ийнхүү хасагдах шатанд шалгарснаар, Месси хөлбөмбөгийн карьераа үргэлжлүүлэхээр болжээ.

Учир нь, “Барселона” клубт хүчин зүтгэдэг, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионель Месси “Хэрвээ шөвгийн 16-д багтаж чадахгүй бол зодог тайлна” хэмээн мэдэгдээд байсан юм. Шөвгийн 16-д Хорватын баг Данитай, Францын шигшээ Аргентинтай тоглохоор оноолт таарчээ. Санкт-Петербург хотод болсон Аргентины шигшээ багийн тоглолтын үеэр домогт хөлбөмбөгч Диего Марадонагийн бие гэнэт муудсан байна. Диего Марадона 1986 онд Аргентины шигшээ багийг удирдан дэлхийн аварга болж, алтан цомыг өргөсөн удаатай. Эзэн орон болох Оросын шигшээ багийг шөвгийн дөрөвт үлдэж магадгүй гэж хөлбөмбөг сонирхогчид таамаглаж байна. ОХУ-ын шигшээ баг “А” хэсгээс хоёроор шалгарч шөвгийн 16-д Испанитай учраа таарсан билээ. Хоёр баг Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 1-нд тоглох юм. Испанийн шигшээ багийн довтлогч Яго Аспас шөвгийн 16-д ОХУ-тай хийх тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Бид ОХУ-ын багийн бүх тоглолтыг үзсэн. Тэд Уругвайд хожигдсондоо төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Уругвайчуудын эсрэг хийсэн тоглолтынхоо үеэр Оросын шигшээ баг үндсэн бүрэлдэхүүнээрээ талбайд гараагүй. Оростой тоглоход хүнд байх болно. Гэхдээ бид амжилтaд итгэлтэй байна” хэмээлээ.

Зөнч Ахилл ба сэтгэл хөдөлгөсөн бичлэг

Хүн төрөлхтөн хөлбөмбөгөөр амьсгалж буй энэ өдрүүдэд спортын гайхамшиг нь эв нэгдэл, нөхөрлөл, сайхан сэтгэлд оршдог гэдгийг баталсан үйл явдлууд хөвөрсөөр. Хелио Фонсека дэ Аражо гэгч залуугийн “Youtube” хуудсанд байршуулсан бичлэг үүний нэг жишээ болон олны сэтгэлийг хөдөлгөж байна. Хелио энэ сарын 23-нд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Бразил, Коста-Рикагийн багуудын тоглолтыг хараагүй, дүлий найздаа “үзүүлжээ”. Хелиогийн багын найз Карлос төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бөгөөд 14 насандаа хараагүй болсон нэгэн юм. Генетикийн өвчний улмаас харах, сонсох чадвараа алдсан найздаа хөлбөмбөгийг үзүүлж, хамтдаа улсынхаа багийн ялалтыг тэмдэглэж буй залуусын бичлэг сошиал сүлжээнд өнгө нэмж, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлж байна. Түүнчлэн энэ жилийн дэлхийн аваргын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч Ахилл муур гүйцэтгэж байгаа билээ. Таамгийг урьдын адилаар хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг Ахилл муурны өмнө тавьж, сонгуулах маягаар явуулжээ. Зөнч Ахилл хэсгийн дөрвөн тоглолтыг зөв тааварласан аж. Ахилл муур ирэх сарын 3 болон 10- нд таамаглалаа харуулах юм байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол хамгийн олон үзэгчтэй спортын наадам билээ. Энэ жилийн дэлхийн аваргын үеэр хөлбөмбөг сонирхогчид ямар техник ашиглан тоглолт үзэж байгаа талаар сонирхолтой судалгаа явуулжээ. “Ipsos” агентлагийн 27 оронд хийсэн судалгааны дүнгээс үзвэл, дэлхийн аваргын тэмцээний үзэгчдийн 62 хувь нь телевиз, 25 хувь нь интернэт, 13 хувь нь ухаалаг утас, найман хувь нь таблетаар үзэж , зургаан хувь нь радиогоор тоглолтыг шууд сонсч хүлээн авчээ.

Х.Эрдэнэзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)