Б.Баттулга: Азийн наадмаас алтан медаль хүртдэг улажлалаа сэргээнэ

Индонез улсад тивийн спортын хамгийн том үйл явдал болох Азийн XVIII спортын наадам энэ сарын 18-наас ирэх есдүгээр сарын 2-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.БАТТУЛГАТАЙ цөөн хором ярилцлаа.

-Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчид бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Чөлөөт бөхөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна. Энэ бол олимпын жин юм. Олимпоос бусад тэмцээнд манай тамирчид 10 жингийн ангиллаар оролцдог. Энэ удаад чөлөөт бөхийн 12 тамирчин, дөрвөн дасгалжуулагч Азийн наадмыг зорино. Бэлтгэл сайн хангасан гэж үзэж байгаа. Одоогоос 10 хоногийн өмнө зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд өрсөлдөж, Азийн аваргад ачаалал авах гол бэлтгэлээ хийлээ. Үүнээс гурван долоо хоногийн өмнө нэгдсэн цугларалтад гарсан.

-Тамирчдаа ямар шалгуураар Азийн наадамд оролцуулахаар болсон бэ?

-Манайх дотоодын рейтингтэй. Энэ рейтингийг тэргүүлж байгаа тамирчдаас сонгосон.

-Манай чөлөөт бөхийн тамирчид Азийн наадамд хэр амжилттай оролцдог вэ?

-Азийн наадмын анхны алтан медалийг Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аварга нар авч байсан. 2010 онд Г.Наранчимэг, Г.Мандахнаран хоёр алтан медаль хүртэж байсан. 2014 онд аварга төрүүлж чадаагүй. Энэ удаад аваргын уламжлалаа сэргээхийн тулд зорьж хичээж байна.

-Өрсөлдөгчдийн хувьд хэр хүчтэй байгаа бол?

-Энэ бол дөрвөн жилд нэг удаа болдог Азийн улс орнууд оролцдог томоохон хэмжээний наадам. Тэд олимптой адилтгаж үздэг. Манай улсын хувьд энэ жил ихээхэн ач холбогдол өгч том баг бүрэлдэхүүнтэй оролцож байна. 2016 оны Риогийн олимпоос хойш шигшээ баг бүрэлдээд жил хагасын хугацаа өнгөрч хоёр жилийн дараа олимп болох гэж байна. Энэ бол бидний хувьд өөрсдийгөө сорьж мэдрэх том боломж өгч буй тэмцээн юм. Ялангуяа Азид эмэгтэй багийн хувьд Япон, Хятадын баг хүчтэй өрсөлдөгч байдаг. Эрэгтэй багийн хувьд Иран, Узбек, Казахстаны баг тамирчид хүчтэй өрсөлдөгч болдог.

-Чөлөөт бөхийн тамирчид хэзээ Индонезийг зорих вэ?

-Бид энэ сарын 17-нд Индонезид очсон байх ёстой. Чөлөөт бөхийн тэмцээн 19-нөөс эхэлнэ.

-Тамирчид орчиндоо дасах хугацаа хэр байгаа вэ?

-Индонези бол их халуун орон. Хоёр жилийн дараа Японд олимп болно. Тиймээс энэ нь бидэнд их олзуурхууштай үйл явдал боллоо гэж харж байна. Ер нь их төстэй уур амьсгалтай оронд очих учир туршлага судлах том боломж гэж харж байгаа.

-Ер нь хэчнээн медаль хүртэнэ гэсэн зорилготой явж байна вэ?

-Тамирчдынхаа тал хувийг медаль хүртэх болов уу гэсэн итгэлтэйгээр Индонезийг зорьж байна. Эрэгтэй, эмэгтэй нийт зургаан медаль хүртэх болов уу гэж найдаж байна.

-Азийн наадмын дараа шигшээ багийнхныг ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Бидний энэ жилийн бэлтгэл сургуулилтын үр дүнг харуулах дэлхийн аваргын тэмцээн бий. Энэ удаад ирэх аравдугаар сарын 2028-нд Унгарын Будапешт хотноо дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулна. Азийн наадмын дараа манай шигшээ баг Японы шигшээ багтай хамтарсан сэргэлтийн бэлтгэл хийнэ. Үүний дараа эмэгтэй тамирчид Польшийн олон улсын тэмцээнд оролцох юм. Харин эрэгтэйчүүд ирэх есдүгээр сарын эхээр Якутад болох олон улсын тэмцээнд өрсөлдөнө. Ингээд Сочи хотноо ОХУ-ын шигшээ багтай хамтарсан хоёр долоо хоногийн бэлтгэл хийх байх. Ирэх сарын 25-наас эх орондоо ирж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн цугларалтад гарах төлөвлөгөөтэй байна.

Г.НЯМСҮРЭН
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)