Азийн наадамд Монголын далбааг улсын харцага Н.Золбоо өргөж явлаа

 

Зураг

Олимпын дараа орох, хамгийн том спортын үйл ажиллагаа болох Азийн XVIII наадам нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд 55 сая ам.доллар зарцуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж буй. Азийн олимпын хорооноос зохион байгуулж буй, 18 дахь удаагийн Азийн наадам Индонезийн нийслэл Жакарта хотод болж байна. Азийн хамгийн анхны наадмыг 1951 онд Энэтхэгийн Дели хотод зохион байгуулсан түүхтэй. Энэ удаад эзэн орон болох Индонез 20-22 алтан медаль авч, медалийн тоо, чансаагаар эхний аравт багтах зорилго тавьжээ. Азийн наадамд тамирчид спортын 69 төрлөөр өрсөлдөнө.

Наадамд БНХАУ-ын 893, БНСУ-ын 813, Японы 793 наадмыг зохион байгуулагч Индонези улсаас хамгийн олон буюу 935, нийт 10 мянга гаруй тамирчин оролцохоор болжээ. Энэхүү наадмын Хэвлэл мэдээлийн төвд Азийн 45 орны сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин хуран цуглажээ. Тус төвд хэвлэлийнхэнд зориулсан бүхий л тоног төхөөрөмж, компьютер, интернэт сүлжээ болон хөнгөн зууш, ундаа, кофе цай зэргээр үйлчлэх хэсгийг байрлуулжээ. Тамирчид спортын 69 төрлөөр 460 гаруй багц медалийн төлөө энэ удаагийн наадамд хурд, хүч, ур чадвараа сорихоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Индонези улс Азийн наадмыг хоёр дахь удаа эх орондоо зохион байгуулж байгаа аж. Өмнө нь 1962 онд тус наадмыг Индонези улс авсан бол Тайланд, Энэтхэг, Өмнөд Солонгос улсад 2-3 удаа тус наадмыг зохион байгуулж байв.

Энэ удаагийн Азийн наадамд монголчуудын сайн өрсөлддөг самбо, кураш, жиюжицү бөхийн төрөл нэмэгдсэн учир манай улс түүхэндээ анх удаа спортын 30 төрөлд 300 шахам тамирчин илгээсэн юм. Азийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон манай тамирчдын тугийг Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Улсын харцага Н.Золбоо өргөж явсан бөгөөд үндэсний бөхийн зодог шуудгаа өмссөн нь олон орны гэрэл зурагчдын анхаарлыг татсан байна. Тухайлбал, “Ройтерс” мэдээллийн агентлаг үндэсний бөхийн зодог шуудагтай Н.Золбоогийн зургийг онцлон Азийн наадмын тухай мэдээлэлдээ оруулсан байна.

Индонезийн Ерөнхийлөгч мотоцикль хөлөглөв

Наадмын нээлтийн нэг онцлог нь Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо нээлтийн ёслол болж буй “Гелора Бунг Карно” цэнгэлдэхэд мотоцикль хөлөглөн орж ирсэн явдал байлаа. Тэрбээр цэнгэлдэхэд цугларсан 9000 гаруй тамирчин, 40 мянган үзэгчийн өмнө мотоциклиосоо бууж, гараа даллан мэндчилсэн байна. Жоко Видодо Азийн наадмыг нээхдээ “45 орны төлөөлөл болон хүрэлцэн ирсэн та бүхнээр бид бахархаж байна. Азийн XVIII наадам бол биднийг ахан дүүс гэдгийг батлан харуулах том боломж. Кувейтийн тамирчдыг олон жилийн дараа энэ наадамд оролцохоор болсонд их баяртай байна” хэмээн бүх оролцогчид амжилт хүссэн юм.

Азийн наадамд хоёр Солонгос нэгдэн оролцож байна

Энэ жил Индонезид болж буй Азийн наадамд Умард болон Өмнөд Солонгос нэгдэн оролцож буйгаараа онцлогтой болж байна. Наадмын нээлтийн ажиллагааны үеэр хоёр Солонгосын нэгдсэн баг цэнгэлдэхэд орж ирэх үед тэднийг “Солонгос” хэмээн зарлав. Өмнөд болон Умард Солонгосын хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хоёр тамирчин Солонгосын хойгийг дүрсэлсэн “Нэгдлийн далбаа”-г барьжээ. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Нак Ён болон Умард Солонгосын Ерөнхий сайдын орлогч Ри Рён Нам нар нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Нэгдсэн тамирчдыг цэнгэлдэх рүү орж ирэхэд тэд гар гараа барин хамт зогсож байв. Энэ удаагийн Азийн наадамд зориулж хоёр Солонгос спортын гурван төрөлд хамтарсан баг бүрдүүлсний нэг нь сагсан бөмбөгийн эмэгтэй баг юм. Хоёр Солонгосын нэгдсэн баг бүрэлдэхүүн спортын 11 төрөлд хүч үзнэ.

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)