Малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хүлээх үүргийг хуульд тодорхой зааж өгсөн

Малын генетик нөөцийн тухай хууль нь мал болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтны генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

     Малын генетик нөөцийг малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүс нутгийн онцлогт дасан зохицсон малын шинэ үүлдэр, омог бий болгох, малын эрсдэл даах чадавхийг бататган бэхжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх зэрэг зориулалтаар ашиглана.

Генетик нөөцийг судлан хөгжүүлэх эрх бүхий этгээд нь хүрээлэн, төв лаборатори, туршилт, үйлдвэрлэл-үйлчилгээний бааз, эрдэм шинжилгээний байгууллага, энэ чиглэлийн дээд сургууль, технолги дамжуулалт хариуцсан нэгж, гарааны компани, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч зэрэг болно.

Тиймээс энэ удаад Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх тэр дундаа малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хүлээх үүргийн талаар хуульд тусгасан зохицуулалтыг хүргэж байна. 

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үүрэг:

- Харьяалах нутаг дэвсгэрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;

- Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хувийн хэвшлийн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөрийг баталгаажуулах, ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийг холбогдох журмын дагуу шаталсан хэлбэртэйгээр олгох, бүртгэх, сүрэгт явуулах үржүүлгийн хөтөлбөрийн чиглэл, түвшинг тогтоох, баталгаажуулах;

- Орон нутгийн удирдлага, сум дүүргийн хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүл‎эх;

- Малын бүртгэл болон малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд төрөөс олгох мөнгөн урамшуулалтай холбоотой мэдээллийг үндэсний мэдээллийн нэгдсэн санд оруулах;

- Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, баталгаажуулах, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах, борлуулах, солилцох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;

- Үүлдэр, омгийн малд явуулж байгаа үржүүлгийн ажлын явц, үр дүнд хянан магадлагаа хийлгэж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх; 

- Нутаг дэвсгэрийн хэмжээнд цөм сүргээс жишигт тэнцсэн өсвөр малыг үржилд бойжуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх; 

- Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх; 

- Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн бүртгэлийг ажлын 5 өдөрт багтаан магадалж, хариуг албан бичгээр мэдэгдэх, үйл ажиллагаанд нь технологийн хяналт тавих.

Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн үүрэг:

- Сум, дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;

- Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд бүрэн хамруулах;

- Мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгжийг итгэмжлэх тодорхойлолтыг гаргах, Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавих;

- Мал сүргийн оновчтой бүтэц, зохистой харьцаа, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироонд хяналт тавих;

- Хээлтүүлэгч малыг удам зүйнд үнэлгээнд оруулах, бүртгэл хөтлөх;

- Малчин өрхийн гэрчилгээ, баталгааны тамга, мэргэжлийн үнэмлэхийн захиалгыг авч, холбогдох гатны байгууллагад хүргүүлэх, журмын дагуу олгох;

- Малыг ялган тэмдэглэх хувийн дугаарын захиалгыг өгөх, малыг ялган тэмдэглэх, ээмэгжүүлэх ажлыг мал үржүүлэг, технологийн нэгжтэй хамтран гүйцэтгэх, холбогдох журмын дагуу мэдээллийн нэгдсэн санд оруулах, баяжуулах, мэдээлэх, тайлагнах;

- Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэлийн байгууллагад хүргүүлэх;

- Малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдүүлэх;

- Генетик нөөцийг хамгаалах, түүнтэй холбоотой судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

- Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг сургах, дадлагажуулах арга хэмжээ зохион байгуулах, мэдээллээр хангах, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг баримтжуулан бүртгэх, түгээн дэлгэрүүлэх;

- Мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгжтэй хамтран үржлийн малын үзэсгэлэн худалдаа, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах ажлыг жил бүр зохион байгуулах;

- Малын удам гарваль, ашиг шимийн талаар тодорхойлолт гаргах, түүнд үндэслэн гэрчилгээ олгох, 

- Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийх, зохион байгуулах гэх мэт

Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн үүрэг:

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэв бүхий мал зүйчтэй, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж бүхий хуулийн этгээд, мал зүйч мэргэжилтэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж байгуулж, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөтөлбөрөө аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн албаар баталгаажуулснаар мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг эрхлэх эрхтэй болно.

- Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх;

- Малд үзлэг, ангилалт хийх;

- Малын удам гарвалийг  тодорхойлох;

- Малын ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох;

- Үр төлийн шинж чанарыг үнэлэх;

- Удам зүйн үнэлгээ хийх;

- Үржил, селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах;

- Үржүүлгийн хөтөлбөр боловсруулах;

- Сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох;

- Цөм сүрэг бүрдүүлэх;

- Малд зохиомол хээлтүүлэг хийх;

- Гойд ашиг шимт мал шалгаруулах;

- Үржлийн малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах;

- Малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх;

Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийг аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн алба, мэргэжлийн зэрэг, дэвийг генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, бүртгэнэ.

Мал үржүүлгийн ажилд олгох итгэмжлэл нь сүрэгт явуулах үржүүлгийн хөтөлбөрийн чиглэл, түвшнээс хамаарч шаталсан хэлбэртэй байна.

Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж нь тухайн сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж, дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

- Мал үржлийн ажлын стратегид нийцүүлэн үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллах;

- Үүлдэр, омгоос цөм сүрэг бүрдүүлэх;

- Өсвөр малыг үржилд шилж сонгох, ялган суурилах, үржлийн нас хүртэл бойжуулах, борлуулах;

- Технологийн зохистой хугацаанд үржлийн малд үзлэг, ангилалт, тохируулан сонголт хийх, бүртгэх;

- Бог малын, шаардлагатай тохиолдолд бод малын хээлтүүлэгчийг сүргээс тусгаарлан маллах, хяналтад авч бүртгэх, түрээсийн гэрээгээр ашиглуулах;

- Малын нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах, биотехнологийн ололт, биотехникийн аргыг нэвтрүүлэх;

- Зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ эрхлэх;

- Малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийг мөрдүүлэх;

- Малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохистой бүтцийн талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;

- Малын генетик нөөцийн ашиглалтын асуудлаар санал боловсруулах, эрх бүхий байгууллага, этгээдээр шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

- Малын удам гарваль, үүлдэрлэг байдал, ашиг шимийг тодорхойлох, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг арга зүйн удирдлагаар хангах;

- Аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн албаны зөвшөөрөлгүйгээр малд үржил, селекцийн ажлыг явуулах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих, эрх бүхий байгууллагад мэдээлэх;

- Үржүүлгийн бүтээгдэхүүн болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийж бүртгэх, тодорхойлолт гаргах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэх талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах ажил, үйлчилгээний нэгж нь аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албанд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Итгэмжлэлийн хуулбар

- Үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ үзүүлэх хүрээ, нэр төрөл, зорилго, чиглэлээ тодорхойлсон бизнес төлөвлөгөө

- Харьяа дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн дүгнэлт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)