Монгол, Хятадын боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ

 Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боомтын алба хоорондын уулзалт болж, Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны газар нутгаар хиллэдэг боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцжээ. Ингэхдээ боомтуудыг ижил төвшинд хөгжүүлэх, хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчилж адил төвшинд хүргэх, хоёр орны гаалийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна. Тухайлбал Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинээр байгуулах Цагаандэл уул-Өлзий боомтын бүтээн байгуулалт, “Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт оруулах тухай, Тавантолгой-Барууннаран чиглэлийн автозамын төгсгөлөөс Цагаандэл уул-Өлзий хилийн боомтын чиглэлийн тусгай зориулалтын автозамыг бүтээн байгуулах талаар харилцан мэдээлэл солилцжээ.

Уулзалтад Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын албаны дарга Си Чинь тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинээр байгуулах Цагаандэл уул-Өлзий боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)