Б.Баяраа: Монголын шатрын спортыг шинэ түвшинд гаргалаа

Шатрын “А” зэрэглэлийн дэлхийн шилдэг их мастеруудын тэмцээнийг өнгөрсөн сард Монгол Улсад анх удаа зохион байгуулсан. “Чингис” шатрын клубийг үүсгэн байгуулагч Б.Баяраа уг тэмцээнийг санаачлан энэ цагийн оюуны спортын шилдгүүдийг Монголд авчирсан юм. Түүнтэй тэмцээн өндөрлөсний дараа ярилцлаа.

-Дэлхийн шатрын их мастеруудын тулаан хэр сонирхолтой болов. Үзүүштэй өрөг олон байв уу?

-Олон улсын шатарчдын анхаарлыг татсан тэмцээн боллоо. АНУ-ын их мастер, олимпын алтан медальт тамирчин Рэй Робсон долоон оноогоор тэмцээнийг тэргүүлж, Азербайжаны их мастер Нижат Абасов зургаан оноогоор удааллаа. Гуравдугаар байрыг Азербайжан, Оросын тамирчид тус бүр таван оноотой тэнцэж, хуваан эзэлсэн. Ер нь тамирчид эн тэнцүүхэн өрсөлдлөө. Гуравдугаар өрөгт онооны зөрүүтэй явсан ОХУ-ын тамирчид учраа таарч 130 нүүдэл хийлээ. Үр дүнд нь хоёр оноотой тэргүүлж явсан тамирчин хожигдсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон. Азербайжаны их мастеруудын өрөг ч их сонирхолтой болсон. Тэд хоорондоо 95 нүүдэл хийж тэнцсэнээр өргөө дуусгасан. Тэмцээнийг онлайнаар цацсан нь энэ удаагийн тэмцээний нэг онцлог байлаа. Өмнө нь АНУ-д гурван удаа зохион байгуулсан учир аль хэдийнэ шатарчдын танил болсон, нэр хүндтэй тэмцээн болж чадсан. Монголд анх удаа зохион байгуулж байгаа тэмцээний нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайд хүрэлцэн ирсэнд туйлын их талархаж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаараа Монголын шатрын спортыг шинэ түвшинд гаргасан явдал юм.

-Тэмцээнд оюун ухаанаа сорьсон монголын тамирчид ямар амжилт гаргасан бэ?

-Монголын гурван тамирчин хэдийгээр тэмцээнд түрүүлж чадаагүй ч дэлхийн их мастеруудтай амжилттай тоглосон. Манай клубт зөвлөх багшаар ажиллаж буй АНУ-ын их мастер Звиад Изориа мөн амжилттай өрсөлдлөө. 2018 оны улсын аварга, олон улсын мастер С.Билгүүн энэ тэмцээнээс хоёр оноо авсан. Тэрбээр энэ удаагийн тэмцээнээс их мастер цолны болзол хангах боломжтой байсан ч чадсангүй. Дэлхийн шатрын холбооны мастер Ц.Лхагвасүрэн 3.5 оноо авч, олон улсын мастер цолны болзол хангах нэг оноог авсан нь тэмдэглүүштэй үйл явдлын нэг байлаа. Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Ц.Батчулуун 4.5 оноо авлаа.

-Энэ удаагийн тэмцээнээс манай шатарчдын сул болон давуу тал ажиглагдсан байх. Их мастеруудтай тоглохдоо юун дээр бүдэрч, оноо алдав?

-Энэ талаар тамирчдаас дэлгэрэнгүй асуух нь зүйтэй. Миний хувьд эх орондоо болсон томоохон тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаараа бахархаж байна. Тэд дэлхийн их мастеруудтай тэмцээний үед хамт байсан учир тэдний биеэ хэрхэн авч явж байгаагаас эхлээд цагаа хэрхэн хуваарилах зэрэг олон зүйлийг нь ажигласан байх. Энэ утгаараа өгөөжтэй тэмцээн боллоо гэж дүгнэж байна.

-Дэлхийн шилдгүүдийн тулааныг харахаар олон хүн ирсэн үү?

-Техник технологи хөгжсөн өнөө үед аливаа мэдээллийг гар утсаараа хаанаас ч авах боломжтой болсон. Бид тэмцээнийг онлайнаар цацсан учир хүмүүс биечлэн ирэлгүйгээр их мастерууд тоглолтуудыг үзэж дор бүрнээ дүгнэлт хийсэн байх гэж найдаж байна. Тэр бүр тоглолтыг нь үзэж, уулзах боломжгүй их мастеруудын хэрхэн нүүж, яаж тоглож байгааг манай клубт ирээд дэргэдээс нь харахад илүү өгөөжтэй учир тэмцээнийг үзэгч сонирхогчдод нээлттэй үзэх боломжоор хангасан. Ялангуяа өсвөрийн залуу тамирчид маань их мастеруудын тав, зургаан цаг тоглохдоо ямар нүүдэл хийж байгааг ирж үзсэн бол дараа дараагийн тоглолтод нь туршлага болох байсан. Ер нь хангалттай тооны үзэгчид ирээгүй нь надад чамламаар санагдсан.

-Та энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах уу?

-Энэ удаагийнхтай нийлээд дөрвөн тэмцээнийг хувиараа зохион байгууллаа. Ийм өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо хийх амаргүй. Гэхдээ тэмцээнийг ивээн тэтгэх хувь хүн, байгууллагуудтай ярилцаад уламжлал болгон зохион байгуулах бодол бий. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад “Номин” констракшн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд тусалсан. Түүнчлэн “Мобиком” корпораци хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Ер нь Чингис хаанаараа овоглосон, олон улсад танигдсан энэ тэмцээнийг цаашид аваад яваасай гэж төр, засгаасаа хүсэх бодолтой байгаа.

-“Чингис” клуб үйл ажиллагаагаа өргөжүүлж тамирчидтай гэрээ хийж байгаа. Мөн АНУ-ын их мастерыг зөвлөх дасгалжуулагчаар ажиллуулж буй нь шатрын спортын хөгжилд ямар их анхаарал хандуулж буйг илтгэнэ. Цаашид тамирчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд танай клуб ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Тамирчдын хөгжил олон зүйлээс шалтгаална. Үүний нэг нь олон улсын тэмцээн зохион байгуулах юм. Түүнчлэн манай клубийн зөвлөх дасгалжуулагч их мастер Звиад Изориа манай тамирчидтай ажиллаад хөгжүүлэхэд хэд хэдэн гаргалгаа байгааг надад хэлсэн. Ер нь төр, засгаас тууштай, бодлоготойгоор дэмжвэл тухайн улсын шатрын спорт маш хурдан хөгждөг. Тухайлбал, Азербайжан улс шатрын дэлхийн аваргатай болохын тулд тамирчдаа 50 мянга хүртэлх доллараар цалинжуулдаг. Өөрөөр хэлбэл, ар гэрийнх нь амьдрал баталгаатай болох хэмжээнд хүртэл тамирчнаа дэмжсэнээр амжилтад хүрдэг юм. Бид энэ амжилтад хүрэх алхмыг тавьж байгаадаа баяртай байна. Чингис хаан дэлхийн олон улсыг эзэлж байсан бол бид шатрын спортоороо яагаад дэлхийд манлайлж болохгүй гэж. Аль ч орны хүн Монгол Улсаас шатрын дэлхийн аваргатай болно гэдэгт эргэлзэхгүй. Тиймээс би клубтээ шинэ залуу тамирчдыг элсүүлж байгаа юм. 12-14 жилийн хөдөлмөрийн дүнд тамирчин их мастер болж байна. Ийм үр дүнд хүрэхийн төлөө бид ажиллаад, төлөвлөөд байгаа юм. Монголчууд өөрсдийн гэсэн арга барилтай болж дэлхийн аварга төрүүлнэ. Түүнээс биш ганц, хоёр тамирчныг тусгайлан дэмжээд амжилтаа ахиулж чадахгүй.

-Дэлхийн шатрын олимпиадад танай клубийн хоёр дасгалжуулагч оролцохоор хилийн дээс алхах гэж буй нь клубийн нэг амжилт болох байх?

-Энэ жилийн шатрын олимпиадад Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер С.Билгүүн нар оролцоно. Энэ дашрамд, Ц.Батчулууныг клубийнхээ гүйцэтгэх захирлаар ажиллах болсныг дуулгая. Шатрын олимпиадыг тамирчид “Найзуудтайгаа уулзах үдэшлэг” гэж ярьдаг юм билээ. Үүнд тамирчдаа сайн оролцох байх гэж найдаж байна. Ер нь манай тамирчид дэлхийн түвшинд хүрэхэд хол байна. Тиймээс улсын гүнзгийрүүлсэн сургалттай 100 хүүхдийн шатрын ангитай болох нь миний ойрын зорилго. Шатрын спортын амтанд нэг орвол өөр зүйл сонирхолтой санагддаггүй.Тиймээс хүүхдүүдийг, залуу шатарчдыг багаас нь шатрын спортод дуртай болгох хэрэгтэй.

-Та Монголоос шатрын дэлхийн аварга төрүүлэх мөрөөдөлтэйгөө өмнөх ярилцлагад дурдсан. Энэ амжилтад хүрэхийн тулд ямар ажил зохион байгуулбал зохистой байх бол?

-Би дэлхийн аварга шатарчдыг төрөлхийн авьяастай гэж боддог. Тиймээс төрөлхийн авьяастныг хайх хэрэгтэй. Үүний тулд бид шатарчдад өсч хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Тиймээс олон тэмцээн зохион байгуулъя гэж бодож байна. Энэтхэгийн супер их мастер Суряа Гангули их мастер хүртлээ дасгалжуулагчгүй байсан. Тэр зөвхөн номтой нөхөрлөж их мастер болсон байдаг. Тиймээс монголчууд шатрын дэлхийн аваргатай болохын тулд нэгдэж ажиллах хэрэгтэй.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)