Р.Булган: Их театрын тайзнаа бүжиглэснээрээ бахархдаг

Анир чимээгүй танхимд тоглолт намуухан жаргахад хуран цугласан олны нижигнэсэн алга ташилт нүргэлэн цуурайтаж, баглаа цэцэг тайз дүүрэн алаглаад гагцхүү цэцгэн далайд умбах хунгийн дэвэлт цайран харагдах нь гайхалтай. Дэлхийн бүжигчдийн ур чадварыг тодорхойлдог “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээнэ гэдэг шинэхэн гоцлоочийн хувьд бахармаар үйл явдал. Сонгодог урлагийн нэгэн том өлгий болсон Оросын Пермь хотын Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа Монголын анхны эмэгтэй балетчин Р.Булгантай уран бүтээлийн яриа өрнүүлсэн юм.

Алтан тайзны залуу хун тэрбээр Монголын балетын урлагийн түүхэнд анхны гэх тодотголтой олон үйл явдлын эзэн. Тухайлбал, олон улсын “Арабеск 2018” балетын тэмцээнд 18 насандаа амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн, Оросын театрт гоцлол бүжигчнээр ажиллах болсон анхны балетчин билээ.

-Оросын дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчин болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. П.Чайковскийн нэрэмжит Пермийн театрт бүтээсэн анхны дүр, сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Би Пермийн хореографын сургуулийг өнгөрсөн хавар төгсч хотынхоо Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр орсон. Театрын намар цагийн 147 дахь улирлын нээлт “Хунт нуур” балетаар энэ сарын 2-нд эхэлсэн юм. Балетын гол дүрийг бүтээх хариуцлагатай үүрэг надад ногдсон. Гоцлоочийн гараагаа “Хунт нуур” зэрэг алдартай балетаар эхлүүлэх болсондоо эхэндээ түгшиж байв. Тоглолтын өмнөх үдэш сэтгэл догдлоод нойр хүрээгүй шүү. Тайзан дээр гарахын өмнө догдлол, сэтгэл хөдлөл, баяр хөөр давхцаж байсан. Тоглолт дуусч үзэгчид суудлаасаа босч баяр хүргэхэд л тайвширсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Санкт-Петербург, Москва хотын урлагийн сургууль, хөгжим бүжгийн колльеж болон Их театрын уран бүтээлчдийг Пермьд нүүлгэн шилжүүлж байсан учраас манай хотын оршин суугчид сонгодог урлагийг дээдэлдэг. Нээлтийн тоглолт болоод ч тэрүү үзэгчид тасралтгүй баяр хүргэн хөшгийг дахин нээж бид хоёр дахиа ёсолсны дараа ч алга ташилт үргэлжилсээр байсан. Үгээр хэлэхийн аргагүй гайхалтай сэтгэгдэл төрсөн шүү.

-Пермийн хореографийн сургуульд суралцах боломж тэр бүр хүнд тохиохгүй.Орост төдийгүй дэлхийд алдартай энэ сургуулийг Монголын шилдэг балетчид төгссөн байдаг. Тиймээс багш нар болон сургуулийн захиргаанаас монгол оюутнуудад ам сайтай байсан уу?

-Балетын бүжигчин болоход ээж минь нөлөөлсөн. Долоон настайд минь Хөгжим бүжгийн колльежийн балетын ангид шалгуулсан боловч нас бага гээд элсүүлээгүй юм. Тэгээд Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн удирдлага дор гурван жил хичээллэж, балетын гараагаа эхлүүлсэн. Тухайн үед багш маань Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетмастер байсан юм. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Ганчимэг багштайгаа хичээллэж байлаа. Энэ хоёр багш маань балетын суурийг маш сайн тавьснаар мэргэжлийн балетын бүжигчин болох үндсийг тавьсан. Намайг арван настайд Пермь хотын хореографийн сургуулийн багш нар Монголоос элсэлт авахаар ирсэн юм. Шалгаруулалтад тэнцэж найман жил суралцан төгссөн. Манай сургууль сонгодог балетын дэгээрээ дэлхийд алдартай учраас гадаадын оюутан олноор суралцдаг. Монголын шилдэг олон балетчин Пермийн сургуулиас төрөн гарсан байдаг. Их театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байсан У.Бат-Эрдэнэ ах тэргүүтэй алдартай бүжигчид энэ сургуульд Монгол Улсын нэр хүндийг дархалсан гэж хэлж болно.

-Хүүхэд наснаасаа амьдарсан учраас Пермь хот таны сэтгэлд дотно байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Сургуулиа төгсөхдөө Оросын гурван театраас гоцлол бүжигчнээр ажиллахыг хүссэн урилга хүлээж авсан. Пермийн театраас гадна Свердловск буюу одоогийн Екатеринбург хотын Дуурь бүжгийн эрдмийн театр, Н.Касаткины нэрэмжит Москвагийн классик балетын театрын төлөөлөгчид надтай уулзсан юм. “Арабеск 2018” олон улсын уралдааны дараа 18 нас хүртлээ амьдарсан Пермь хотынхоо Дуурь, бүжгийн эрдмийн театрыг сонгосон.

-“Арабеск 2018” олон улсын уралдаанд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн. Өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-Дуурь, бүжгийн эрдмийн театрын багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн удирдлага дор Бээжингийн олон улсын наадамд 2017 онд оролцож байлаа. Тиймээс “Арабеск” уралдаанд багагүй туршлагатай оролцсон. Олон улсын уралдаанд оролцохдоо бичлэгээ урьдчилж илгээдэг. Залуучуудын ангилалд 18-25 насны бүжигчид өрсөлддөг. Сургуулиа ч төгсөөгүй бидний хувьд театрт ажиллаж дадлагажсан бүжигчидтэй өрсөлдөхөд туршлага дутдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон тэмцээнд би Монгол Улсаа, сургуулиа төлөөлөн оролцож 15 улсын 79 бүжигчинтэй өрсөлдсөн.

-Бүжигчний ур чадвараа сорих ээлжит уралдаандаа бэлтгэж эхэлсэн үү. Эсвэл Оросын том театрын удирдлагууд залуу бүжигчдээ олон уралдаанд оролцуулах дургүй байдаг уу?

-Би тэмцээн хэссэн бүжигчин биш ур чадвартай гоцлооч болохыг илүүд үздэг. Их театрын гоцлооч Ольга Смирнова гайхалтай бүжигчин ч тэмцээн уралдаанд тэр бүр оролцдоггүй. Гэхдээ балетын олимп гэгддэг Варнагийн олон улсын тэмцээнд хоёр жилийн дараа оролцож өөрийгөө сорих бодолтой байгаа.

-Үлгэр дуурайлал авдаг, хайрлаж хүндэлдэг бүжигчин бий юү?

-Их театрын гоцлол бүжигчин асан Наталья Осиповаг багаасаа шүтэн биширсэн. Тэрбээр Лондоны Хатан хааны театрт гоцлоочоор бүжиглэдэг дэлхийн супер оддын нэг. Би түүний бараг бүх бичлэгийг үзсэн байх. Азтай тохиолоор Осипова Пермийн академик театрт 2017 онд урилгаар ажилласан юм. Пермьд байх хугацаандаа манай сургуулийн таван сурагчид мастер класс орохоор болсон. Сургуулийнхаа шилдэг таван сурагчид багтаж, бишрэн шүтдэг бүжигчнээрээ хичээл заалгасандаа баяртай явдаг. Ялангуяа дэлхийд гайхагддаг Наталья Осиповагаар алдаагаа шүүлгэнэ гэдэг олдохгүй боломж юм.

-Ер нь дэлхийд гайхагдсан балетын бүжигчин болоход ур чадвар чухал уу эсвэл тэвчээр үү?

-Балетыг хатуужлын урлаг гэдэг. Тэвчээртэй бүжигчид балетын урлагт амжилт гаргах нь элбэг. Гэхдээ хэтэрхий хичээж, сургуулилтаа махран хийснээр гайхалтай бүжигчин болохгүй. Балетыг тархиараа бүжиглэдэг. Ямар хөдөлгөөнийг яаж бүжиглэх вэ гэдгээ оюун бодолдоо удаан эргэцүүлж, бүжиглэхийг хичээдэг. Хэн нэгнийг дуурайж бүжиглэх дургүй. Хүмүүс хар, цагаан хунд бүжиглэхийн тулд гоё гартай байх шаардлагатай гэдэг. Төгс гартай биш ч гараа уран гоё хөдөлгөдөг байж болно шүү дээ.

-Алдарт П.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр гоцлоочийн гараагаа эхэлсэн таны мөрөөдлийн дүрийг мэдэж болох уу?

-“Жизель” балетын гол дүрд бүжиглэхийг мөрөөддөг. Гэнэн цайлган, уяхан, хайртай хүнийхээ төлөө үхэж чаддаг Жизелийн дүр бүжигчнээс ур чадвар, уран жүжиглэлт шаарддаг. Ер нь хэцүү дүр гэж хэлж болно. Энэ дүр романтик, гуниг гээд сэтгэлийн бүх хөдөлгөөнийг гаргадгаараа онцлогтой.

-Оросын балетын бүжигчид Их театрт бүжиглэж энэ том тайзаар овоглуулахыг хүсдэг. Танд тийм нууцхан хүсэл байдаг уу?

-Өнгөрсөн гуравдугаар сард Их теарт болсон Оросын балетын шилдэг найман академийн тоглолтод сургуулиа төлөөлж оролцож байлаа. Мөрөөдөл болсон Их театрын тайзан дээр бүжиглэсэндээ бахархдаг. Эрмэлзэлтэй, ажилдаа мэрийлттэй байхад бүтэхгүй зүйл үгүй.

-Хилийн чинадад ажиллаж, амьдардаг Монголын балетын бүжигчидтэй холбоотой байдаг уу. Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрт бүжиглэх юмсан гэсэн бодол бий юү?

-АНУ-д мэргэжлээрээ багшилж буй У.Бат-Эрдэнэ ах мэргэжлийн зөвлөгөө, сэтгэл санааны дэмжлэг өгдөг. Ялангуяа сэтгэл санааны дэмжлэг бидний хувьд их чухал. Монголын театрын хамт олонтойгоо хамтран ажиллахсан гэж боддог. Театрын захиргаатай уулзахад “Хөтөлбөрөө боловсруулсан тохиолдолд театрын хаалга үргэлж нээлттэй байх болно” гэхэд үнэхээр баярласан.

-Балетын эмэгтэй бүжигчдийн өрсөлдөөнийг ширүүхэн гэцгээдэг. Залуухан монгол бүжигчинг хамт олон нь хэрхэн угтсан бэ?

-Өрсөлдөөн байлгүй яах вэ. Гэхдээ би өрсөлдөөнд ач холбогдол өгдөггүй учраас бусдын хандлагыг анзааралгүй өнгөрөөдөг. Сурагч байхаасаа “Миний өрсөлдөгч бол би” гэсэн зарчим баримталсан. Өөрийгөө ялж байж л амжилтад хүрнэ. Хэн нэгэнтэй өрсөлдөж, бусдаас илүү гарч, өөртөө сэтгэл ханаж зогсонги байдалд орно гэдэг харамсалтай шүү дээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (202.9.43.25)

    2018-09-09

    амжилт хүсэе

  • ЗОЧИН (202.9.43.72)

    2018-09-09

    маш хэцүү мэрэгжил сонгоод маш сайн байна гэдэг их амжилт шүү балетын эх оронд шүү улам их амжилт гаргаарай хурай хурай хурай

  • Зочин (203.91.115.37)

    2018-09-09

    Аав нь сурлага гэж лут байлаа. Ээж нь ч мөн сурлагатай спортлог эмэгтэй. Ер нь урлаг спортод овуны потенциал өндөртэй хүн амжилт гаргах юмаа. Булган бас олгой сайтай охин. Амжилт гарганаа. Хорин насандаа гавьяат болох охин доо. Төгсөнгүүт гол дүр гэхээр бахдмаар л байна. Оросод түүнийг ирээдүйн дэлхийн балетчин гээд хэдий нь хүлээн зөвшөөрч эхлэсэн гэхээр л мундаг байна Хар цагаан хэл ам цаашаа байгаасай.

  • Зочин (203.91.115.37)

    2018-09-09

    Аав нь сурлага гэж лут байлаа. Ээж нь ч мөн сурлагатай спортлог эмэгтэй. Ер нь урлаг спортод овуны потенциал өндөртэй хүн амжилт гаргах юмаа. Булган бас олгой сайтай охин. Амжилт гарганаа. Хорин насандаа гавьяат болох охин доо. Төгсөнгүүт гол дүр гэхээр бахдмаар л байна. Оросод түүнийг ирээдүйн дэлхийн балетчин гээд хэдий нь хүлээн зөвшөөрч эхлэсэн гэхээр л мундаг байна Хар цагаан хэл ам цаашаа байгаасай.

  • dulmaa (202.9.41.102)

    2018-09-09

    Oyuni garig bodwol arai bogino yumu da

  • Mundag (150.31.8.237)

    2018-09-08

    Mundag huntei saihan yariltslaga bolson baina.

  • Nam bus irgen (89.24.97.71)

    2018-09-08

    Setgel mini sergeed saihan bolchihloo. Neg heseg ni idej uugaad hulgai zelgii hiigeed oftshaardaad Mongoliinhoo neriig shavartai hutgaj tenegtej baihad. Nuguu gegeeleg heseg ni bor zurheeree chadlaaraa avyasaaraa Mongoliinhoo neriig delhiid tsuuraituulj bahdam saihan amjilt gargaj baina. Gaihamshigtai ohid huvguud bainaa baina. Saihaan saihan.