А.Билгүүн: Уул уурхайн компаниуд олон нийттэй ойлголцохыг хүсч байна

Өнгөрсөн долоо хоногт уул уурхай, эрдэс баялгийн салбараар “амьсгалсан” өдрүүд үргэлжиллээ. “Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр “MIBG” компанийн гүйцэтгэх захирал А.БИЛГҮҮНТЭЙ ярилцсан юм.

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаасаа шууд хамааралтай байна. Энэ салбарын төлөв байдал ямар байгаа вэ?

-Монголын уул уурхайн салбар асар хурдацтай хөгжиж байна. 2000 оны эхнээс гадаадын хөрөнгө оруулалтыг энэ салбарт татаж эхэлсэн. Энэ үеэд гаднын компаниуд хөрөнгийн бирж дээр IPO хийж хөрөнгөө босгоод Монголд орж ирдэг ганцхан л модель байсан. Өнөөдөр энэ хэлбэр илүү олон хувилбар, арга замтай болж дээрх моделиор эхэлж байсан зарим компани Монгол Улсын Засгийн газартай хамтарч, “Оюутолгой” гэх том аж ахуйн нэгж болчихсон байна. Нөгөө нэг нь гадаадын томоохон компанитай хамтраад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байх жишээтэй. Зарим нь Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийгээд хувьцаа эзэмшигчдийнхээ тоо, хамрах хүрээг өргөжүүлж байна.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн болж байгаа бол “Багануур”, “Шивээ-Овоо” компани нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөсөн байна. Төрийн өмчит эдгээр аж ахуйн нэгжээс гадна хувийн хөрөнгө оруулалттай компаниуд ч энэ чигт анхаарч эхэллээ. Ер нь Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хандлагыг анзаарвал монголчуудын оролцоог аль болох нэмэгдүүлэх бодлого барьж байна. Үүнд хэд хэдэн хүндрэл бэрхшээл байх шиг санагдаад байгаа юм.

-Тухайлбал, ямар бэрхшээл, сөрөг нөхцөл байна вэ?

-Юуны өмнө тодорхой хэмжээний боломжит хуримтлал алга. Хоёрдугаарт, уул уурхайн салбар нь асар өндөр эрсдэлтэй. Тийм болохоор хүний ирээдүйдээ зориулж хадгалсан хуримтлалыг энэ салбарт татаж оруулахын тулд хууль эрх зүйн сайн орчин, таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулж буй гадаадын компани монголчуудтай аль болох ойлголцох, хамтарч ажиллах, олон нийт рүү хандсан үйл ажиллагаа явуулах, байгаль орчинд ээлтэй байх, нийгмийн чиглэлд хариуцлагатай болохыг хичээж байгаа нь анзаарагдаж байгаа юм. 2008-2009 оны үед гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд орж ирэх сонирхол маш их байсан. Төр засгийн тогтворгүй байдал, татварын таагүй орчин зэргээс шалтгаалаад 2016 оны дунд үе гэхэд ийм сонирхол эрс муудсан тал бий. Гэвч сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэж эхэлсэн. Үүнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Coal Mongolia”, “Discover Mongolia” арга хэмжээ батлан харууллаа. Аливаа амьд организм өөрийгөө байнга тэтгэж, шинэчилж байдагтай адил уул уурхайн салбарынхан алдаанаасаа суралцаж, улам туршлагажиж үйл ажиллагаа нь сайжирч байна. 2000 оны эхэн үед Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбар ийм өндөр хэмжээнд хүрнэ гэх хүлээлт байгаагүй л байх. Гэтэл хөрөнгө оруулалт, техник технологи болон бусад ажлын хөгжил ямар болсныг бид харж байгаа ч бас шүүмжлэлтэй зүйл цөөнгүй байдаг. Үүнийг өнгөрсөн хоёр чуулга уулзалтаар сайтар ярилцлаа. “Discover Монголиa” чуулга уулзалтаас өмнө уул уурхайн салбарт тулгарч буй бэрхшээл, хууль эрх зүй, татварын орчны талаар урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн нь маш үр дүнтэй арга хэлбэр байлаа. Тэнд уул уурхайн хайгуул, ашиглалт олборлолтод хариуцлагагүй хандаж, байгалийн нөхөн сэргээлт хийдэггүй хэсэг компани энэ салбарт ажиллаж буй нийт аж ахуйн нэгжийн нэр хүндийг унагаж байгаа тухай нэлээд шүүмжилж ярилцсан.

-Өргөн хүрээнд төр, засгийн оролцоотой зохион байгуулсан хоёр том чуулганаас тодорхой шийдвэр гаргадаггүй ч тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлаа харилцан ярилцаж, ойлголцолд ойртуулахад дөхөм болдог сайн талтай. Тухайлбал, нүүрсний салбарын хамгийн гол асуудал юу байна вэ?

-Нүүрсний салбарт дэд бүтцийн тухай ярихаас өөр аргагүй. Манайд нүүрсний нөөц хангалттай байна. Бид үүнийгээ олборлож чадаж байна. Одоо гагцхүү тээвэрлэх, зах зээлд хамгийн хурдан хүргэх асуудал л тулгамдаж байгаа юм. Үүний тулд авто болон төмөр замын дэд бүтцээ хэдий хэр хурдан барьж байгуулж чадна, тэр хэрээр нүүрсний салбараа хөгжүүлж, улс орны эдийн засагт өгөх үр өгөөж нь нэмэгдэнэ. Энэ ажлыг яаравчлахгүй бол 2030 он гэхэд оройтсон байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, нүүрсний эрэлт хэрэглээ одоохондоо их, үнэ ханш нь өнөөдөртөө боломжийн байгаа ч ирээдүйд хүн төрөлхтний хэрэглээнээс шахагдах магадлалтай эрдэс баялаг шүү дээ.

-Ашигт малтмал, байгалийн баялаг ихтэй улс орнууд эрдсийн бүтээгдэхүүний үнэ ханш өндөр байх үеийг ашиглаж, хуримтлалын сангаа баяжуулдаг гэсэн. Манайд тийм боломж бүрдэх болов уу?

-Эрдэс баялгаас олж буй ашгаасаа хуримтлалын сан байгуулах нь чухал. Гэхдээ манай улсын уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлж байгаа хөрөнгийн хэмжээ хуримтлалын сан үүсгэх түвшинд хүрээгүй байна. Уг нь энэ хэмжээнд хүргэхийн тулд хайгуулын шатанд яваа бүх төслийг ашиглалтын түвшинд хүргэж, олборлолт явуулсны дүнд тэдгээр нь ашигтай ажилладаг болох хэрэгтэй. Өнөөдөр бид эргэлтэд оруулсан уурхай ордоо багахан хүрээнд ашиглаж, дээрээс нь ОУВС-гаас тусламж дэмжлэг авч байж үлгэн салган амьдарч, өр ширээ хугасалж байгаа шүү дээ. Тэгэхээр эхний ээлжид уул уурхайн салбараа тогтвортой болгож, дараа нь хуримтлалын тухай ярих хэрэгтэй байх. Сүүлийн хэдэн жилд Монголын Засгийн газраас баримталж байгаа бодлого харьцангуй тогтвортой болж эхэлсэн. Мөн эрдсийн бүтээгдэхүүний ойрын ирээдүйн төлөв байдал, үнэ ханш буурахгүй байх таамаглалтай байгаа зэрэг нь бидэнд завшаантай хэрэг. Үүнтэй холбогдон хөрөнгө оруулагчдын хандлага ч нааштай болж байна. Үүнийг л бид алдаж болохгүй.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)