Жэк Ма: Миний эрин үе эхэлж байна

“Алибаба” цахим худалдааны үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма “Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр боловсролдоо анхаарахын тулд өнөөдөр тэтгэвэртээ гарч компанийн хэргээс хөндийрөх бодолтой байгаагаа ярилцлагадаа онцолжээ. Жэк Ма 54 насандаа тэтгэвэртээ гарч буйгаа төгсгөл биш харин “Миний нэг эрин үеийн эхлэл” гэж тодотгосон байна.

-Та дөрвөн жилийн өмнө гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ирсэн. Тухайн үед залуучуудын багт компаниа даатгахдаа эрсдэлээс айж байв уу?

-Хүн бүр алддаг. “Алибаба” группийг би удирдаж байгаа ч хааяа алдаа гаргадгаа нуудаггүй. Магадгүй биднийг амжилттай үйл ажиллагаа явуулдаг, ямагт ухаалаг бодлого хэрэгжүүлдэг гэвэл эндүүрэл болох биз. Би туйлын тэнэг гэмээр шийдвэр гаргасан ч харамсч үзээгүй. Үндсэн хөрөнгө гэхээр зүйлгүй 18 хүн хэлэлцээд “Алибаба” компаниа анх байгуулсан. Бид ашиггүй ажиллаж, хэн ч бидэнд мөнгө төлдөггүй байв. Манай анхны орлого мөнгөн хэлбэрээр биш, харин “Залуус аа, бидэнд тусалсанд баярлалаа. Харамсалтай нь, танай үйлчилгээнд төлөх мөнгө алга даа” гэсэн захидал байсан. Бид үйлчлүүлэгчдээ хариу захидал бичдэг байлаа. Тухайн үед шантарсан бол бид өнөөдөр амжилтад хүрэхгүй байсан. Гэхдээ бид азтай байсан шүү. Заримдаа хүмүүс надад "Чи ямар азтай юм бэ” гэдэг.

-Компанийнхаа хэтийн төлөвийг хэрхэн харж байна вэ?

-“Алибаба”-г Хятадад байгуулсан ч Хятадын компани байх албагүй. Би дэлхий нийтэд зориулж компаниа байгуулсан. “Алибаба” бол хятад бус араб үг.

-Та Хятадын шинэ үеийн бизнесийн өнгө төрх төдийгүй сонирхолтой амьдралын түүхтэй бизнесмэн. Ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?

-Хүн бүр сонирхолтой амьдрал туулдаг. Би эгэл жирийн хятад гэр бүлд төрсөн. Гэхдээ хэзээ ч бууж өгч болохгүй, боломж амархан олддоггүй гэдгийг амьдралаасаа сурсан. Би Билл Гэйтсийн тухай уншсан цагаасаа түүн шиг болохыг мөрөөдсөн. Энэ сарын 10-нд албан тушаалаа хүлээлгэн өгнө. Миний эрин үе эхэлж байгаа учраас боловсролдоо анхаарч байгаль орчны салбарт буяны сан байгуулан ажиллах төлөвлөгөөтэй байна. Билл Гейтс бол миний мөрөөдөл. Түүн шиг мэдлэгтэй болохын тулд өөртөө сурах цаг хугацаа, хөрөнгө зарцуулна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)