Ц.Удвал: Дэлхийн бөхтэй учраа таарсан нь их туршлага боллоо

 “Жакарта Палембанг-2018” спортын наадмын хүрэл медальт, “Гаруда” академийн дасгалжуулагч Ц.Удвалтай ярилцлаа. Тэрбээр Монголын жюү- жицүгийн түүхэнд Азийн наадмын медальтан болсон анхны тамирчин юм.

-Анх оролцсон Азийн наадмаасаа хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Жакартагийн дэвжээнд барилдсан тамирчид хүчтэй байв уу?

-Баярлалаа. Азийн зуны спортын наадамд анх удаа оролцож хүрэл медаль авлаа. Миний барилдсан 62 кг-ын жинд 23 бөх хүч үзсэнээс би эхний тойрогтоо Вьетнамын бөхтэй учраа таарсан. Вьетнамын бөх жүдогоор хичээллэдэг босоо барилдаантай тамирчин байлаа. Би ч гэсэн спортын гараагаа жүдогоор эхэлсэн учир түүнтэй барилдахад амар байсан гэж хэлж болно. Хоёрдугаар тойрогтоо АНЭУ-ын бөхтэй барилдсан. Энэ барилдааны өмнөх өдөр нь манай багийн Ө.Эрдэнэбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд АНЭУ-ын бөхтэй барилдаад ялсан ч шүүгчдийн шийдвэрээр хожлыг өрсөлдөгч тамирчинд өгч харамсалтайгаар ялагдсан байлаа. Ө.Эрдэнэбаатар бид хоёр нэг ангийн оюутнууд. Би дэвжээнд гарахын өмнө түүнд АНЭУ-ын бөхөөс даагаа нэхнэ гэж хэлсэн. Найздаа амласнаараа АНЭУ-ын бөхийг ялж, хэсгийн аваргын барилдаанд БНСУ-ын бөхтэй барилдаад ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөхтэй таарч ялсан.

-Таны ялагдсан БНСУ- ын бөх жингийнхээ аварга болсон. Түүнтэй хийсэн барилдаанд юун дээр алдсан гэж бодож байна вэ?

-Азийн спортын наадмын үеэр барилдсан тамирчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь БНСУ-ын бөх байсан. Анх удаа хилийн дээс алхсан надад 70 кг-ын жинд барилддаг дэлхийн бөхтэй учраа таарсан нь их туршлага боллоо. Миний хувьд энэ барилдаанд чаддаг бүхнээ гаргасан. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж амжилтаа ахиулахын төлөө хичээх болно.

-Азийн наадмаас ирсэн даруйдаа Өвөрхангай руу явсан. Нутгийн зон олон таныг хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх удаа оролцсон тэмцээндээ амжилт гаргаад ирсэнд баяр хүргэж угтсан. Би айлын дунд хүүхэд. Миний авга эгч волейболоор хичээллэдэг нь намайг спортын хүн болоход нөлөөлсөн. Ер нь би багаасаа эршүүд, хөдөлгөөнтэй хүүхэд байсан учир намайг бөхийн секцэнд оруулж, 13 настайгаасаа жүдогоор хичээллэсэн дээ.

-2018 он таны х увьд амжилтын жил болж байна. “Гараа сайн бол бариа сайн” гэдэгчлэн улсын аваргаас эхэлсэн амжилтын буухиа одоо ч гэсэн үргэлжилсээр байна?

-Би жюү жицү бөхөөр хичээллээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх Өвөрхангай аймгийн Биеийн тамирын газарт жүдогоор хичээллэж эхэлсэн. Дотооддоо зохион байгуулсан тэмцээнд амжилтай оролцож, оюутан болоод МУБИС-ийн О.Болд-Эрдэнэ багшийн заавраар бэлтгэл сургуулилтаа хийж байлаа. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сараас “Гаруда” академид жюү жицүгийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулсан олон улсын тэмцээнд оролцож хошой мөнгөн медаль хүртсэн. 2018 оны улсын аваргаас хүрэл, Азийн нээлттэй тэмцээнд оролцож түрүүлээд Азийн наадамд оролцох эрхтэй болсон юм.

-Та МУБИС-ийн дасгалжуулагчийн ангийг төгссөн. Цаашдаа мэргэжлээрээ ажиллах уу?

-Би МУБИС-ийг жүдо бөхийн дасгалжуулагчаар төгссөн. Мэргэжлээрээ ажиллана гэж бодсон болохоор багшийнхаа зөвлөснөөр “Гаруда” академид туслах дасгалжуулагч хийж байна. Энэ нь ч намайг жюү- жицү бөхөөр хичээллэх замыг тавьсан.

-Жюү жицү олимпын төрөлд багтах цаг ойрхон байна.

-Тийм ээ. Азийн наадмын хөтөлбөрт багтсан юм чинь удахгүй олимпын төрөлд багтах байх. Тамирчин болгон олимпын наадамд оролцох зорилготой байдаг. Би ч гэсэн тэдэн шиг олимпын дэвжээнд гарч алтан медалийн эзэн болохыг зорьж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Жюү жицүгийн спортыг Монголд 2007 оноос О.Болд- Эрдэнэ багш хөгжүүлсэн. Бусад спортыг бодоход бэртэж гэмтэх нь харьцангуй бага байдгаараа давуу талтай. Хичээллэгсдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь хүмүүс нас харгалзахгүй сонирхож болдогтой холбоотой.

-Сар хүрэхгүй хугацааны дараа Улаанбаатарт болох олон улсын тэмцээнд та өрсөлдөх үү?

-Тэгнэ. Тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Олон улсын тэмцээн аравдугаар сарын 6-нд болно. Тэмцээнд одоогоор таван орны 200 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа. Бүртгэл хаагдах болоогүй учир тэмцээнд оролцох тамирчид нэмэгдэх байх.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

СПОРТЫН АМЖИЛТУУД:

  • 2008, 2009 онд жүдо бөхийн олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль
  •  2009 он самбо бөхийн өсвөрийн УАШТ-ээс хүрэл
  •  2010 он жүдо бөхийн өсвөрийн УАШТ-ээс хүрэл
  •  Олон хот болон Бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл
  • Нэрэмжит тэмцээнүүдийн хоёр мөнгө, хоёр хүрэл
  •  2011 он Хүүхдийн IV их наадмын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
  •  2011 оны шилдэг хүүхдээр шалгарсан
  •  2013 онд самбо бөхийн залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль
  •  2014 онд жүдо бөхийн үндэсний шүүгч болсон
  • 2017 онд “UB International pro” тэмцээнээс хоёр мөнгөн медаль
  • 2018 оны жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • 2018 оны Азийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртсэн байна.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.100.211)

    2018-09-10

    ingexed ooroo delxiin box bish galaktikiin boxuu