Экспорт, импортын зөрүү 869.2 сая ам.доллар байна

Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний найман сард 8.47 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь гадаад худалдаа 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг юм. Дурдсан хугацаанд дэлхийн 150 улстай худалдаа хийсний дотор хоёр хөрш экспорт, импортод давамгайлж байна. Гэхдээ экспорт, импортын хооронд 869.2 сая ам.долларын зөрүүтэй байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Тодруулбал, экспорт 4.67 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс даруй хагас тэрбум гаруй ам.доллароор өссөн байна.

Үүнд 11 хэсгийн барааны үнийн дүн нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн бөгөөд уул уурхай, нэхмэл эдлэлийн экспорт жин дарж байгаа аж. Харин импорт 3.8 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.0 хувийн өсөлттэй гарсан байна. Түүний дотор мод, модон эдлэлийн импорт буурсан бол эрдэс бүтээгдэхүүн (195.6 сая), машин, механик төхөөрөмж болон түүний эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг (223.2 сая), үндсэн төмөрлөг ба түүгээр хийсэн бүтээгдэхүүн (157.2 сая), авто, агаарын болон усан замын тээврийн хэрэгсэл, эд анги (204.7 сая), ургамлын гаралтай бүтээгдэхүүн (54.0 сая ам.доллар)-ий импорт өсөлттэй байжээ.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)