Хэлмэгдэгсдийн ар гэрт олгох нөхөн олговрыг ирэх оноос өгч эхэлнэ

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгож, тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсч, цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд уг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгожээ. Ингэснээр нийт 357 иргэнд 3.3 тэрбум төгрөгийн орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний буцалтгүй тусламжийг олгосон байна.

Түүнчлэн төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийн 14.340 иргэнд 215 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг 1922-1990 оныг хүртэл гэж заасан байдаг бөгөөд энэ хугацаанд улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31230 гаруй хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд 2002,2006,2009,2018 онд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэлмэгдэгсдийг цагаатгуулах, гомдол гаргах хугацааг хоёр жилээр сунгаж, 2020 оны арванхоёрдугаар сарын 31- ний өдөр хүртэл хүлээж авахаар болжээ. Харин нөхөн олговрын тухайд энэ жилийн улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас 2019 оноос эхлэн олгох юм байна. Хуулийн дагуу цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох юм.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)