Энэ оны долдугаар сарын байдлаар 80 мянган иргэн визийн хүсэлт гаргажээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Виз хариуцсан консул Кил Кан Му сэтгүүлчдийн асуултад хариулсаныг хүргэж байна.

- Олон удаагийн визийг гурав ба таван жилийн хугацаатайгаар олгоно гэлээ. Ямар шалгуураар визийн хугацааг ялгаатай нөхцөлөөр олгож байгаа юм бэ?

-Бид өнгөрсөн хугацаанд олон удаагийн виз олгож байсан туршлагадаа үндэслэн журмаа шинэчилж байна. Тухайн хүн олон жил ажилласан бол таван жилийн виз олгоно. Өөрөөр хэлбэл, ажилласан жилэээс нь шалтгаалж, визийн хугацааг тогтооно. Шинэчилсэн журмаар илүү нарийвчлалтай байх болно. Ер нь олон удаагийн визийн хугацааг ялгаатай байдлаар олгохдоо тухайн виз мэдүүлэгчийн ажилласан жилийн туршлага, болон бусад нөхцөлийг харгалзан үзэж ялгаатай олгох юм.

-БНСУ-д зорчих хүсэлтэй хэр олон монгол иргэн байна вэ?

-2016 онд 60 мянга, өнгөрсөн онд 130 мянган иргэн Солонгост зорчих визийн хүсэлт гаргасан. Энэ оны долоодугаар сарын байдлаар 80 мянган иргэн визийн хүсэлт гаргасан нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт юм.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх тохиолдол нэмэгдэж байна гэлээ. Хэчнээн иргэн ийм шалтгаанаар виз авч чадаагүй вэ?

-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал нь виз мэдүүлэх хугацаагаараа ялгаатай. Нийт тооноос илүү нэг жишээ хэлэхэд, долоо хоногт бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн 1000 тохиолдол гарч байна. Таван сая төгрөгийн барьцаа буюу санхүүгийн чадавхыг илэрхийлсэн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх тохиолдол маш их байдаг. Тиймээс Солонгос улс руу виз хүсэх иргэд зуучлагч байгууллагуудад хууртахгүй байхыг анхааруулж байна. Виз хүсэгч банкинд мөнгө байршуулсан эсэхийг манай зүгээс хурдан хугацаанд шалган тогтоодог. Тэгэхээр таван сая төгрөг байршуулах, банкны баталгаа хийж өгнө гэсэн зуучлагчийн үйлдэлд битгий хууртаасай гэж хүсч байна.

-Шинэчилсэн журмыг хэзээнээс мөрдөх вэ?

-Олон удаагийн визийн журмыг нарийвчилж дуусган аль болох богино хугацаанд ажил хэрэг болгоно. Ер нь аравдугаар сараас шинэчилсэн журмаа хэрэгжүүлж эхлэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа. Гэхдээ үүнийг хурдан хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа нь саад болж байна. Тийм учраас шинэчилсэн журмыг нарийвчлан тогтсоны дараа хэрэгжүүлж эхэлнэ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)