Мангкхут хар салхи Өмнөд Азийн орнуудад ихээхэн хохирол учрууллаа

 “Мангут” хар салхи Филиппин, Хонконг, Макао, БНХАУ-ын өмнөд хэсгийг дайран өнгөрчээ. Хятадын цаг уурын албанаас аюулын дээд буюу улаан түвшин зарласан ба “Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи дайрлаа” хэмээн мэдэгдэв. БНХАУ-ын 28 хүн амиа алдаж, 29 сая ам.долларын хохирол учруулсныг тогтоожээ.

Тропикийн хуй салхины чиглэл дагуу байрлах Гуандун мужийн эрэг хавийн бүс нутгийн иргэдийг аюулгүй газарт нүүлгэж, хоол хүнс, нэн шаардлагатай эд зүйлсээр хангаж эхэлсэн байна. Хөрш зэргэлдээх Хайнань мужийн эрх баригчид хуй салхитай холбогдуулан аялал жуулчлалын газруудыг хаахаар шийдвэрлэжээ. Хуй салхины Филиппин улсад учруулсан хохирлын хэмжээг бүрэн тооцоогүй байгаа бөгөөд 59 хүн амь эрсэдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Шаардлагатай бол олон улсаас тусламж хүснэ гэж Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгджээ. Байгалийн гамшгийн улмаас Филиппинд 2800 байшин барилга сүйдсэн ба өнгөрсөн даваа гарагийн байдлаар 155 мянган хүнийг түр хоргодох байранд шилжүүлсэн байна. Уулархаг бүс нутгуудын оршин суугчид гамшигт өртөөд байгаа бөгөөд хөрсний нурангийн улмаас замууд болон харилцаа холбооны сүлжээ тасарсан нь авран хайх ажиллагаанд бэрхшээл учруулаад байгаа ажээ.

ХОНКОНГ УСАНД АВТЛАА

Хонконгт сүүлийн 20 жил гараагүй хамгийн хүчтэй хар салхи 10 цаг үргэлжилжээ. Үүний улмаас Цим Ша Цуй Виктория боомтод далайн түвшин дөрвөн метрээр нэмэгдсэн байна. Өмнө нь 1999 онд дэгдсэн “York” хар салхи 11 цаг үргэлжилсэн нь түүхэнд гарч байгаагүй үзэгдэл болж байсан юм. Одоогоор хар салхины түгшүүрийн зэрэглэлийг бууруулаад байна. Өнгөрсөн ням гарагт бүсийн хэмжээнд албан газруудын үйл ажиллагаа бүхэлдээ зогсоод байсан ч Хонконгийн Хөрөнгийн биржийн арилжаа хэвийн үргэлжилж эхэлжээ. Хонконгийн нисэх буудлыг хэвийн ажиллагаанд оруулахын тулд холбогдох албаныхан боломжит бүхий л арга хэмжээ авч, ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр Хонконгт 391 хүн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ. “Мангут” далайн шуурга сүүлийн арван жилд Хонконгийн нутгийг дайрсан хамгийн хүчтэй салхи болон бүртгэгдсэнийг эх сурвалжид тэмдэглэлээ. Хонконгийн хэд хэдэн дүүрэг усанд автаж, хот даяар хэдэн зуун мод бут булгарч, зам талбайд хөглөрсөн байдалтай байгаа аж. Хонконгийн захиргаа дахин салхи шуурга дэгдэх эрсдэлтэй холбогдуулан дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгожээ. Мөн байгалийн онц үзэгдлийн дараах сэргээн босгох ажилтай холбогдуулан дунд сургуулиуд үүд хаалгаа барьж байна. Хонконгийн нисэх буудал ням гарагт далайн шуурганы улмаас 900 гаруй нислэгээ хойшлуулж, цуцалсан. Мөн далайд өндөр, хүчтэй давалгаа үүсч байгаатай холбогдуулан далайн тээврийг хэсэгчлэн сэргээжээ.

МАКАОГИЙН КАЗИНО ҮҮДЭЭ БАРЬЖЭЭ

Хар салхины улмаас Макаогийн казино түүхэндээ анх удаа үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Үүнээс шалтгаалан бизнес эрхлэгчид 185 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй гэж тоглоомын зах зээлийн судалгааны “Union Gaming” компаниас мэдээллээ. Казино даваа гарагаас хэвийн ажиллах ч өмнөх шигээ үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд хугацаа шаардлагатай байгааг албаныхан хэлэв. Түүнчлэн казиногийн орлого есдүгээр сард 15 хувиар нэмэгдэнэ гэсэн таамаг талаар болж, долоон хувиар буурах магадлалтайг зах зээл судалгааны “Govertsen” байгууллагаас мэдээлжээ. Бямба гарагт Филиппин улс хар салхинд өртөж, нөхцөл байдал хүндхэн байна. Филиппиний уулархаг Бенгет муж хар салхинаас болж хамгийн их хохирол амссан байна. Хар салхины улмаас баруун хойд бүсийн хөдөө аж ахуйн бүсэд 50 хүн амиа алдаж, 37 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Аврах багийнхан эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч замын гулгаа, халтиргаанаас болж хайгуулын ажиллагаа хүндрэлтэй байгааг мэдээлэв. Тус улсын Засгийн газар улсын хөдөө аж ахуйн салбарт 92 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэж тооцоолсон байна. Хар салхины нөлөөгөөр 175 мянган га тариалангийн газар сүйдэж, будааны бүх ургацаа алджээ. Мөн 5.7 сая хүн тодорхой хэмжээнд хохирол хүлээсэн байна.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)