Монголчуудын довтолгооны зурагт ном

 

Дэлхийн улс орнуудад Монголын тухай өгүүлсэн ном зохиол арвин бий. Японд буй Монголын түүхэнд холбогдох эртний сурвалжид 1293 онд зохиосон "Монголын довтолгооны зурагт ном" (Moko Shurai Ekotobo) зүй ёсоор багтдаг. Энэхүү бүтээлд Японыг дайлаар мордсон Хубилай хааны 1274, 1281 оны довтолгооныг зургаар харуулснаараа онцлогтой. Номыг дээр дурдсан тулалдаанд цэрэг удирдан оролцсон Такэзаки Сүэнага жанжны захиалгаар зуруулжээ. Тэрбээр монголчуудын эсрэг тулалдаанд хэрхэн байлдсанаа батлан харуулах зорилгоор зуруулсан бөгөөд хоёр дэвтрээс бүрдэнэ. Нэгдүгээр дэвтэр нь 23 метр гаруй, хоёрдугаар дэвтэр нь ойролцоогоор 20 гаруй метр урт юм. Энэхүү зурагт ном нь Монголын Их Юань гүрний цэргүүдийн хэрэглэж байсан зэр зэвсэг болон хөлөг онгоцны төрх, байлдааны арга барил, хувцас хэрэглэл зэрэг олон зүйлийг тодруулахад чухал сурвалж болдог. Уг сурвалжийг Япон улсын Шинто шашны Кикүжи сүмд хадгалж байна.

Хубилай хаан Япон орныг дипломат аргаар Их Монгол Улсын харьяанд оруулахыг хүссэн учир Юань гүрний монгол элчийг 1266 онд илгээжээ. Японы эзэн хаан Камэяма ноёдынхоо зөвлөмжийн дагуу цаг хожиж Монголын элч нарыг хагас жил хүлээлгэжээ. Хубилай хааны дөрвөн удаагийн захидалд хариу өгөөгүй тул Япон улсыг далайгаар довтлохоор зарлиг буулгав. Монголын арми 21 мянган монгол, 7000 солонгос цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Японы зүг 1274 онд хөдөлжээ. Цюсима аралд буусан монгол цэргүүд Кокозаи, Ики арлыг довтолж Японы цэргүүдийг эхний дайралтаар хялбар ялав. Харин монголчуудын довтолсон Кюсю арал дээр байдал өөр байв. Самурай нар монгол цэргийг баатарлагаар эсэргүүцэн тулалдсан байна. Гэвч далайн хүчтэй хар шуурга болж 700 хөлөг онгоц живж Монголын 13000 цэрэг амиа алджээ. Үлдсэн цөөхөн хөлөг онгоцоор амьд үлдсэн цэргүүд нутаг буцав. Монголчуудтай хийсэн анхны тулаанд япончууд ихийг сурч, монгол цэргийн тактик, зэвсгийг мэдэж авсан гэдэг. Хубилай хаан 1279 онд Монголын элч нарыг Японд дахин илгээв.

Гэтэл Японы сегун Хозе Токимуне Монголын элч нарыг “Тагнуул хийсэн” хэмээн гүтгэж цаазаар авчээ. Хубилай хаан сегун нартай тооцоо хийхээр 1279 онд Японд дахин дайн зарлав. Монголчуудын хоёр дахь довтолгооноос сэргийлсэн япончууд таван жилийн дотор далайн эрэг орчмын Хакозаки, Хаканата хотхоноос Имацу хүртэл гурав шахам метр өндөр чулуун хамгаалалтын хэрэм барьжээ. Монгол, солонгос, хятад 40 мянган цэргийн 900 хөлөг Масан боомтоос, 100 мянган цэрэгтэй 3500 хөлөг Өмнөд Хятадын эргээс 1281 онд хөдөлсөн байна. Солонгосоос хөдөлсөн флот Хаката тохойд самурай нартай 50 хоног тулалдсан ба Кюшү арлыг чиглэсэн далайн шуурганд өртөж сүйдэн, япончуудыг дахин аз ивээжээ.

 
Х.Эрдэнэзаяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)