Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхэд санал нэгдэв

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-нд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр энэ хүрээнд Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жихентэй уулзжээ. БНХАУтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Г.Занданшатар сайд уулзалтын эхэнд дурджээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор Монгол Улс, ӨМӨЗО хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, 2017-2018 онд хэрэгжүүлсэн өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтын үеэр тохирсон асуудлыг урагшлуулах, үр дүн, ахиц гаргах зорилготой айлчлал хийж байгаагаа тэмдэглэжээ. Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн.

Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс ӨМӨЗО-той хийсэн худалдааны хэмжээ 4.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 42.4 хувиар өссөн. Энэ нь Монгол Хятадын нийт худалдааны 70 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗОтой хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь голлох үүрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Монгол-ОросХятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, үүнд тусгасан төсөл, хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгох талаар мөн ярилцжээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргаж ажиллах санал тавилаа.

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (203.91.118.180)

    2018-09-19

    Яаж хүргэхээ яриагүй юм уу