Загастайн давааны автозамыг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барина

 Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XV хуралдаан энэ сарын 17-нд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөжээ. Монголын төлөөлөгчдийг тус комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Жун Шань нар тэргүүлж, хуралдааныг хамтран даргалжээ. Засгийн газар хоорондын комисс-ын ээлжит хуралдаанаар Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцож, зарим тохиролцоонд хүрлээ. Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд худалдааны бүтцийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх саналыг манай талаас тавьжээ. Засгийн газар хооронд “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг аль болох эрт байгуулахын төлөө байгаагаа Монголын тал илэрхийлсэн байна. Хоёр улсын тэргүүн нарын Владивостокт хийсэн уулзалтаар ярилцсан байгалийн хийн шугам тавих төсөл, Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах санал дэвшүүлжээ.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “1008 айлын орон сууцны хороолол” төсөл болон нийслэл, хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд талууд өндөр ач холбогдол өгч, аль болох богино хугацаанд бодит ахиц гаргахаар тохиролцов. Мөн 2018-2020 онд Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөг гаргаж ажиллах саналыг дэвшүүлжээ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн холбогдох баримт бичгийг байгуулах, ойрын хугацаанд хэрэгжүүлэх саналыг Монголын талаас тавьж, Хятадын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Улаан-Үд-Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн хурдны авто замын төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах улмаар гурван талын ажлын хэсгийн дарга нар, эсвэл шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо ойрын хугацаанд зохион байгуулах санал тавьсан байна. Хоёр талын худалдааны хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” болон бусад үзэсгэлэн, форумын арга хэмжээг илүү олноор зохион байгуулахаар тохиролцжээ. Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, цаашид Монгол Улсаас БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)