Намсрай "баян"

 Тухайлан учирлах нь. “Баян Намсрай” гэж байдаг. Тийм ээ, баян Намсрай. Энэ нэр монголчуудад их л ойр дотно сонсогдоно. Зөвхөн монгол хүмүүст төдий бус ерөөс бурхны шашинтан хүмүүст ихээхэн ойр шадар сонсогддог нэр. Учир гэвэл, ийм нэртэй бурхан байдаг. Түүнийг сайтар шүтвэл баяждаг учраас “баян Намсрай” гэх энэ нэр улам нэрд гарчээ. Гэвч би тэрхүү бурхны тухай бичих гээгүй. Харин бурхан шиг буянтай өөр нэгэн хүмүүний тухай бичих учиртай юм. Ингээд л “баян Намсрай” бурхнаас ялгахын тулд “Намсрай баян” гэх нэрийг сонгож нийтлэлийнхээ чихэнд шивнэсэн.

“Намсрай баян” хэмээгч энэ хүн бол Баянхонгор аймгийн уугуул иргэн Ц.Намсрай юм.

“Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр хорин хэдэн жил ажилласан учраас энэ эрхмийг “Намсрай эрхлэгч” хэмээх бичгийн мэргэдийн сайхан нэрээр олноо өргөмжилж, түмний танил болсон. Тэр хүнийг сайн мэдэх олон хүний нэг нь би. Дэргэд нь “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба хашиж бүтэн дөрвөн жил хамтарч ажилласан юм чинь зохих хэмжээгээр мэдсэн байлгүй яах вэ. Ямар ч атугай тэр хүнд мянга мянгаар бэлчээрлэх мал сүрэг байхгүйг мэднэ. Сая сая, тэрбум тэрбумаар тоолох мөнгөн хадгаламж байгаагүйг бас гадарлана. Хувийн эдлэн газар, орд харш байхгүйг мэднэ. Хувьдаа япон жийп, америк форд, герман бенз мэтийн унаа машин байхгүйг бас мэднэ. Гэхдээ тэр баян хүн. Ганц баримт хэлье. 1984 оны хавар тавдугаар сард юмдаг.

Тэр үеийн БНАГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод явах гэж байх үед орны нь хүн хараахан томилоогүй байсан тул Ерөнхий эрхлэгчийн өрөөний түлхүүр, “Үнэн” сонины газрын тамгыг надад түр хүлээлгэн өгч үлдээсэн. Тэгээд жаахан саатаж сонины ажилтнуудын тухай ярьж суухдаа нэгэн чухал санаа хэлсэн. Тэрбээр “За даа, ер нь шагнуулах, сургуульд явах, албан тушаал дэвших гэсэн хүний тухай яригдахад заавал татгалзаж саад хийх хэрэггүй байгаа юм” гэж хэлсэн. Илүү ч үгүй, дутуу ч үгүй тийм л хэдэн үгийг хэлсэн. Тэгэхэд мань хүн ер ямар нэг албархсан янзгүй мөнөөх л байдаг байдгаараа, татаж байгаа ВТ янжуурынхаа унах дөхсөн цагаан цэнхэр үнсийг аяархан нясалж сав руу унагаад л сууж байгаа харагдсан. Дээрх хэдэн үг бол тэр хүний бодож явдаг бодол санааны ердийн л нэг илрэл болж таараад байгаа юм. Ц.Намсрай хэмээх тэр эгэл нэгнийг яалт ч үгүй “баян хүн” хэмээн намайг дуу алдахад хүргэсэн мөнөөх баян өв хөрөнгө гэдгийн томоохон хэсэг ил цухуйж байгаа нь энэ л дээ. Энэ хэдэн үгнээс сэхээрэл авч бодвоос тэр хүн бусдыг нигүүлсэх бодь сэтгэлээр л баян, дүүрэн хүн юм. Эд хөрөнгөөр баян бол нэгийн дээр, “Энэрэх сэтгэлээр баян бол бүхний дээр” гэдэг учраас тэр яалт ч үгүй баян юм.

Би баяждаггүй баячууд гэвээс зохилтой энэрэнгүй сэтгэл эрдэм ухааныг энэ биендээ хослуулсан онц хүндэтгэлтэй хүмүүс байдгийг олж мэдрээд 2015 онд “Болор судар” хэмээх хөрөг нийтлэлийн ном хэвлүүлсэн.Тэнд сэтгэл санаа, эрдэм оюунаар элбэг баян хүн хэмээн онцолж Ц.Балхаажав, Л.Түдэв,Ч.Дашдэмбэрэл,Ш.Дулмаа, Д.Рэгдэл, Ц.Өөлд, Ж.Гүррагчаа зэрэг арваад хүний тухай хөрөг нийтлэл оруулсан. Миний бодоход ийм хүмүүс л манай шинэ Үндсэн хуульд тунхагласан шиг тийм хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах их үйл хэргийг түүчээлж явах сэтгэл оюуны чадамжтай байдаг учраас л тэднийг өөрийн эрхгүй шүтэн биширч байгаа юм. Бүхнийг зоосны нүхээр харж шийддэг болсноос шалтгаалж авлига, өш хонзон, ядуурал, хулгай дээрэм хэрээс хэтэрсэн хариг хатуу энэ цаг үед Ц.Намсрай гэдэг тэр эрхэм хүний хорвоод мэндэлсний зуун жилийн ой таширлаж байгаа энэ завшааныг ашиглан тэр хүний бусдаас ялгарсан бурханлаг нинжин сэтгэл, шударга зан араншингийн талыг түлхүүхэн мэдээлж соён гэгээрүүлэх нь зөв зүйтэй байж болох юм.

НАМСРАЙНХ ХЭМЭЭХ АЙЛЫН ТУХАЙД

Тэр хүн залуу насыг тойроогүй дайрсан. Залуугийн цог золбоогоор гялалзаж явах тэр цагт урт сормуустай, хөөрхөн нүдтэй дэгжин гоё залуу явсан гэж түүний хань Л.Цогзолмаа гуай элгэмсүү дурссан байдаг. Өнгөрсөн зууны дунд үед Монголдоо хамгийн царайлаг сайхан хүүхэн хэн байсан билээ гэж асуувал Лувсанжамцын Цогзолмаа хэмээн ам уралдан хариулна биз. Тийм ээ, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа чухам л цагийг эзэлсэн сайхан бүсгүй явсныг монгол даяар мэднэ. Харин тэр сайхан бүсгүйг Монголын олон сайхан эрчүүдээс хэн гэгч хархүү өөртөө ойртуулан татаж чадсан бэ гэвэл Ц.Намсрай. Замбуулин хорвоод эр хүн болж төрсний эрхэм дээд баяр баясгалан гэмээр ховор сайхан хувь тавилан Ц.Намсрай хэмээх хонгор нутгийн тэр л хархүүд тийнхүү заяасан байж. Тэгэхдээ тэр түүнийг алт мөнгө арга залиар оосорлож аваагүй. Харин өр зөөлөн сэтгэл, үнэнч шударга зан аалиараа авсан. Яалт ч үгүй сайхны сайхан, хамгийн сайн таарч тохирох ханиа олж сонгох нь цаст Гималайгаас өндөр даваа юмсан уу хэн мэдэх билээ. Энэ тухайд юуны өмнө Л.Цогзолмаа гуай маань Ц.Намсрай гэдэг тэр эгэл гэмээ нь эгэл нэгэн хүнийг хамгийн сайн хань болох хархүү мөн байна гэж мянганы дундаас таньж чадсан байдгийг гайхамшигтай сонголт гэхээс өөрөөр хэлэх үг хараахан олохгүй байна.

Л.Цогзолмаа бүсгүйг “Цогт тайж” киноны түвд гүнжийн дүрт тоглоод гоо үзэмжээрээ гайхуулж, театрын тайзан дээр нарийн цээл хоолой, баяр баясгалантай сайхан царайгаар бишрүүлж явах үед царайлаг сайхан хүүхэн мөрөөдөж, хайрын захиа халаасалж, бэлэг сэлт өвөртлөн хойгуур урдуур нь хөшилдсөн эрчүүдээс ийм нэгэн эгэл жирийн хархүүг таньж сонгоно гэдэг өөртөө бол их л хэцүү байсан байх гэж би боддог. Ингэж л тэнгэрээс заасан хувь заяаны эрхээр юмсан уу, ямар ч атугай хорвоо ертөнцийн хоёр сайхан монгол хос тоонотой гэрт толгой холбож тостой шөлөнд хушуу холбосон байна. Энэхүү хоёр сайхны дундаас таван хүүхэд дуугаа хадаан мэндэлж бүгд дээд мэргэжилтэй өндөр боловсролтой, авьяас чадвараараа түмэнд гайхагдсан үлэмжийн сайхан эрхмүүд болжээ.

Ууган нь Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, дараагийнх сэтгүүлч, бизнесмэн Н.Шүр, дараачийнх нь олон улсын хуульч мэргэжилтэй, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуучин Н.Ганхуяг, дөрөв дэх нь төгөлдөр хуурч багш Н.Ганчимэг, отгон охин нь кино урлаг судлаач Н.Энхтүвшин. Ийм л гарын таван хуруу шиг таван эрхэм хүн аав ээжийнхээ авьяас чадвар, өр нимгэн сэтгэл, монгол мөс жудгийг уламжлан өртөөлж яваа нь үнэхээр сайн сайхны ерөөл тавилан мөн байна. Дунд охин Н.Шүр, түүний хань, нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны дундаас төрсөн хоёр охин Б.Нандинтүшиг, Б.Номинтүшиг нарыг онцолмоор байна. Тэд өвөө аав Намсрай, өөрийн аав Ц.Балдорж, хайрт ээж Н.Шүр нарынхаа сэтгүүлч мэргэжлийг өвлөн авч, улмаар аавынхаа үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сониныг тун ч дажгүй эрхлэн залгамжилж яваад өвөө болон аав, ээжтэй нь хамт ажиллаж байсан сэтгүүлч бид бүхэн онц бахархалтай байдаг.

НАМСРАЙ БАЯНЫХАН

Нэг мянган есөн зуун жар, дал, наяад оны эхэн үеийн “Үнэн” сонины хамт олныг “Намсрай баяныхан” гэж нэрлэхэд хэтийдэхгүй. Намсрай баяныхны танигдах нэгэн онцгой чанар нь байгууллагын дарга нь сэтгэл оюунаар элбэг баян бол хамт олон нь итгэл үнэмшлээр баян байдгийг харуулсан явдал. Чухам юу гэж хэлэхийг сайн төсөөлөхгүй байна, ямар ч атугай “Үнэн” сонины хамт олны дунд нөхөрсөг ч гэх үү, хүндэтгэлтэй гэх үү сэтгэл оюуны нэн таатай уур амьсгал бүрдсэнийг би гэрчилнэ. Намсрай эрхлэгч “Үнэн” сонины ажилтан сэтгүүлчидтэй яг үеийн найзын сэтгэлээр ханддаг, хүүхдэрхүү ч гэмээр цайлган зантай нэгэн байсны баримтыг хамт ажиллагсад нь байнга л үлгэр домог мэт бахархан дурсацгаадаг. Зав гарвал ажилтнуудтайгаа шатардана, хөзөрдөнө. Хааяа биллъярд тоглоно. Юм л бол нэг их сайхан инээнэ. Өөрийн байгууллагын хүмүүсийг шийтгэх ясны дургүй, нэгэн удаагийн ялимгүй алдаа эрсдэлээс болж бүх насных нь амьдралд бараан толбо суулгачих вий гэж ихэд болгоомжилдог хүн байсныг бас харж байсан. Сэтгүүлчийн ажил гэдэг бол туйлын эрсдэлтэй, хэлж ирдэггүй хийсч ирдэг гал усны аюул шиг санамсаргүй осол бэрхшээлтэй байнга учирч байдаг ажил. Ц.Намсрай эрхлэгч бол “Үнэн” сонины сурвалжлагч, редактор, гээд бүх ажилтныг хорин хэдэн жил аливаа аюул, дайралтаас тууштай хамгаалж ирсэн хүн. Тэр хүнийг ерөнхий эрхлэгч нь байх хорин хоёр жилийн дотор “Үнэн” сониныг монгол төрийн хамгийн томд тооцогдох Сүхбаатарын одонгоор хоёр удаа шагнасан. Ийм өндөрлөгт хүргэсэн амжилт ололт бол юуны өмнө тус хамт олныг өр нимгэн, сэтгэл шулуун, шударга мөс жудгийн хүчинд дулдуйдан аядуу тайван залж явсны үр дүн гэвэл зөв байх.

ТӨРИЙН СЭТГЭЛ САНАА, ААШ АВИР

Аливаа чухал асуудлыг томоор харж, ярьж, сэтгэхийг бидний амьдарч буй цаг үе шаардаж байна. Үүний дагуу улс гүрнийг бүхлээр нь харж шинждэг улс төр, нийгмийн “хүүхэн хараа” томорч байх шиг байна. Ингэж хандвал засаг төрийн сэтгэл санаа, ааш авир хэмээн хувь хүнтэй дүйцүүлж болох нэг содон сонин асуудалтай бид нүүр тулгараад байна. Энэ бол Монголын хувьд шинэ ойлголт мөн байх. Үүнээс өмнө засаг төрийн санаа сэтгэл, ааш авир гэсэн үг хэллэг хэрэглэж байгаагүй. Ямар ч атугай нэг баримт сөхье. 1922 оны сүүлээр тэр үеийн ЗХУ-ын удирдагч В.И.Ленин хүнд өвчний улмаас хэвтэрт орсон тул түүний оронд ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар нөхөр И.В.Сталиныг томилсон байж л дээ. Тэрхүү мэдээг сонсонгуут Ленин бээр өөрөө босч чадахгүй байсан ч бичээч дуудан ирүүлж онц яаравчлан нэгэн захидал хэлж бичүүлээд Намын төв хорооны гишүүдэд илгээхийг хүссэн байгаа юм. Тэрхүү захидал тухайн цагтаа зохих эзэндээ хүрээгүй боловч азаар ч гэх үү, тохиолдлоор ч гэх үү ямар ч атугай архивын сан хөмрөгт тэр л хэвээрээ хадгалагдан үлдсэн тул түүнийг 1956 онд хэвлэж нийтийн хүртээл болгосон ажээ. Захидалд “Сталин бол дэндүү ширүүн хүн, коммунист бидний дунд, бидний харилцаанд бүрэн тэвчиж болох энэ дутагдал нь ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд тэвчиж болшгүй дутагдал юм. Ийм учраас Сталиныг энэ тушаалаас өөрчилж, илүү дүн нуруутай, нөхдөдөө илүү эелдэг, халамжтай ханддаг, ярдаг зан багатай хүнийг томилохыг би нөхдөд санал болгож байна. Ленин. Тэмдэглэж авсан Л.Ф” гэсэн баримт байна. Энэ захидалд юу нь тийм их үнэ цэнтэй чухал вэ хэмээвэл төр засагт өр нимгэн санаа сэтгэл чухал байдаг бөгөөд төрийн санаа сэтгэл нь төр засаг толгойлж байгаа хувь хүний сэтгэл санаа, ааш араншингаас шалтгаалдгийг л шууд ойлгуулсан байдаг юм. Өнөөгийн манайхан огт тоож үздэггүй төр засгийн дээд түвшинд очсон хүний ширүүн догшин, тэвчээргүй, дүн нуруу муутай зан чанар, нөхдөдөө хайхрамжгүй ханддаг явдал зэргийг тэвчиж болшгүй дудагдал гэж хэлсэн нь бас сургамжтай дүгнэлт. Энэхүү алдарт захидлыг Намсрай эрхлэгч орчуулсан гэж бурхан болооч Лхамдорж хэлсэн тул Лениний сүүлчийн өгүүллийг Намсрай эрхлэгчийн бүтээлээр дагнан гаргасан “Монголын шилдэг нийтлэл”-ийн 11 дүгээр ботид оруулсан билээ. Тодорхой учир шалтгааны улмаас тэр захидал зохих эздэдээ очоогүй, Сталиныг ч өөрчлөөгүй өнгөрсөн байдаг. Тэгтэл Лениний урьдчилан харсан төсөөлөл үнэн болох нь батлагдаж, нөхөр Сталины зан байдлын нөлөөгөөр өнгөрсөн зууны гуч, дөчөөд онд Орос оронд нударганыг анги гэж устгах, тариачдыг хамтрал комунд албаар нэгтгэх гэж олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн бол түүний дараахан троицкизмын аюултай тэмцэх, Бухарины баруун оппортунистуудыг устгах гэхчлэн улам л хурц ширүүн нэр хаягтай хэлмэгдүүлэлт болж хэдэн сая хүнийг залхаан цээрлүүлсэн байдаг. Ингэж л төрийн тэргүүн хүнд өр зөөлөн сэтгэл, нөхөрсөг мөс чанар бүхнээс чухал болохыг сануулсан Лениний үзэл санаа үнэн зөв байсан нь нотлогдсон байгаа юм. Тэгтэл энэ завсар мөнхүү Сталины шууд удирдамж шахалтаар Монгол Улсад гучаад оны эхээр тайж, том лам нарыг хар шар феодалын анги хэмээн устгах, малчдыг албан журмаар хамтрал комунд оруулах, гучаад оны дундуур Их монгол (панмонгол) үзэлтэн, Японы тагнуул, урвагч дайснуудыг илрүүлэн устгах нэрийн дор гучин хэдэн мянган үнэнч эрхэм хүнийг цаазалж хороосон аймшигт түүх байдаг. Харин энэ тухайд сонин болгож ЗХУ-ын удирдагч, ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущевийн 1956 онд хэлсэн үгийг дуулгахад, тэрбээр: “…Монголчуудыг залхаан цээрлүүлэх явдлыг шууд гардан зохион байгуулагчид нь Сталин тэргүүтэй зөвлөлтийн удирдлага, ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариат болох нь тодорхой байна” гэж үнэнийг хэлж өгсөн байгаа юм. Үүнээс санаа авч бодоход хэрвээ төрийн өндөрлөг дээр олиггүй муу сэтгэлтэй, Монголоо алдсан, жудаггүй нөхөр санамсаргүй гарвал аюулт хэлмэгдүүлэлт давтагдаж болохыг анхааруулснаараа Ц.Намсрайн орчуулгаар нийтийн хүртээл болсон В.И.Ленин хэмээх тэр хүний дээрх захидал нь өнөөдөр ч соён гэгээрүүлэх асар их ач холбогдолтой түүхэн баримт бичиг мөн байна. Нэн ялангуяа гадаадын хэн хамаагүйг даган намирч, бүлэглэл хоорондын тэмцэл зөрчил хурцадсан энэ үед Монголын эд баялагт шунасан харийн атгаг санаатнууд өөрийн гар хөл болсон этгээдийг ашиглан будилаан самуун гаргах аюул байсаар буйг анзаарахгүй орхиж яавч болохгүй биз.

Намсрай эрхлэгчийн дотоод сэтгэлгээний мөн чанарыг энд монгол талаасаа жишээ авч харьцуулалт хиймээр санагдлаа. “Монголын нууц товчоон”-оос уншигчдын сайн мэддэг нэг баримтыг эш татъя. Тухайлбал “...Гурван шөнө, гурван өдрийн турш байлдаад гуравдугаар өдөр тэд бууж өгөв. Үзвэл, Ван хан, Сэнгүм хоёр үгүй болжээ. Шөнө оргон одсоныг манайхан мэдсэнгүй. Ингэж байлдсан нь Жүрхиний Хадаг баатар байсан ажээ”. Ийм нэг баримт МНТ-д байна. Хэрвээ Намсрай эрхлэгчтэй иймэрхүү хэрэг явдал тааралдсан байвал тэр хүн яах байсан бол оо. Хадагбаатар шиг тийм нөхрийг өршөөх болов уу, эсвэл миний дайсныг хамгааллаа гээд цээрлүүлэх байсан болов уу. Харин Чингис хааны тухайд бол “Өөрийн хааныг орхихгүй, түүний амийг аврахын тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нөхөрлөж болох хүн байна” гээд өршөөн хэлтрүүлсэн байдаг. Тэгвэл миний бодоход Намсрай гуай бол мэдээж хэрэг бас л өршөөж таарна. Яагаад гэвэл, тэр хүн өршөөх нь шийтгэхээс илүү сайн үр дүнтэй гэж үздэг хүн байсан.

НАМТРЫН МЭДЭЭ

Ц.Намсрай 1918 онд Баянхонгор аймгийн Заг-Байдраг нутгийн алдарт Биндэръяа хөх нуураас зүүн урагш холгүй орших Бумбатад төрсөн юм гэнэ лээ. Түүний оюунлаг авьяас чадвар эрт нээгдэж, дөнгөж гуч шүргэх насандаа онол улс төрийн орчуулгын бүтээлээр Төрийн шагнал хүртсэн гэдэг. Онол улс төрийн олон сонгодог томьёо, нэршил хэллэгүүд энэ хүний оюун сэтгэл, зүтгэлээр шүүгдэн монгол хэлэнд онож буусан. Ц.Намсрайн төрсөн ах бөгөөд Монгол төрийн сайд байсан, 34 настай Ц.Баттөмөр өнгөрсөн зууны 1937 оны хэлмэгдүүлэлтэд хамгийн түрүүнд өртөж 1937 оны есдүгээр сарын 10-нд цаазлуулсан 14 хүний нэг нь байсныг энд гүнээ харуусан тэмдэглэж байна. Нэг хүний тахин шүтсэний балгаар цуст яргалал болсон тухай үнэн мэдээллийг анхлан сонсч ойлгосон хүний хувьд Ц.Намсрай гуай “Үнэн юм үнэнээрээ тогтоогдлоо, үнэн яллаа” гээд урамтай байсан байх. Гэвч ингэлээ гээд хилсээр гүтгэгдэн цаазлуулсан тэр хөөрхий ах нь босоод ирэхгүй болохоор харуусах, гашуудах дотоод сэтгэлийн энэлэн шаналан алга болно гэж хаанаас байх билээ. Тэгээд ч Баттөмөр ах нь л мань хүнийг хүүхэд байхаас хотод дэргэдээ авчирч, сургуульд явуулж, халамжлан анхаарч, улмаар гарыг ганзганд, хөлийг дөрөөнд хүргэсний ачаар өдий зэрэгтэй сайн сайхан амьдарч яваа болохоор дотроо үе үе ямар их уй гашуу тээж явсныг бид ямар мэдэх биш. Зөвхөн Намсрай гэхгүй энэхүү Цэнд гуайнхан ураг удмаараа тийм их өр зөөлөн сэтгэлтэй цайлган хүмүүс байсан гэх баримт бишгүй байдаг. Намсрай гуайн төрсөн эгч, хэдэн хүүхдийг нь асран хүмүүжүүлж өгсөн “Шар ижий” гэж авгайлдаг Ц.Өлзийсүрэн эмээг их сайхан сэтгэлтэй хүн байсныг хүмүүс магтан талархдаг. Миний бага хүүг нэг настайд гоё торгон дээл хийж өгснийг манайх одоо хүртэл нандигнан хадгалдаг. Харин Монголын хэлмэгдүүлэлт нь гаднын бурангуй дарамтаас болсны учир шалтгааныг сайн мэддэг учраас төр засаг, төрөлх Ардын намдаа элдэв өс санаагүй, харин ч ахынхаа эхлүүлсэн үйл хэргийн төлөө насан эцэс болтлоо үнэнч явсан байдаг юм. Монголын төр засаг энэ хүний амжилт бүтээлийг зохих ёсоор нь үнэлж Төрийн шагналаар шагнаж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож бас одон медалиудаараа шагнасан байдаг.

Гэгээрлийн яамны сайд байсан Ц.Баттөмөр ахыгаа хэлмэгдсэнээс хойш арваад жилийн дараа өөрөө бас Гэгээрлийн яамны сайд болж ахынхаа сууж байсан ширээнд суусан нь төрсөн ах дүү хоёрын тухайд ховорхон тохиолдол байсан гэдэг билээ. Тоост хорвоод амьдарсан тоотой насныхаа ихэнхийг сэтгүүл зүйн хөдөлмөрт өргөж, найруулан бичихийн жаргал гээчийг эдэлж явсан мэргэжлийн редактор хэн байна гэвэл Ц.Намсрай гуайг нэн түрүүнд нэрлэж таарна. Алдааг засах, найруулгыг сайжруулах, дутууг гүйцээх гэсэн гурван үндсэн үүрэг редактор хүнд оногддог учиртай. Тийм учраас редактор хүн бүхнийг мэддэг байх ёстой гэж В.И.Белинский хэлсэн байдаг юм. Намсрай эрхлэгч үнэхээр тийм өргөн дэлгэр мэдлэгтэй хүн байсан. Бидний үе гэж онцлоод байгаа өнгөрсөн зууны сүүлийн хагас зуун жилд сонинд “тэргүүн өгүүлэл” гэж өвөрмөц содон төрөл зүйл байдаг байсан. Өнгөрснөөс ирээдүй рүү тэмүүлж, илүү боловсронгуй, илүү гэгээлэг маргаашийг угтан төсөөлж байдаг нь тэргүүн өгүүллийн түгээмэл онцгой шинж байсан юм. Ц.Намсрай эрхлэгч үнэхээр Монгол Улсынхаа маргааш, ирээдүйг өөдрөг гэгээлгээр хол харж чаддаг редактор байсан. Үг зүйн бүтцийн хувьд нэр үг илүү олон ордог. Орост дээхнэ үед хийсэн судалгаагаар тэргүүн өгүүллийн 40 хувь нь нэр үг, 10 хувь нь үйл үг байсан гэдэг. Манайд бас тиймэрхүү л байсан байх. Бас нэр үг олонтой бичлэгт тооны нэрийн болон ижил утгатай үгийн давхардал бишгүй олон тохиолддог. Жишээ нь, “Бүх хөдөлмөрчид” гэх маягийн эх бичлэг олон таарна. “Бүх” гэсэн тооны нэр байхад олон тооны “Д” дагавар илүүц гэдэг нь тодорхой. Заримдаа “Хөгшин охин” гэж байдаг юм шиг “Залуу охид” гэж охид гэдэг олон тооны нэр үгийг залуу гэдэг нэр үгээр утга нэмэн чимэглэсэн байдаг.Бас залуу өвгөн гэж байдаг юм шиг хөгшин өвгөн гэж утга давхардуулах жишээний байдаг. Ц.Намсрай эрхлэгч энэчлэнгийн алдааг өөрөө олж засахаас гадна тус сонины хамт олныг аливаа ташаарлыг олж чаддаг гярхай нямбай болгож сурган хүмүүжүүлсэн юм. Ц.Намсрай эрхлэгч бол сонинд ирсэн эх бичвэрийн цаана тодорхой үзэл бодолтой, боловсрол мэдлэгтэй бие хүн байгааг ойлгож нэн хүндэтгэлтэй ханддаг, заавал эрээн цоохор болгохыг хүсдэггүй хүн байсан нь бас л бусдыг хүндэтгэн үздэг тэр хүний сэтгэл зүрхний далд шаардлага байсан биз. Ц.Намсрай эрхлэгч редакторлох ажилд бараг бүх насаа зориулж илүү гаршиж мэргэшсэн хүн учраас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүлэгчид Ц.Намсрай эрхлэгчийн сэтгүүлч охин Н.Шүртэй хамтран сонин сэтгүүлийн редакторт олгодог “Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагнал” бий болгосон бөгөөд анхныхыг өвгөн редактор надад олгосонд маш их бэлгэшээн баярлаж явдаг хүн билээ, би. Ерөөс өвгөрөх нас руугаа шогшиж бараг тавин насны босго шүргэсэн намайг Намсрай эрхлэгч судалж мэдээд итгэл үзүүлэн “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр дэвшүүлж аваагүй бол миний ажил мэргэжлийн ирээдүй хаашаа эргэж, хаана яаж замхрах байсныг хэлэхэд бэрх. Завшааныг ашиглан “Үнэн” сонины хүн болсон анхны агшныг дурсах хүсэл төрлөө. 1979 оны арванхоёрдугаар сарын хорьд гарч байсан байх. Албан өрөөний утас дуугарлаа. Авлаа. Үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэлгэрийн шингэвтэр зөөлөн дуу мөн байна.

–Та манай өрөөнд ороод ирэхгүй юу хэмээн урих аястай хэлж байна.Яваад орлоо.“Үнэн” сонины Намсрай эрхлэгчтэй хоёулаа сууж байна. Мишээл цацсан сайхан дулаан царайтай л сууцгаана.Намсрай эрхлэгч ам нээлээ.

-Цэвлээ чи чинь хө, аймгийн сонинд ажиллаж байсан хүн юмаа гэж байна. -Тийм ээ, дөрвөн жил Баянхонгорын сонинд ажилласан гэлээ.

-За хө чамайг “Үнэн” сонинд нэгдүгээр орлогч эрхлэгчээр авна аа. Сая бид Цэдэнбал даргатай яриад шийдчихсэн гэж байна. Би энэ тухай өмнө нь ямар нэгэн сэдэв аваагүй тул хэрдээ балмагдаад явчихлаа.

-Би чадахгүй л байх аа даа.Ядахдаа орос хэл мэдэхгүй гэлээ.

Тэгсэн чинь Намсрай эрхлэгч: - Манай сонин оросоор биш монгол хэлээр гардаг юм шүү дээ гээд ам таглачихдаг байгаа. Ингээд л 1980 оны нэгдүгээр сарын 12-нд МАХН-ын ТХ /Төв Хороо/ -ны Улс төрийн товчооны хуралд дуудлаа. Ю.Цэдэнбал дарга хурал удирдаж байв. Намайг нэг харснаа, -За нөхөөд, “Үнэн” сонины Намсрай өнөөдөр нэгдүгээр орлогчоо батлуулж авах гэж байна. Цэвлээ чи өөрийнхөө намтрыг танилцуулаад орхи, чангахан яриарай гэж байна.Өөрийнхөө намтрыг ярих аядлаа. Улс төрийн товчооны гишүүд асуулт асуусангүй, санал зөвлөгөөн ч өгсөнгүй. Ю.Цэдэнбал дарга За чи сайн ажиллаарай” гэснээ “Ц.Намсрай чи одоо хүнээ аваад явж болно” гэж билээ. Намсрай эрхлэгчээр хөтлүүлж, Ю.Цэдэнбал даргаар дэмжүүлэн “Үнэн” сонины хүн болсон тэрхүү алтан агшныг мартах эрх надад байхгүй ээ.

Намайг очих үед тус сонины орлогч эрхлэгч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэндагва, хариуцлагатай нарийн бичгийн дарга нь М.Чойжил, дараа нь Б.Ганбат, утга зохиолын нарийн бичгийн дарга Н.Жамбалсүрэн, И.Дамбажав, Г.Бямбажал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун, хэлтсийн эрхлэгчээр Д.Нямсүрэн, Г.Жамсранжав, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дорждулам болон Д.Чимиддорж, Ц.Мөнхбаатар, Д.Шагдарсүрэн, Г.Дамбанарын нэр цуутай сэтгүүлчид удирдлагын багт нь ажиллаж байсан. Барагцаалбал би бээр 2500 дугаар сониныг гаргахад гар бие оролцсон байх. Би их азтай хүн. Ц.Намсрай, Л.Түдэв хэмээх Монголын хоёр алдарт редакторын гараар бүтэн арван жил нухлуулж элдүүлсэн хүн. Сурдаг хүн бол юм сурахаар их ховор учрал тохиосон.

“Үнэн” сонины хүн болсон анхны агшин тухайгаа өгүүлэхэд ийм билээ. Одоо ингээд Намсрай баяныхаа тухай дүгнэлтээ дахиад нэг хэлье. Юу гэвэл Ц.Намсрай хэмээх энэ хүний хамаг үнэт баялгийн цоож цуургыг оюуны түлхүүрээр онгойлгож доторхыг боломжийн хэрээр дэлгэн харууллаа. Харин тэр арвин их сан хөмрөгт Ц.Намсрайн бичсэн олон түмэнд алдартай шүлэг яруу найраг, роман тууж, жүжиг кино, бас симфони, дуурь, бүжиг гэж байсангүй. Гэсэн ч хэдэн арав, зуун сонгодог бүтээлээс ч илүү үнэ цэнтэй том эрдэнэс байж байгааг бид харлаа. Харин тэр нь юу байв гэвэл хүний чинээ “хүмүн эрдэнэ” байж байлаа. Хүмүүн эрдэнэ гэдэг нь хүмүүний сайхан сэтгэлийг хэлж байна. Хүний сайхан сэтгэл гэж чухам юу юм бол оо хэмээвэл бусад хүний төлөө хариу нэхэхгүй зориулдаг өр нимгэн сэтгэл. Үүнийг Ц.Намсрай баян гэх тэр хүн нэг насныхаа бүх амьдралаар хүмүүсийн зүрх сэтгэлд ухааруулж үлдээснийг бид сая олж харлаа. Харахаар үл барам уншлаа. Уншихаар үл барам гэгээрлээ. Дахин хэлэхэд тэр хүн өр имгэн сэтгэлээр баян хүн мөн байна. Тэр хүн Монголын сайхан бүсгүйг соронз мэт татаж насны хань болгож амьдарсан халхын сайхан эр хүний мөс жудгаар баян хүн мөн байна. Тэр хүн удам залгах үр ач, зээ нараар баян хүн мөн байна. Тэр хүн үе дамжин өртөөлөх өв уламжлалаар баян хүн мөн байна. Тэр хүн өнөд үлдэх алдар гавьяагаар баян хүн мөн байна.

Тэр хүн сайхан сэтгэлт анд найз, хамт олноор баян хүн мөн байна. “Биеийн хүчээр нэгийг дийлнэ, сэтгэлийн хүчээр бүгдийг дийлнэ” гэдэгчлэн Ц.Намсрай баян тусч энэрэнгүй сэтгэлийнхээ эрч хүчээр дийлэх л учиртай бүхнийгээ ялан дийлсэн, эдүгээ ч дийлж байна. Цаашид ч дийлсээр байх болно. Үүнийг л хэлэхсэн гэж чадан ядан оролдсон оролдлогоо жаргаая.

Хорлоогийн ЦЭВЛЭЭ /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Зочин (92.40.171.2)

    2020-02-25

    Энэ Намсрай гэдэг хүн чинь дээрэмчин улаан орос, Цэдэнбал, Филатова нарын гар хөл нь байсан юм байна штээ! Коммунизмын үед жаргацгаасан гөлөгнүүд байна.

  • зочин (66.181.160.82)

    2018-09-24

    ленин бол халмиг хүн монголоо гэсэн сэтгэл бсан юм шүү,баруунтаны зам чинь лениний үзэл баримтлал бсан,тэр үеийн сэхээтэнгүүд өнөөгийн луйварчидтай ,харьцуулах аргүй бөлгөө

  • иргэн (150.129.141.22)

    2018-09-24

    ямар муухай сэтгэгдэл бичих юм бэ.өнгөрсөн хүнийг бялдуучилж яадаг юм бэ.хүн хүний ачийг өнгөрсөн хойно нь ч мартаж болохгүй шүүдээ

  • Иргэн (202.126.89.55)

    2018-09-24

    Сайхан нийтлэл бичсэн бн. Монголын сэтгүүл зүйн салбарын ноён оргилуудын нэг Цэвлээ гуай таньд урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе! Таны бичсэнийг уншихад дандаа үнэн шудрага хоёроор ханатлаа амьсгалдаг билээ.

  • dsn (103.26.195.7)

    2018-09-24

    2 setgegdel mun ch yduuhan yzmagtai bn shuu! niigem iim l boljdee tsevlee guai!

  • Зочин (66.181.176.154)

    2018-09-23

    оросын Ленин үхэр монголын коммунист Намсрай нарт ямар их бялдуучлав, новшоо,,,,,,

  • mnbcx (193.154.236.55)

    2018-09-23

    yamar biyalduuch jum ve