Евгения Медведева: Сурах орчноо өөрчилсөн ч иргэншлээ солих бодолгүй байна

Олимпын аварга, Оросын уран гулгагч ЕВГЕНИЯ МЕДВЕДЕВА ТАСС агентлагт дэлгэрэнгүй ярилцлага өгснийг хүргэж байна.

-Женя, та өвлийн олимпын өмнө хөлдөө гэмтэл авсан ч үзүүлбэрээ сүр жавхлантай гүйцэтгэж алтан медаль зүүсэн. Тухайн үед таны дасгалжуулагч Этери Тутберидзе карьераа орхих талаар зөвлөж байсан гэдэг үнэн үү. Одоо бэртэл нь бүрэн эдгэсэн үү?

-Олимпын наадам эхлэхээс зургаан сарын өмнө хөлөө гэмтээсэн. Гэсэн ч олимпод оролцож, өөрийгөө сорихыг хүссэн юм. Энэ талаар би бодох дургүй. Гэхдээ аварга болсноосоо хойш өвдөлт, муухай дурсамжаа мартсан. Одоо гэмтэл эдгэсэн, миний бүх зүйл сайн байна. Би зодог тайлах талаар олимпын өмнө болон дараа багштайгаа нэг ч удаа ярилцаж байгаагүй. Хачирхалтай нь, би нэгэн ярилцлагаас энэ тухай уншсан.

-Канадад Брайан Орсертай хичээллэх шийдвэрийг гаргахдаа эргэлзэж байсан уу?

-Амаргүй байсан учраас сэтгэл түгшсэн. Би Канадад өмнө нь очиж байсан. Нэг л хөндий, танихгүй газар шиг санагдаж байлаа. Энэ шийдвэрийг удаан, нухацтай бодож гаргасан. Би энэ талаар олон удаа ярьсан учраас дэлгэрэнгүй ярих хэрэггүй биз ээ. Товчхондоо, амьдралдаа өөрчлөлт хийхийг хүссэн юм.

-Та ямар өөрчлөлт хийхийг хүссэн юм бэ. Байгаадаа сэтгэл ханамжгүй байна гэж үү?

-Би өөртөө үргэлж сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ залуу хүн учраас боловсролдоо анхаарах хэрэгтэй байна. Олон улсын тэмцээн, гаднынхантай харилцахад англи хэлний мэдлэг шаарддаг. Би англи хэлийг эх хэл шигээ эзэмшихийг хүссэн. Тиймээс ээж, эмээтэйгээ л оросоор ярьдаг. Канадад ирээд англи хэлний мэдлэгээ дээшлүүлсний ачаар дасгалжуулагчтайгаа илүү ойлголцох болсон.

-Канадад ээжээс тань өөр тусалж дэмждэг хүн бий юү?

-Канадад оросууд олон бий. Би шинэ найз нөхөдтэй болсон. Гэхдээ Москвад байдаг нагац ах, эгчтэйгээ холбоотой байдаг. Үнэндээ би Москвад байхдаа найз нөхөд, хамаатнуудтайгаа уулзахад ихэнх цагаа зарцуулдаг байлаа. Одоо бүтэн өдрийг бэлтгэл сургуулилтдаа зориулдаг болсон.

-Брайаны сургалт Москвагийн багш нараас хэр ялгаатай байна вэ?

-Ганцаарчилсан бэлтгэл хийж байгаа учраас сургалтын арга барил нь зарим талаараа ялгаатай. Гэхдээ орос багш нарыг би хэзээ ч муу гэж хэлэхгүй. Ер нь тэр нь сайн, муу гэж дүгнэвэл алдас болно. Ямар нэг гойд шинэлэг зүйлгүй ч Брайан Орсер цөөн цагт үр бүтээлтэй бэлтгэл хийхийг шаарддаг.

-Уран гулгагч Юзуру Ханютай Орост бэлтгэл хийж байгаа. Мөн Жейсон Браун таныг Канадад “хөлөө олох”-д тусалсан гэж сонссон. Та нар сайн харилцаатай байдаг уу?

-Бид мөсөн талбайд өрсөлдөгч ч гэлээ сайн харилцаатай. Жейсон бол Канадад миний уулзсан анхны хүн. Тэр намайг онгоцны буудал дээр угтаж, Торонто хоттой танилцуулсан. Жейсон бол маш эерэг хандлагатай, хөдөлмөрч хүн. Торонтод хэн ч намайг танихгүй учраас би метро, гудамж, дэлгүүрт чөлөөтэй явдаг. Канадууд чөлөөт цагаа байгальд өнгөрүүлэх дуртай. Би найзуудтайгаа хотоос холгүй орших эко паркт амралтын өдрөөрөө очиж тарвага хооллодог. Тарвага яг л томруулсан хэрэм шиг хөөрхөн амьтан.

-Гэхдээ эх орноо санахгүй байна гэж үү?

-Яах вэ, “Бородино” талх, “Алёнка” шоколад, “Юбилейное” жигнэмэг, “Ессентуки” рашаан, гэрийн банш идэхийг хүсдэг. Гэхдээ Торонтод орос дэлгүүр олон учраас хүсвэл худалдаад авчихдаг юм. Москвагаа хааяа санадаг ч Канадад сурах гэж ирсэн учраас зорилгоо биелүүлэхийг хүсч байна. Би сурах орчноо өөрчилсөн ч иргэншлээ солих бодолгүй байгаа. Үргэлж Оросын уран гулгагч байж гурван өнгөт далбаагаа мандуулахыг хичээх болно.

-Таны гулгалтын хэв маягт өөрчлөлт орсныг анзаарсан. Амьдралдаа хийсэн шинэчлэл тань мөсөн талбайд хэрхэн нөлөөлөх бол?

-Мэдээж, эерэг өөрчлөлт гаргахыг хүсдэг. Анзаарагдаж эхэлсэн бол сайн хэрэг. Амжилтаа ахиулахын тулд тамирчид аз сорьсон туршилт хийдэг. Миний шинэ төрх хүн бүрт таалагдах албагүй ч шүтэн бишрэгчид минь намайг хайрлаж илүү хүндлээсэй гэж хүсдэг.

-Та яагаад богино үзүүлбэрүүдээ Натали Коулын дуунд гүйцэтгэдэг юм бэ?

-Би түүний дуу хоолойг бишрэн шүтдэг. Эрч, хүч өгдөг гайхалтай дуучин. Хөгжим бол уран гулгагчийн зүрх сэтгэлд маш хүчтэй нөлөөлдөг. Би Натали Коулын дууг сонсох хүртлээ өөрт тохирох ая эгшгийг удаан хайсан. Танго бол уран гулгалтад зориулсан мэт сайхан аялгуу шиг санагддаг.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.27.212)

    2018-09-26

    olimpiin avarga bish shuude

  • Naraa (133.95.3.248)

    2018-09-26

    Үнэн зөв бичмээр юмаа. Олимпийн аварга болоогүй харин мөнгөн медаль авсан шүү дээ. Бичигч жаахан судалж, үнэнээр бичвэл!!!

  • (188.95.123.149)

    2018-09-25

    orosiin tamirchad amzilt gargaal orosoos zugtaadag shuudee