М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башёд Их аварга Хакухо М.Даваажаргал уналгүйгээр 15 даван 41 дэх түрүүгээ авсан. Японы сумо бөхийн домогт Тайхо аварга 32 удаа түрүүлж байсан. Ёкозуна Хакухо 41 удаа түрүүлэхдээ 14 т нь ганц ч уналгүй түрүүлж, дээд зиндааны 1001 дэх даваагаа авсан билээ. Тэгвэл Хакухо аварга өчигдөр /2018.09.24/ эх орондоо ирсэн бөгөөд өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын даргатай уулзсан юм. Энэ үеэр сэтгүүлчдэд цөөн хором яриа өглөө.

-Танд баяр хүргэе. Онцгой сайхан амжилт дагуулсан энэ сарын баше танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Миний хувьд энэ жил гэмтэл бэртэл ихтэй байлаа. Аав минь бурхны оронд заларч, сэтгэл санааны байдал ч сайнгүй үе таарлаа. Есдүгээр сарын баше эхлэхийн өмнө эрүүл мэндийн байдал таагүй байв. Гэвч яг баше эхлээд хэд хоноход бие хаа, сэтгэл санаа аяндаа цэгцэрч, сайхан болоод ирсэн. Олон сайхан рекордыг эвдэж чадлаа. Өмнө нь Японы мэргэжлийн сумод 13 жил дараалан түрүүлсэн бөх байгаагүй юм билээ.

 22 настайгаасаа аварга болоод ялсан даваа маань 800 болж, 19 настайдаа дээд зиндаанд гараад давсан даваа нь 1000 хүрч, босоо барилдсаар тэнгэрт хүрсэн аавдаа том амжилттай, сайхан мэдээтэй ирлээ.

-Та Японы мэргэжлийн сумод 41 түрүүлэхдээ 14-т нэг ч унаагүй түрүүлсэн амжилтыг үзүүллээ?

-Би одоо босоо түрүүлсэн, маш олон түрүүлсэн гэсэн хоёр геннесийн сертфикаттай болсон. Цаашид ч энэ рекордуудаад эвдээд явна.

-Эх орондоо хэр удах вэ, ойрын үед ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Хэд хоног эх орондоо амарч, аавынхаа үүсгэн байгуулсан Их шавь дэвжээний шинэ цогцолборын шавь тавих есдүгээр сарын 27-нд болно. Энэ үйл ажиллагаанд оролцож, шав тавих юм. Өнөөдөр УИХ-ын дарга маань миний гаргасан амжилтын үнэлж, хүлээн авч уулзсанд маш их баяртай байна. Ямар ч гэсэн 2020 оны Токиогийн олимпийн хорооны элчин сайд гэж явж байгаа. Ирэх жилүүдэд хийх ажил маш их байна даа.

-Аварга Харумофүжи удахгүй зодог тайлна. Та зодог тайлах ёслолд оролцох уу?

-Есдүгээр сарын 30-нд Харумофүжигийн зодог тайлах ёслол, даах үргээх ажиллагаа болно. Тэр ажиллагаанд оролцоно. Би есдүгээр сарын 29-нд Япон явна.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.243.186)

    2018-09-26

    бахархаж байна.Аавдаа элэг нэг бидэндээ бидэндээ том бэлэг барьсан.Урдах зам нь улам шулуун дардам байгаасай.