“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны тайлан танилцууллаа

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны төгсгөлийн тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг 2018 оны 10 дүгаар сарын 16-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 60 орчим төлөөлөл оролцлоо. 

Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт хийж гүйцэтгэсэн.

2017 оны 5 сард эхлүүлсэн судалгаа нь ирэх 20-30 хугацаанд нүүрснээс аль болох татгалзаж сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан, хүлэмжийн хийн ялгарлыг дорвитой бууруулахад тустай, өртөг зардлын хувьд хамгийн оновчтой УБ хотын эрчим хүчний  системийг бүрдүүлэх, улмаар богино хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах боломжит замын зураглал гаргах, үндэсний зорилтод түвшинг ханган биелүүлэх (2030), мөн 2050 он гэхэд эрчим хүчний тогтвортой системийг бодитоор буй болгоход тустай өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх боломж бололцоо, тулгарах сорилт зэрэгт үнэлгээ өгч тэдгээрт үндэслэн эрчим хүчний системд үе шаттайгаар шилжилт хийх зөвлөмж гаргасан.

Тухайлбал, эрчим хүчний өнөөгийн тогтолцооны дүн шинжилгээнд тулгуурлан 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний урьдчилсан прогнозыг боловсруулсан ба энэ хүрээнд хүн ам ба эдийн засгийн өсөлт, мөн эрчим хүчний үр ашиг, өгөөжийг сайжруулах, үүнд барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах зэрэг асуудлыг хөндсөн. Мөн УБ хотын сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж, тус хотын эргэн тойрны бүс нутгийн салхины эрчим хүчний нөөц, боломжид үнэлгээ хийсэн.

Энэ судалгаа нь нэг талаас эрчим хүчний хангамжтай холбоотой боловч өргөн агуулгаараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой сорилтуудад хариулт өгч гарц гаргалгааг харуулахыг зорьсон.

Тухайлбал, арваад хоногийн өмнө НҮБ-ын Уур амьсгалын хэлэлцээрийн дэргэдэх Засгийн газар хороондын эрдэмтдийн зөвлөлөөс дэлхийн дулаарлын талаар боловсруулан гаргасан тусгай тайлан өргөн барьж танилцуулсан байна. Энэ тайланг 2015 оны уур амьсгалын хэлэлцээрийг баталсан дэлхийн улс орнуудын Засгийн газрын даалгавраар боловсруулсан эхний жинтэй тайлан бөгөөд тайланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг үр дагаврын талаар өмнө нь таамаглаж байснаас хавьгүй их санаа зовохуйц дүр зургийг харуулж, болзошгүй гамшгийг урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн эдийн засагт өмнө байгаагүй хурдтайгаар түүхэн шилжилт буюу транформаци хийх шаардлагатай байгааг анхааруулсан байна. Энэ тайланд одоо байгаа дэлхийн хүн амын дийлэнхийн амьдралын хугацаанд буюу 2040  оноос хавьгүй наана дэлхийн хэмжээнд хүнсний хомсдол, ойн түймэр нэмэгдэж тэнгис далайн шүрэн арлууд устаж алга болох таагүй дүр зургийг харуулжээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хэмжээнд буй хүлэмжийн хийн ялгаруулалт үргэлжилбээс 2040 он гэхэд дэлхий Цельсийн 1.5° -аас илүүтэйгээр дулаарч далайн эрэг хавийн газар усанд автаж хуурайшилт, ядуурал улам нэмэгдэх юм байна.     

Хэдийн ийм таагүй дүр зураг байгаа боловч тайланд сөрөг үр дагаврыг урьдчилан сэргийлэх, өөрчлөлтийг түргэсгэх техникийн боломж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5°-ээс илүүгүй хэмжээнд барихын тулд хүлэмжийн хийг 2010 онтой харьцуулахад 2030 онд 45%, 2050 онд 100% бууруулах шаардлагатайг тайланд дурдсан байна.  Мөн тайланд тогтоосноор 2050 онд гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор нүүрс ашиглахыг өнөөдрийн 40%-аас 1-7% хооронд байхаар буулгах шаардлагатай гэжээ.  Түүнчлэн нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг өнөөдрийн 20% орчим хувиас 67%-оос дээш хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байна.

Эдгээр сорилтуудад “УБ хотын эрчим хүчний Мастер төлөвлөгөө” судалгаа тодорхой хэмжээнд  хариулт өгч эрчим хүчний салбарт нэн төвөгтэй боловч зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг санал болгосон.  Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж хязгаарлагдмал байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн. Мөн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ нь гэр хорооллын байшин болон хотын төвийн хэсэг дэх хуучин орон сууцны барилгуудын дулаалга юм. Түүнчлэн шинээр барих  барилгуудыг дулааны эрчим хүчний хэмнэлттэй байдлаар барих, энэ хүрээнд одоо байгаа эрчим хүчний хэмнэлтийн стандартыг шинэчлэх шаардлагатай байгааг дурдсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (64.119.25.134)

    2018-10-16

    30 жил л ярьлаа. Яасанч хуралдаж хандаггуй яацарсан ИТА нэртэнгууд вэ??? Хайран херенге менге урж цаг хугацааг хулгайчид одоо болиод егеесэй. Ухэрнууд.!!!