Сум бүр мах боловсруулж, экспортлон валют олдог үйлдвэртэй болох ёстой

Манайхан эдийн засгаа солонгоруулна, тэр нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал гэж ярьдаг. Гэвч гурван тулгуур гэж нэрлэдэг болсон тэр салбараа үр ашигтай хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой тодорхой төсөл, арга хэмжээг сонгон боловсруулж хэрэгжүүлэх ажил нь хоцрогдож байна.

Энэ удаа би мал аж ахуйн бүтээгдэхүүний үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай төсөл арга хэмжээний чухал хэсэг, мах боловсруулж экспортлох үйлдвэрүүдийг сумдад бий болгох санал, мөрөөдлөө бичиж эрх мэдэлтэй нөхөд, эрдэмтэд, мэрэгжилтнүүд, идэвхит иргэд бизнесменүүдэд сонордуулая гэж бодлоо.

Монголын малын тоо, түүний өсөлтийн шалтгаан

Монгол Улс 1990 онд 25 сая малтай байсан бол 2017 онд 66 сая малтай боллоо. Жилд бойжуулж байсан төл 1990 оны үед 9.5 сая байсан бол 2017 онд 22 сая болжээ. Өнгөрсөн 27 жилд малын тоо 2.6 дахин өссөн гол шалтгаан бол мал махыг экспортод борлуулж чадаагүй. Экспортод 1990 оны үед 70 орчим мянган тонн мах, 30 орчим мянган тонн амьдын жинтэй мал \амьдаар нь тууж экспортолж байсан\, 60 орчим мянган толгой адуу гаргаж байлаа. Гэтэл сүүлийн хорь гаруй жилд экспортод мах борлуулж чадсан хамгийн их хэмжээ 2017 оны 29 мянган тонн.

Малын тоог хязгаарлах шаардлага, шийдэх гол арга зам

Малын тоо 66 сая толгой болтол буюу бэлчээрийн даацаас хэтэрсэн хэмжээнд хүртэл нэмэгдсэнийг бэлчээрийн мал аж ахуйг уламжлан үр ашигтай хөгжүүлэх ухаалаг бодлого хэрэгжүүлэхгүй байгаа гажуудал гэмээр байдаг. Дотоод хэрэгцээнээс илүү байгаа мах махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах бололцоог ашиглаж чаддаггүй, бэл­чээрийн даацаас хэтэрсэн олон тооны малаа үндэс­ний үйлдвэрлэл өссөн гэх тооцоонд оруулж мэдээлж байгааг арчаа муутай байдал гэж үзэхээс өөр аргагүй. Бэлчээр хомсдож байгааг малчид мэдэрч цөөн тооны чанартай малтай байх санал санаачилга гаргаж, хэрэгцээнээс илүү малаа борлуулах зах зээлийг эрж байна. Малын тоог нэмэхгүй, зарим хэмжээгээр багасгаж, бэлчээрийг сэргээх сайжруулахыг анхаарахгүй удвал уламжлалт, бэлчээрийн сайн чанарын махтай мал аж ахуй өөрөө өөрийгөө доройтуулах аюултай. Малын тооны өсөлтийг зогсоож, зарим хэмжээгээр багасгахын тулд жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх малыг тэр жилд нь зах зээлд борлуулдаг болох асуудлыг маш богино хугацаанд шийдэх шаардлагатай. Жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх, зарлагадах шаардлагатай 20 сая ма­лын махны нөөц нь \хонин толгойд шилжүүлж махны гарцыг 20 кг-аар тооцвол\ 400 мянган тонн болно.

Махны дотоод хэрэглээ

Манай монголчууд хүн­сэндээ жилд ойролцоогоор 200 мянган тонн буюу 10 орчим сая малын мах хэрэглэдэг. Өлгийтэй хүүх­дүүдээ оруулсан нийт хүн амдаа хувааж үзэхэд нэг хүн жилд 65-70 кг малын мах хэрэглэж байна. Илүү идэж чадахгүй. Цаашид малын махны хэрэгцээ хүний өсөлтийг дагаж өсөх боловч нэг хүнд ногдох хэрэглээ өсөхгүй, зарим хэмжээгээр багасч, гахай тахианы мах, төмс хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсний зүйлийн хэрэглээ нэмэгдэнэ. Борлуулах шаардлагатай 20 сая малын 400 мянган тонн махнаас дотоод хэрэгцээний махыг хасаад үлдэх 10 сая малын 200 мянган тонн махыг экспортод гаргах зайлшгүй шаардлага байгаа. Ингэхдээ хөрш хоёр улсын зах зээлд борлуулна. Ийм хэмжээний махыг экспор­тод гаргаснаар валютын орлого багаар бодоход хагас тэрбум ам доллараар нэмэгдэнэ.

Мах экспортод гаргахын тулд шийдэх ёстой гол асуудал

Социализмын үед Улаан­баатар, Дархан, Чойбалсан хотод томхон хүч чадлын мах комбинат байгуулж, үйлдвэрийн ар­гаар нядалсан малын махыг ЗХУ болон социалист улсуудад борлуулдаг байлаа. Тэр үед ЗХУ манай улсаас малыг амьдаар нь авах сонирхолтой байсан учраас Монголд махком­бинат барихыг дэмж­дэггүй байсан. Тийм учраас Улаанбаатарын мах­комбинатыг Ардчил­сан Герман, Дарханыхыг Унгарын, Чойбaл­сан­гийнхыг Болгарын туслам­жаар байгуулж, зүүн болон төвийн аймгуудын малыг эдгээр махкомбинатад нядлан махыг нь экспортод гаргах, арьс ширийг нь дотооддоо боловсруулж экспортод гаргах бо­ломжтой болсон. Тэр боломжоо ашиглаж байсан. Харин баруун аймгуудын малыг махкомбинатгүй учраас амьдаар нь ЗХУ-д борлуулдаг байж билээ.

Одоогийн нөхцөлд экспортод гаргах махыг нь гаргах шаардлагатай 10 сая малыг Улаанбаатар, Дархан, Чойбалсан хот дахь махкомбинатуудад авчирч нядлах бололцоо байхгүй болсон. Хүч чадлын хувьд бололцоогүй. Хамгийн гол шийдэх боломжгүй зүйл бол малын тууврын асуудал. Социализмын үед малыг тавдугаар сард Хөдөө аж ахуйн нэгдэл, Сангийн аж ахуй, иргэдээс худалдан авч бэлтгэдэг, бэлтгэсэн малыг аажим тууварлаад бэлчээрээр \дунджаар 20 хувийн\ тарга авхуулж, 7-12 дугаар сард том махкомбинатуудад хүргэж тушаадаг тууварчид ажилладаг байсан бол одоо байхгүй, байх аргагүй болсон. Тийм учраас одоогийн нөхцөлд малчдаас хэрэгцээнээс нь илүү гарсан малыг орон нутагт нь худалдан авч, орон нутагт нь нядалж махыг нь боловсруулдаг үйлдвэрүүдтэй болгох шаардлагатай болсон. Зөвхөн энэ нөхцөлд малын мах, арьс ширний нөөцийг бүрэн, үр ашигтай ашиглах нөхцөл бүрдэнэ.

Сум бүр мах боловсруулж экспортлох үйлдвэртэй болох ёстой

Мах боловсруулах үйлдвэрүүдийг хоёр үе шатаар байгуулах боломж бий. Эхний үед бүх аймгийн төвд болон гурван сум бүрийн дунд нэг, хоёр дугаар үед сум нэг бүрт байгуулах бодлогыг ойрын арав хүртэл жилд багтаан шийдвэрлэж болно. Сумын мах бололвсруулах үйлдвэр нэг бүр мал нядлах, махыг ангилан боловсруулах, ангилсан махыг сэврээх, хөлдөөх болон хөлдөөж хадгалах, арьс ширийг давслан хадгалах зэрэг цех тасаг агуулахтай байх учиртай. Үйлдвэрт суурьлуулах тоног төхөөрөмж, ашиглах технологийг зөв сонгох, маш чухал асуудал бол үйлдвэр нэг бүрт лаборатори ажиллуулах шаардлага бий. Нядалсан мал нэг бүрийн дотор эрхтэнийг авч шинжилгээ хийгээд ямар нэг өвчин нян илэрсэн малын махыг актлаж устгадаг, эрүүл малын махыг лабораторийн шинжилгээгээр батал­гаа­жуулдаг байвал мах экспортод саадгүй бор­луулж  чадна. Нэгж үйлдвэрийн хүчин чадал ямар байвал зохистойг тооцох хэрэгтэй. Ойрын дөрөв хүртэл жилийн хугацаанд сум дундын 100 мах болвсруулах үйлдвэр барьж 10 сая малыг нядалж, боловсруулсан махыг экспортод гаргах, мал худалдан авч нядлах хугацааг тавдугаар сар байхаар тооцвол нэг үйлдвэрийг хоногт \хонин толгойд шилжүүлснээр\ мянган толгой мал нядалж боловсруулах хүч чадалтай байхаар тооцож болмоор байдаг. Дотоод хэрэгцээний махны 50 орчим хувь мах боловсруулах үйлд­вэрүүдээс төвлөрсөн хот сууринд борлуулагдах учраас сумдын мах боловс­руулах үйлдвэрүү­дэд 15 орчим сая мал нийлүүлэгдэнэ гэж үзэж нэгж үйлдвэрийн хүч чадал, үр ашгийн тооцоог тодотгож болно.

Сумдад мах боловсруулах үйлдвэр байгуулахын ач холбогдол

Гадаад зах зээлд чанар, эрүүл ахуйн хэрэгцээ хангасан мах борлуулдаг болно. Улмаар Монгол Улсын гадаад худалдааны ашиг, валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Малчдын орлого өсч, орон нутагт ажлын байр, тогтмол орлоготой иргэд нэмэгдэнэ. Мал борлуулах зах зээл бий болсноор мал аж ахуй эрхлэгчид нэмэгдэнэ. Малын дотор эрхтэнийг боловсруулж эргэлтэд оруулснаар орлого ашиг өснө. Гэмтэлгүй, давсалж чанарыг нь хадгалсан арьс ширний нөөцтэй болно. Малын зүй бус хорогдлыг багасгана. Малын тоог зохистой хэмжээнд байлгаж, малын бэлчээр талхлагдахаас хамгаалах нөхцөл сайжирна. Мах боловсруулах үйлдвэрийг малчид хувьчилж авах боломжтой болно. Суманд байх мах боловсруулах үйлд­вэрүүдийн зохих стандартаар боловсруул­сан махыг улсын нэгдсэн бодлого зохицуулалтаар экспортод гаргаж байх эрхийг аймгуудын удирд­лагад өгөх хэрэгтэй. Аймаг, сумын мах боловсруулах үйлдвэрүүд хөрш хоёр улсын хил залгаа аймаг, мужтай шууд харилцаж, чанарын шаардлага хан­гасан мах, махан бүтээг­дэхүүнээ үнэ хүргэж борлуулах эрхтэй байх нь зүйтэй. Энэ асуудлыг шийдэж өгвөл сум аймаг бүр мал аж ахуйгаа өндөр үр ашигтай хөгжүүлж орлого ашгаа нэмэгдүүлж байх боломжоо ашиглана. Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотын том мах­комбинатууд болон аймгийн төвийн мах боловсруулах үйлдвэрүүдийг махыг гүнзгий боловсруулах чиглэлээр ажиллуулж болно. Эдгээр үйлдвэрүүд лаазалсан мах, элэгний нухаш, хиам, сосиски, нийтийн хоолны газрын хэрэгцээт ангилсан, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаад зах зээлд нийлүүлдэг байвал зохистой болно.

Сумдын мах боловс­руулах үйлдвэ­рийг жижиг дунд үйлдвэрт хамааруулж хөнгөлөлттэй зээлээр дэмжих шаардлагатай. Мах боловсруулах үйлд­вэрт малчдаас мал худалдаж аваад нядалж боловсруулаад борлуулах хүтэлх хугацаанд эргэлтийн хөрөнгө шаардагдана. Тийм учраас сумдын мах боловсруулах үйлдвэрт \10 хүртэл сарын\ урт хуга­цаатай, харьцангуй бага хүүтэй зээл олгож байх боломжийг олох шаардлага гарна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • зочин (103.229.123.71)

    2018-10-24

    2-3 сумын дунд мах сүү арьс ноос боловсруулах жижиг үйлдвэр барихад тун зүгээр дээ

  • (150.129.140.133)

    2018-10-23

    содном гуай махны үйлдвэр суманд болохгүй ээ .ганц сум хэдэн мал бойлохов. үйлдвэр болж байвал 18цаг 2ээлжээр ажиллавал сайн. зарим аймаг ч үүнийг даахгүй. мах боловсруулахгүй гаргах. ба амьдаар мал гаргавал монголчуудад мах ховордож автралиас авч малгүй болно.мах үнэд орно.махнаас их ашиг олохгүй.одол гадаад монголын дэлгүүрт буй үнэнээс түүхий махыг хямд зардаг гээд бод.бас гурил ногоо гаргана гэж томордог. монгол улаан элс л болоод үлдэнэ. бид гэдэс дүүрэн эрүүл газартайгаа ядуу явья л даа. хэрэггүй буруу юм уруу бүү турхир. гавьяатаа мѳнгѳ авсан уу.оюу толгой шиг..

  • ахмад (202.9.42.251)

    2018-10-23

    Мах боловсруулах дунд, том хэмжээний үйлдвэрүүдийг бүсчилсэн хөгжлийнхөө хүрээнд байршилыг тогтоон шийдвэрлэх, цаашлаад малыг билчээрт нь нядлах явуулын хөргөлт бүхий жижиг оврын үйлдвэрүүдийг сумуудад хэргэлэж болох талтай юм. Учир нь нядалгаанд орохоор хоригдсон малын махны амт чанар билчээрийнхээс ямар, ямар үзүүлэлтээр дутуу байдагыг лаборторийн аргаар нарийвчлан тогтоох шаардлагатай гэж боддог. Шинэлэг ийм санаануудыг нэгтгэн авч үзвэл зохилтой.

  • BUU MART (150.31.8.237)

    2018-10-23

    1990 ond gudamjind garsan jagsaaliig tsergiin hucheer darya geed ene nuhriig orhod ni J. Batmunh guai tas guriigeed gaiin usgee zuaagui gedeg. Olon hunii amind hureh sanaatai baisan novsh doo.

  • 90 on (150.31.8.237)

    2018-10-23

    90 and gudamjind garsan jagsaaliig tsergiin hucheer darya geed ene nuhriig orhod ni J. Batmunh guai tas guriigeed gaiin usgee zuaagui gedeg. Olon hunii amind hureh sanaatai baisan novsh doo.

  • 90 on (150.31.8.237)

    2018-10-23

    90 and gudamjind garsan jagsaaliig tsergiin hucheer darya geed ene nuhriig orhod ni J. Batmunh guai tas guriigeed gaiin usgee zuaagui gedeg. Olon hunii amind hureh sanaatai baisan novsh doo.

  • Socia;izm (150.31.8.237)

    2018-10-23

    Socializm baiguulna geed Bal dargiin bugsiig doloogood guij yavsan hun iim yum yariad suuj baidag.