О.Насанбурмаа 10 дахь удаагаа ДАШТ-д оролцож финалд шалгарлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотод болж байна. Тэмцээний 72 кг-ын жинд барилдсан Очирбатын Насанбурмаа дэлхийн бөх гэдгээ дахин баталлаа. Тэрбээр Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг дараалан ялж, алтан медалийн төлөө Канадын Ди Стасиотой барилдахаар шалгаран үлдлээ.

О.Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн байдаг. Тэгвэл энэ жил алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдсэн түүний хувьд гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн анхны бөх болж байна.

Өдгөө 29 настай тамирчин бүсгүй өнгөрөгч наймдугаар сард Азийн наадамд 76 кг-ын жинд өрсөлдөн шагналт тавдугаар байрыг эзэлсэн билээ. Тэгвэл Будапештийн дэвжээнд дахин өөрийгөө харуулж, дэлхийн аваргын төлөө өнөөдөр барилдах гэж байна.

О.Насанбурмаа гурав дахь хүрэл медалиа 2013 онд Будапештийн дэвжээнд авч байсан бол таван жилийн дараа финалд шалгарлаа. Түүний өрсөлдөгч 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Канадын бөх Ди Стасио бөгөөд барилдаан өнөө шөнө 01.00-с болно.

Манай тамирчдаас О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 удаа ДАШТ-д оролцож байна. Тэрбээр “Гуанжоу-2006”, “Токио-2008”, “Москва-2010”, “Стамбул-2011”, “Страткон-2012”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”-ын дэвжээнд барилдсан.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)