Ч.Сосормаа: Намуудын санхүүжилтийг ил тод болгоход хяналтын байгууллага чухал үүрэгтэй

Эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагууд хамтран "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлийг санаачилсан. Тус түншлэл нь улс төрийн намуудын эрх зүйн орчин, санхүүжилтийг ил тод болгох үйл ажиллагаа явуулах аж. Түншлэлийн санаачлагч Ч.СОСОРМААТАЙ улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлын талаар ярилцлаа.

-"Шилэн нам" гэхээр шинээр нам байгуулах гэж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд яваад байна. Ер нь “Шилэн нам" санаачилгын талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улс Шилэн дансны тухай хуультай болж, сүүлийн үед "шилэн төр"-ийн тухай ярих боллоо. "Шилэн" гэдэг бол ил тод байх гэсэн утга юм. Үүгээр Шилэн дансны тухай хуулийг нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн бүх намыг санхүүжилтийн хувьд ил тод, шилэн болгоё гэсэн санал, санаачилга юм. Мэдээж улс төрийн намууд өөр өөрийн үзэл бодолтой, сонгуулийн арга туршлага, тактикийн хувьд нууцлах зүйл байлгүй яахав. Харин бидний хувьд улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт, хандив, татварыг ил тодоор гишүүд төдийгүй олон нийтэд мэдээлдэг байхыг шаардаж байгаа юм. Үүний хүрээнд УИХ-д суудалтай буюу МАН, АН, МАХН-аас энэ санаачилгыг эхлүүлсэн.

-Улс төрийн намын санхүүжилт ил тод байхад юу саад болж байна вэ?

-УИХ-д суудалтай намууд улсын төсвөөс санхүүжилтийн дэмжлэг авдаг. Суудлынхаа тоогоор жилд доод тал нь 760 сая төгрөг авдаг гэж хэлж болно. Гэтэл энэ мөнгийг юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй. Бас юунд зарцуулах ёстойг хуульд зааж өгөөгүй, энэ мөнгийг хэн хянах нь ч тодорхойгүй байна. Түүнчлэн сонгуулийн хандивын босго, сонгуулийн зардлын дээд хязгаарыг их өндрөөр тогтоодог. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн өнгөрсөн ээлжит сонгуулийн зардлын дээд хязгаарыг нэр дэвшүүлэгч намын хувьд 6.8 тэрбум, нэр дэвшигчид 3.9 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн. Энэ нь нэр дэвшигч бүр намын болон өөрийн хөрөнгө хандиваас бүрдсэн 10.7 тэрбум төгрөгийн зардлыг сонгуульд зарцуулах эрхтэй болсон гэсэн үг. Манайх шиг ядуурал, ажилгүйдэл их, хүн ам цөөнтэй, эдийн засгийн хямралтай улс оронд энэ нь асар их хөрөнгө. Гэтэл манайд сонгуулийн зардлыг хамгийн хямдаар тогтоох стратеги бодлого байхгуй, үүнийг хуульд тусгаагүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн компаниудын үнэд тулгуурлан тооцож Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хязгаарыг зарлаж байгаа. Гэвч богино хугацаанд энэ их хөрөнгийг боломжтой болдог. Харин жирийн иргэн, шударга хөдөлмөрлөж байгаа хүн нэрээ дэвшүүлэх боломжгүй болж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, тэгш гарааг боомилж байна. Мөн энэ их хөрөнгө зарцуулсан хүн эргээд нөгөө мөнгөө төрөөс гаргах, бусдын нөлөөнд автах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

-Намуудын санхүүжилтийг ил тод, шилэн болгоход хяналтын механизм байхгүй байна гэж ойлголоо. Тэгвэл ямар зохицуулалтаар санхүүжилтийг тодорхой болгох боломжтой юм бэ?

-Намуудын санхүужилтийг ил тод, шилэн болгохын тулд юуны өмнө дотоод хяналтын байгууллага их чухал. Харин дотоод хяналтын байгууллага хараат бус байх үед л бүрэн ажиллана. Гэтэл хараат бус байдлын шинжилгээг намуудын дүрэмд тулгуурлан хийгээд үзэхээр дотоод хяналтын байгууллага хараат бус байж чадахгүй байна. Тухайлбал, АН-ын дүрэмд "Үндсэн дүрмийн хорооны гишүүдэд намын даргын санал болгосон хүнийг Их хурлаар сонгоно" гэж заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын дарга нь өөрийгөө хянах ёстой хүмүүсээ өөрөө санал болгож, хэдэн хүний нэр оруулдаг. Түүнийг нь намын Их хурлаараа баталдаг. Ийм хяналтын байгууллага хараат бусаар ажиллаж чадах уу, үгүй. Тэгэхээр хараат бус байдлыг нам дотроо хангах ёстой. Мөн төрийн хяналтын тогтолцоо буюу Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага, Үндэсний аудитын газар зэрэгт томилгооны хараат бус байдалд шинжилгээ хийх ёстой. Хийж ч байна. Ингэхдээ зөвхөн томилгоо бус үйл ажиллагаа, төсвийн хараат бус байдалд хийж байна. Жишээ нь, Үндэсний аудитын газар төсвөө Сангийн яамнаас авдаг. Энэ утгаараа Сангийн яамны хяналтад орох эрсдэл бий болж байгаа. Тиймээс дээрх гурван өнцгөөр хараат бус байдлыг хянах ёстой. Дээр нь улс төрийн нам доторх болон төрийн хяналтын хараат бус байдлыг давхар хянаж байж санхүүжилтийг шилэн болгоно.

-Хуульд зааснаар улс төрийн нам сарын дотор хороонд тайлагнахаар заасан байдаг шүү дээ?

-90 хоногийн тодор тайлагнана гэж заасан байдаг. 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулиар намууд сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд өгч, Сонгуулийн ерөнхий хороо нь Үндэсний аудитын газарт хянуулах ёстой. Үндэсний аудитын газар тайланг хүлээж авснаас 90 хоногийн дотор намуудын сонгуулийн зардлын тайланг олон нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Гэхдээ сонгуулийн зардалд хяналт тавьсан, аудит хийсэн дүнгээ л нийтэд мэдээлнэ гэж байгаа. Тухайлбал, Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дүн, хандивын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Харамсалтай нь, дүн гэж хоёр хуудас хүрэхгүй дүгнэлтийг олон нийтэд мэдээлсэн. Энэ нь бүх зүйл хуулийн дагуу байна гэсэн мэдээлэл байлаа. Улс орны сонгогч түмэнд аудитын хоёр хуудас ч хүрэхгүй тайлангийн дүн үнэхээр чамлалттай. Тайлангийн дүн нь ач холбогдол багатай тойм төдий тоо тул сонгуулийн зардлын талаарх мэдээлэл авах, хөндлөнгийн хяналт тавих ямар ч боломжгүй. Энэ талаар хуулийн зохицуулалтад оруулаагүй.

Ингэснээрээ 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн маш том ухралт болсон. Өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл хийх талаар ярьж байна. Энэ цаг үед парламентад суудалтай намуудад улсын төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа. Гэхдээ энэ бол улс төрийн намын хяналт, хариуцлагатай нягт уялдах ёстой. Улс төрийн намын дотоод ардчилал, ил тод байдлыг нэмэгдүүлэхдээ хяналттай нягт уялдуулахгүй бол хэдхэн эрх мэдэлтнийг санхүүжүүлдэг, бүлэглэлийг хамгаалдаг мөнгө болох эрсдэлтэй. Хуульд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хяналт хариуцлагыг нэмэгдуүлэх, мэдээлэл авах эрхийг нь баталгаажуулж өгөхгүй бол болохгүй. Жишээ нь, авлигын хэрэг илрэх хамгийн гол зүйл нь мэдээлэл байдаг. Сонгуулийн үеэр санал худалдах, луйвардах болон бохир мөнгө орж ирлээ гэдгийг дотроосоо мэдээлж байгаа гишүүнийг хамгаалах хамгаалалт алга байна.

-Авлигын эсрэг тэмцэх гэхээсээ илүү ашиг хонжооны төлөө мэдээллийг тараадаг шүү дээ?

-Хуулийн зохицуулалтгүйгээс л энэ асуудал гараад байна. Улс төрийн намууд өөрөө өөрсдөдөө авлигын эрсдлийн үнэлгээ хийх ёстой. Гэтэл энэ талаар дотроо ерөөс яриагүй байдаг. Тэгэхээр нам дотроо энэ талаар маш сайн ярилцах хэрэгтэй. Улс төрийн нам гэдэг хамтын удирдлагын байгууллага, хамтын хариуцлага. Гишүүд байгаа учраас нам оршин тогтнож байгаа. Тиймээс үүнийг гишүүд дотроо ярилцаж, хэлэлцэж шаардах, хөдөлгөөнд оруулах хэрэгтэй нь харагдаж байна.

-"Шилэн нам" олон намуудын түншлэлд хэчнээн байгууллага, нам багтаж байна. Жишээ нь, намуудын санхүүжилтийг шилэн болгоё гээд парламентад суудалтай гурван намтай Санамж бичиг байгуулсан гэж байна. Эдгээр намтай цаашид яаж хамтран ажиллахаар тохиролцсон юм бэ?

-Энэ түншлэлд нэгдсэнээр улс төрийн нам түүний гишүүд, олон нийтийн өмнө үүрэг хүлээж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хийх ёстой ажлаа л хийж байгаа хэрэг. Эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага бидний хувьд арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, авлигын эрсдлийн үнэлгээний загварыг боловсруулж намуудад нийлүүлдэг. Энэ загвараар нам дотроо хараат бус баг байгуулж эрсдэлийн үнэлгээг хийж, хэрэгжүүлж үзээд тайлангаа бидэнд тавихыг санал болгож байгаа. Үүнд бид судалгаа хийж тухайн намд ийм асуудлыг авч үзэх шаардлагатай байна, гишүүд чинь ингэж үзэж байна. Энэ талд дараа жил анхаарлаа хандуулж ажиллаач гэсэн асуудлыг тавьж байгаа юм. Манай түншлэлд УИХ дахь авлигын эсрэг бүлэг, "Монфак", "Трансперенси Интернэйшнл" түншлэгч болж оролцож байна.

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)