Ц.Сүхбаатар: Ахмад настны тоо өсөхийн хэрээр шийдвэрлэх асуудал нэмэгдэж байна

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Иран улсад зохиогдсон Олон улсын ахмадын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн ээлжит бага хуралд оролцоод иржээ. Энэ талаар түүнээс тодруулав.

-Хамрах хүрээ, ач холбогдлын хувьд нэлээд өргөн агуулгатай хуралд та оролцоод ирлээ. Голчлон ямар асуудал хэлэлцэв?

-Олон улсын ахмадын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн ээлжит бага хурал энэ оны 10 дугаар сарын 23-25-нд Исламын Бүгд Найрамдах Иран улсын нийслэл Тегеран хотод боллоо. Ази, Номхон далайн бүсэд багтдаг улс орон бүрээс ахмадын байгууллагын төлөөлөл,  олон улсын байгууллагын тусгай төлөөлөгч гээд нийт 121 төлөөлөгч оролцлоо. Иран улсын Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Олон улсын ахмадын байгууллагын Хэлп Эйж байгууллагын дэд ерөнхийлөгч, Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал, Иран улсын парламентын гишүүд, мөн Иран улсын Хөдөлмөр, Нийгмийн халамж үйлчилгээний болон Эрүүл мэнд, Боловсролын дэд сайд зэрэг өндөр албаны хүмүүс оролцсон. Энэхүү бага хурлаар улс орнуудад ахмад настны орлогыг яаж нэмэгдүүлэх вэ, ахмадын эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ, эрүүл урт наслалтыг яаж дэмжих вэ, урт хугацааны халамж үйлчилгээний шинэ төрлүүдийг хэрхэн бий болгож цаашид хөгжүүлэх вэ зэрэг асуудлыг  голчлон хэлэлцлээ. Бага хурал дээр улс орнуудын ахмадын асуудал хариуцсан яам, агентлагийн удирдлагууд,  эрдэм шинжилгээний байгууллагууд, тухайн улсынхаа жишээн дээр илтгэл тавьсан. НҮБ-ын хүн амын судалгааны мэргэжилтэн  ч мэдээлэл хийсэн. Хурлаар мөн 2050 он хүртэлх насжилтын байдлыг авч үзлээ. Хэлэлцсэн асуудлын товч утга нь насжиж буй нийгэм, гэр бүлд төрийн оролцоо, настнуудын орлогыг яаж хамгаалах вэ, эрүүл мэндийг яаж хамгаалах вэ, урт хугацааны халамж үйлчилгээг яаж үзүүлэх вэ  зэрэг сэдэв шүү дээ. Өнөөдөр дэлхийн хүн ам 1-1.2  хувиар өсч байхад ахмадын тоо 3.9 хувиар өсч байна.  Өөрөөр хэлбэл, насжилт эрчимтэй явагдаж байна. Иран улсын жишээн  дээр л гэхэд 80 гаруй сая  хүн амтай. Түүнээс 7 сая гаруй нь ахмад настан. Нийт  хүн амын 10 хувь нь гэсэн үг. Энэ байдлаар бол 2030 онд ахмад настан тус улсын нийт хүн амын 30 хувьд хүрэхээр байгаа юм. Энэ утгаараа шинэ нөхцөл шаардлага үүсч байна гэсэн үг.

-Манай улсын хувьд харьцангуй цөөн хүн амтай. Азийн бусад улс орнуудтай харьцуулбал ололттой, бас дутагдалтай тал юу байна вэ?

 -Хурлаар улс орон бүрийн ахмадууд нийгмийн хамгаалалд хэрхэн хамрагдаж байгааг авч үзсэн. Манай нэг онцлог нь хууль эрхзүйн орчин  бусад орноос харьцангуй сайн юм гэж ойлгогдож байна. Нийгмийн даатгалын хууль, Нийгмийн халамжийн багц хууль,  Ахмад настны тухай хууль гээд  ахмад настнуудыг дэмжсэн, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой олон чухал бодлогын баримт бичгийг Монгол Улсын төр батлан гаргажээ. Эдгээр хуулийн зүйл заалт бүрээр нь аваад үзэхээр манай ахмадуудын  98 хувь нь  тэтгэвэр тэтгэмжид хамрагдсан байдаг. Нэг ахмад настанд оногдож байгаа тэтгэвэр мөнгөн хэлбэрээрээ харьцангуй бага ч гэсэн хуулийн дагуу олон ахмад настан тэтгэвэр авч байгаа юм. Гэтэл Иран улсын тэтгэврийн насны  хүмүүсийн 50 хувь нь л  халамж үйлчилгээнд хамрагддаг аж. Үлдсэн 50 хувь нь ямар ч тэтгэвэр тэтгэмжид хамрагддаггүй гэсэн. Үүнтэй харьцуулбал манайх харьцангуй боломжийн түвшинд явж байна гэж хэлэх үндэстэй. Ираны хөдөө аж ахуй, албан бус секторт ажиллаж буй  хүмүүс нийгмийн даатгалд хамрагддаггүй юм байна. Энэ асуудлаа хэрхэн шийдэхээ одоо гаргаж тавьж байх жишээтэй. Индонез,  Тайланд,  Вьетнам зэрэг улсад ахмадын хууль тогтоомж байгаа ч бүх ахмадуудаа хамруулж чаддаггүй талаар төлөөлөгчид нь ярьж байсан. Уг хурлаар урт хугацааны халамж үйлчилгээний шинэ төрлүүдийг бий болгох талаар хурлын төлөөлөгчид онцгойлон ярилцсаныг энд тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улсад Ахмад настны тухай шинэ хууль хэрэгжиж ахмадуудад лавлагаа мэдээлэл, зөвлөгөө өгөх, явуулын, өдрийн, сайн дурын, өдрөөр эмчлэх, асран сувилах, хүнсний дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зэрэг шинэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгааг мэдээлэхэд олон улс орнууд энэ туршлагыг өөрийн орондоо хэрэгжүүлэх санал гаргаж дэмжиж талархаж байсныг тэмдэглэхэд таатай байна.

 

Д.Лхагва

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (202.179.25.84)

    2018-11-13

    ХАРьцангуй сайн хамрагдана гэдэг чинь Социализмын үед хүн бүр ажилтай байсных шүү. ОДоо бол ТЭТГЭВЭРТЭЙ болж чадах эсэх нь маш бүрхэг болсон

  • ЗОЧИН (122.201.22.87)

    2018-11-13

    нийгэмийн даатгалын хөрөнгийг анархист намын дарга эрдэнээ гударч идээд дуусгасан