Эцэг эхчүүд хүүхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хойрго ханддаг

Амаржих газрууд хүүхдийг төрөнгүүт бүртгэж, регистрийн дугаар олгож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд Монгол Улсын иргэний регистрийн дугаарыг эмнэлэгт хүүхэд бүрт олгож байгаа юм. Иймд шинээр төрсөн хүүхдэд регистрийн дугаар олгох ажлын явц ямар байгааг сурвалжлахаар Монгол Улсын ууган төрөх нийслэлийн “Өргөө” амаржих газрыг зорилоо. Тус газар урьдын адил хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Регистрийн дугаар олгох үйл явцыг хянадаг эмчтэй уулзаж, энэ талаар тодруулахаар очиход хэд хэдэн аав хүүхдийнхээ ягаан дэвтрийг барьчихсан зогсож байв. Тэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахаар харьяа хорооныхоо бүртгэлийн ажилтанд хандсан боловч эмнэлгээс “Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ” дээр регистрийн дугаарыг заавал бичүүлэх ёстой гэсэн учраас тус эмчтэй уулзахаар зогсож буй нь энэ юм. “Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ” гэдэгт төрсөн ээжийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаягаас гадна хэдэн сарын хэдний өдөр хэдэн цагт хэдэн грамм хүүхэд төрүүлсэн талаарх мэдээлэл багтдаг байна. Үүнийг хорооны бүртгэлийн ажилтанд өгснөөр хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах боломжтой болох аж.

Гэтэл тухайн гэрчилгээн дээр эмнэлгээс олгосон регистрийн дугаар бичигдээгүй учраас эцэг эхчүүдэд нааш цааш явах асуудал үүсчээ.

Энэ талаар болон регистрийн дугаар олгохтой холбоотой зарим зүйлийг Статистикч их эмч Д.Сумъяагаас тодрууллаа.

Д.Сумъяа: Хорооны ажилтан хүндрэл учруулж буйг эс тооцвол асуудал гарахгүй байна

-Эхийг амаржсан даруйд хүүхдэд нь регистрийн дугаар олгоход эмнэлгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй зүйл гарч байна уу. Эмнэлгээс гарсны дараа хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гэхээр нааш цааш явах асуудал үүсч байгаа талаар аав ээжүүд ярьж байна?

-Тухайн эх амаржсан даруйд хүүхдэд нь регистрийн дугаар олгох нь амар хялбар ажил биш. Гэхдээ эмнэлэг, эмчийн хувьд хүндрэл гарч, ачаалал үүссэн асуудал байхгүй. Хүүхдэд олгосон регистрийн дугаар улсын бүртгэлийн программд орчихсон байхад хорооны мэргэжилтэн эх, хүүхдийн мэдээлэл бичсэн цаасан дээр заавал бичүүлэх ёстой гэж хүндрэл чирэгдэл учруулаад байх юм. Энэ талаар ЭМЯ-нд дуулгаж, асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэхээр болсон.

Өнөөдөр /энэ сарын 12/-өөс хойш ийм асуудал гарахгүй байх. Хэрэв манай эмнэлгийн программын алдаа эсвэл эмч нарын буруу, зөрүү бичснээс үүдэн тухайн хүүхдийн регистрийн дугаар улсын бүртгэлийн программд ороогүй байвал бид шүүж, мөн давхар бичиж өгч болно. Регистрийн дугаарын асуудлаар буцаж ирж буй аав ээж нар “Хороон дээр очоод шүүлгэхэд манай хүүхдийн регистрийн дугаар программд бүртгэлтэй байна. Тэгсэн атлаа заавал эмчээр бичүүлж ир гээд байна” гэдэг зүйл ярьдаг. Ийм байдлаар иргэдэд хүндрэл учруулж, эмнэлэгт ачаалал үүсгээд байгаа болохоос бусдаар бол ямар нэгэн асуудал гарахгүй байна.

-Регистрийн дугаар олгохоос өмнө хүүхдэдээ нэр өгсөн байх ёстой юу. Дараа нь өгч болох уу?

-Регистрийн дугаар олгоход нэр өгсөн байх шаардлагагүй. Харин хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахад хүүхдэдээ нэр өгсөн байх ёстой.

-Шууд бүртгэл хийснээр ямар давуу тал ажиглагдаж байна?

-Эрүүл мэндийн салбарт бүртгэгдсэн төрөлт Монгол Улсын иргэний бүртгэл хоёрын хооронд зөрүү үүсээд байсан учраас үүнийг цэгцлэх зорилгоор хүүхдийг эмнэлэгт байхад нь регистрийн дугаар олгож эхлээд байна. Эцэг эхчүүд хүүхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хойрго ханддаг тал бий. Жишээлбэл, “Манай хүүхэд зургаан настай. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гэсэн төрсөн гэдгийг нь нотлох бичиг хэрэгтэй байна” гэх зэргээр төрсөн ээжийн мэдээллийг шүүлгэх гэж манай эмнэлэгт хандаж байсан тохиолдол бий. Энэ бол эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүйг харуулж байгаа юм. Ийм байдлаар эрүүл мэндийн салбар улсын иргэний бүртгэл хоёрын хооронд зөрүү гарч, Монгол Улсын хүн амын тоо үнэн бодитоор гарахгүй байгаа юм.

-Орон нутгийн болон түр оршин суугч эх амаржсан тохиолдолд регистрийн дугаар мөн адил олгох уу?

-Манай эмнэлэгт Хан-Уул, Баянгол, Чингэлтэй болон Багахангай дүүргийн оршин суугчид амарждаг. Түр оршин суугч, орон нутгийн харьяа ямар ч эх төрсөн хүүхдэд нь регистрийн дугаар олгоно. Хамгийн гол нь бүртгэдэг программаараа орон нутгийн харьяатай байвал тухайн аймгийнх нь үсэгтэй регистрийг олгодог. Харин гадаадын иргэдийн хувьд регистрийн дугаар олгох боломжгүй. Гэхдээ хүүхэд ээжийнхээ хаяг, регистрийн дугаарыг дагадаг учраас ээж нь монгол аав нь гадаадын иргэн бол олгох боломжтой. Харин ээж гадаад аав монгол эсвэл хоёулаа гадаад иргэн бол төрөлтөндөө бүртгэнэ, регистрийн дугаар олгохгүй.

-Хүүхэд эндсэн тохиолдолд хасалтыг эмнэлэгт хийх үү?

-Хүүхэд 0-28 хоногтой байх хугацаанд эндвэл нярайн эндэгдэл гэж үздэг. Тухайн хүүхэд тэд хоног амьдраад ийм шалтгааны улмаас нас барсан гэдгийг бичиж иргэний бүртгэлээс хасалт хийнэ. Ер нь төрөлт болон эмнэлэгт нас барсан тохиолдлыг тэр даруйд нь программд оруулж байна. Ингэснээр улсын хэмжээнд бодит тоо гарч байгаа юм. “Нас барсан хүний тэтгэвэр тэтгэмж авах асуудал гарахгүй” УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80-аас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна. Мөн “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилт дэвшүүлсэн байдаг. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороо /ҮСХ/, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ хамтран ажиллах санамж бичгийг 2016 онд байгуулжээ. Үүний үр дүнд мэдээлэл солилцох дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэх юм. Ингэснээр хүүхэд эмнэлэгт төрмөгц Монгол Улсын регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийг бүртгэх, төрсөн болон нас барсан бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх аж.

Тодруулбал, төрөлт болон нас баралтыг цахимаар бүртгэх ажлыг эхлүүлээд хагас сар болж байна. “Нэг иргэн-Нэг бүртгэл" хөтөлбөрийн талаар УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “ҮСХ, ЭМЯ, УБЕГ гэсэн гурван байгууллагын хүн амын бүртгэл зөврүүтэй байдаг байсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхийг амаржингуут хүүхдэд нь регистрийн дугаар олгосноор статистик мэдээ хоорондоо зөрүүгүй, олон улсын чиг хандлагад нийцэх юм. Мөн Монгол Улс хүн амын тоо, улмаар төрийн байгууллагуудын мэдээлэл үнэн зөв чанартай болно. Иргэдэд төрийн үйлчилгээ чирэгдэлгүй шуурхай хүрнэ. Нас барсны бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр эрүүл мэндийн мэдээллийн сан үнэн зөв мэдээлэлтэй болж байна гэсэн үг. Бүртгэлийн байгууллага нас баралтыг бүртгэж авна. Ингэхээр Монгол Улсын хэмжээнд төрөлт, нас баралтын тоон мэдээлэл ямар нэгэн зөрүүгүй болж байгаа юм. Мөн оны эцэст ямар нэгэн тайлан мэдээ гаргахад бүртгүүлээгүй хүүхдийн судалгааг гаргах боломжтой болж байгаа.

Хамгийн гол нь нийгмийн даатгалаар нас барсан хүний тэтгэвэр тэтгэмж авдаг гэдэг асуудал байхгүй болно” гэв. Эхийг амаржсан даруйд хүүхдэд регистрийн дугаар олгох нь олон давуу талтайг эмч, мэргэжилтнүүд тодотгож байна. Тодруулбал, төрөлт, нас баралтыг бүртгэх тогтолцоо илүү боловсронгуй болж төрийн байгууллагууд цаг хугацаа алдалгүй хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болжээ. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүр дээр бүртгэдэг болсон нь бас нэгэн давуу тал юм байна. Жишээлбэл, хоёр ихэр хүүхэд төрөхөд тэдний алинд нь ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гэдгийг мэдэх бололцоогүй байсан бол бүртгэлтэй болсноор энэ талаарх мэдээллийг харах боломжтой болжээ.

Бүртгэлийн тогтолцоог ийм байдлаар боловсронгуй болгохоос өмнө амаржсан эх сарын хугацаанд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч улмаар улсын бүртгэл дээр очиж бүртгүүлдэг байсан цаг үе ийн ард хоцорсон байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь төрсөн өдрөөсөө эхэлж төрийн үйлчилгээ авч буйд талархалтай хандаж байгаа ч зарим нэгэн асуудал гарч байгаа талаар ярилаа.

Зарим эцэг эхийн сэтгэгдлийг хүргэе.

Хүүхдийн регистрийн дугаар бүртгэлтэй байхад эмчээр бичүүлэх шаардлагагүй

М.Батсаруул: -Манай эхнэр энэ сарын 6-нд амаржсан.

Бид Чингэлтэй дүүргийн XVI хороонд оршин суудаг. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гээд харьяа хороон дээрээ очсон боловч бүтсэнгүй. Хорооны бүртгэл хариуцсан мэргэжилтэн “Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ” гэсэн бичгээ авч ир” гэсэн. Тэрийг нь авч очоод шүүлгэхэд манай хүүхдийн регистрийн дугаар гарч ирж байна билээ. Гэтэл тухайн цаас буюу “Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ” гэдэг дээр хүүхдийнхээ регистрийн дугаарыг эмчээр бичүүлсэн байх ёстой гээд намайг дахиад буцаасан. Уг нь хороон дээр очоод шүүлгэхэд хүүхдийн маань регистрийн дугаар программд нь бүртгэлтэй байгаа юм. Ийм тохиолдолд заавал эмчээр нь бичүүүлж ир гэх ямар ч шаардлагагүй шүү дээ. Ийм байдлаар хорооны бүртгэлийн ажилтан бидэнд хүндрэл учруулж байна. Үүний эс тооцвол бусдаар бол эмнэлэгт байхад хүүхдэд регистрийн дугаар олгож байгаа нь үнэхээр зөв шийдэл. Хүүхэд улсын бүртгэлд бүртгүүлснээр төрийн үйлчилгээ авах боломжтой

П.Эрдэнэбаатар:-Манай эхнэр энэ сарын 4-нд төрөөд эмнэлгээс гарч байна.

Эхнэр хүүхэд хоёроо эмнэлгээс гарахаас өмнө хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гээд харьяа хороон дээрээ очсон боловч регистрийн дугаар нь программд орж ирээгүй байна.

Тиймээс эмнэлэг дээр ирээд байна. Хүмүүсийн ярьж байгааг сонсоход төрсөн даруйд хүүхдэд регистрийн дугаар олгох нь зөв юм билээ. Ихэр хүүхэд төрлөө гэхэд ямар эмчилгээ хийлгэсэн эсэхийг харах боломжтой. Мөн зарим эцэг эх хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахгүй хугацаа алддаг тал бий. Уг нь төрсний дараа 14 хоногийн хугацаанд хүүхдийнхээ гэрчилгээг авч, бүртгүүлэх ёстой. Гэтэл зарим эцэг эх сар, бүр жилийн дараа авсан ч тохиолдол байдаг юм билээ.

Төрсний гэрчилгээг нь авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжтой болно. Бидэнтэй байр сууриа хуваалцсан хоёр иргэн хоёулаа Чингэлтэй дүүргийн харьяа оршин суугчид юм. Иймд энэ талаар тодруулахаар тус дүүргийн XVI хорооны бүртгэлийн мэргэжилтэнтэй холбогдоход мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Ямартай ч уг асуудлын талаар “Өргөө” амаржих газрын Статистикч их эмч Д.Сумъяа ЭМЯ болон хариуцсан газарт нь мэдэгдсэн учраас дахиж ийм асуудал гарахгүй гэдэгт эцэг эхчүүд найдаж байна.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)