Д.Сарантуяатай: Зам тээврийн ослын хэрэгт хэргийн газрын үзлэгийг ул мөр балрахаас өмнө шуурхай хийх шаардлагатай

Хүмүүсийн хэлж заншсан “авто ослын хэрэг" гэдэг нь  Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний зөрчсөн үйлдлийг хамааруулдаг.   Энэ хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, амь нас хохирсон, согтуурсан, мансуурсан үедээ болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол Эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзэж хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.  Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд  хэргийн газрын үзлэгийг чанартай хийх,  мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу цуглуулж бэхжүүлэх шаардлага чухлаар тавигддаг.  Монгол Улсын Ерөнхий прокурор,  Цагдаагийн Ерөнхий газрын даргын  баталсан  хөтөлбөр, хуваарийн  дагуу Тээврийн Прокурорын газраас, Тээврийн цагдаагийн албатай хамтран улсын хэмжээнд сургалт зохион байгуулж байна.

Энэ сургалтын талаар Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх  Д.Сарантуяатай ярилцлаа.

Эхлээд Тээврийн прокурорын газрын чиг үүргийн талаар ярилцая.

 Замын Цагдаагийн алба, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэс нь зохион байгуулалтын шинэ бүтцээр Тээврийн цагдаагийн албанд харьяалагдах болсон, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар  манай прокурорын газраас тухайн 3 газар, хэлтсийн шалгаж байгаа зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцдог.

Тээврийн прокурорын газар нь Замын Цагдаагийн алба, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн шалгаж байгаа зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцдог.

Хяналт тавьж байгаа гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн дийлэнх хувийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг эзэлж байдаг. Өөрөөр хэлбэл,  Нийслэлийн хэмжээнд гарсан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”  гэмт  хэргийн гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллаж байна. Мөн орон нутагт гарсан энэ төрлийн хэргийн харьяаллыг Улсын Ерөнхий прокурорын газраас өөрчлөн тогтоож,  ирүүлснийг хүлээн авч, хяналт тавин, шийдвэрлэж  ажилладаг. 

Бидний хэлж заншсанаар “зам тээврийн осол, хэрэг”-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд прокурорууд хяналт тавьж, осолд холбогдсон этгээдийн гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт бичин, хэргийг шүүхэд шилжүүлж, улсын яллагчаар оролцдог.

Зам тээврийн ослын хэргийг  дагнан хянаж, шийдвэрлэдэгийн хувьд   энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсаар байгаа  статистик дүн мэдээнд дүгнэлт хийж, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  шалгалт, судалгаа хийх, сэрэмжлүүлэг гаргах, яриа таниулга хийх, сургалт зохион байгуулах зэргээр хуульд заасан чиг үүрэг, эрхийнхээ хүрээнд ажиллаж байна.

Танайхаас Улсын хэмжээнд сургалт зохион байгуулж байна. Энэ сургалтын талаар?

 Орон нутагт гарсан зам тээврийн ослын зарим хэргийг хянахад  хойшлуулшгүй ажиллагаа тухайлбал, хэргийн газрын үзлэг болон   шаардлагатай бусад ажиллагаануудыг дутуу хийж  гүйцэтгэсэн байх тохиолдол цөөнгүй байна. Зам тээврийн ослын хэрэгт, хэргийн газрын үзлэгийг ул мөр балрахаас өмнө шуурхай хийх, үзлэгээр тогтоовол зохих байдлуудыг бүрэн тогтоож хийх нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлдөг.

Зам тээврийн ослын хэрэгт тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн шинж байдлаар тээврийн хэрэгсэл ямар хурдтай явж байсан, аль хэсгээрээ, хаана мөргөлдсөн гэх мэт олон асуудлуудыг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох шаардлага гардаг. Тэгэхээр хэргийг шалгаж, шийдвэрлэж байгаа  цагдаагийн албан хаагч, шинжээч, прокуроруудын ур чадвар зайлшгүй чухал.

Эдгээр шаардлагын улмаас дагнасан прокурорын газрын хувьд  Монгол Улсын Ерөнхий прокурор,  Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарын баталсан  хөтөлбөр, хуваарийн  дагуу Тээврийн цагдаагийн албатай хамтран улсын хэмжээнд сургалт зохион байгуулж байна. Сургалтанд аймаг, Сум дундын прокурорын газрын прокурорууд, цагдаагийн алба хаагчид, криминалистикийн шинжээч нарыг хамруулж байна. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын хэргийг гардан шалгаж байгаа, хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа цагдаагийн алба хаагчид,  хэрэгт хяналт тавьж, шийдвэрлэдэг прокуроруудыг бүрэн хамруулахыг зорьсон.

Сургалтаар, зам тээврийн ослын хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, шүүхээр шийдвэрлэж байгаа практик,  хэргийн газарт үзлэг хийж ул мөр, нотлох баримт илрүүлж, бэхжүүлэхэд анхаарах асуудал, шинжээчид тавих асуултууд, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон зам орчны байдал  зам тээврийн осол гарахад  хэрхэн нөлөөлөх талаар хичээл зааж байна.

 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн талаарх танилцуулгыг хүргэж байгаа  юм.  Мөн хичээлийн сэдвүүдээ ном болгон хэвлүүлж, гарын авлага байдлаар ашиглуулахаар  сургалт зохион байгуулсан газартаа прокурор, алба хаагчдад өгч байгаа.

Сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу явуулж байгаа юм байна. Сургагч багш нарын хувьд хэр бэлтгэгдсэн бэ?

Өнөөдрийн байдлаар орон нутагт 9 газарт сургалтыг явуулаад  байна.  Манай газрын прокурорууд, Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Урьдчилан сэргийлэх, Техник замын хяналтын хэлтэс, Төмөр зам дахь Цагдаагийн газрын албан тушаалтнууд дээр дурдсан  сэдвүүдээр  хичээл зааж байгаа. Хичээл зааж байгаа сургагч багш нарын хувьд энэ төрлийн хэргийг дагнаж шалгадаг, хяналт тавьж шийдвэрлэдэг, ажлын практик туршлагатай  прокурор, мөрдөгч,  шинжээч нар байгаа. Хэргийн газрын үзлэг хийх, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, шинжээч томилон дүгнэлт гаргуулахад анхаарах асуудлуудыг  тусгай мэргэжлийн алба хаагчаар сургалт зохион байгуулах нь практик ач холбогдолтой тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг сургалтанд оролцуулж байна.

Улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргийн гаралт  ямар байна?

Тээврийн Цагдаагийн албаны статистик мэдээнээс үзвэл зам тээврийн ослын тоо буурахгүй байна.

2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд  энэ төрлийн гэмт хэрэг 997 гарч, үүний дотор Улаанбаатар хотод 412, орон нутагт 585 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх ба зам тээврийн ослын улмаас Улаанбаатар хотод 90, орон нутагт 284 хүн нас барсан дүн мэдээ гарсан байна.

Мэдээж жолоочийн буруутай үйлдлийн улмаас осол, хэрэг  гарч байгаа. Гэхдээ замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрүүлтүүлэг гээд нөлөөлөх зүйлүүд бас байгаа байх ?

 Статистик мэдээнээс үзвэл, зам тээврийн ослын дийлэнх хэрэгт жолооч Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж гарсан байдаг, харин замын нөхцөл байдал, техникийн бүрэн бус байдал осолд нөлөөлсөн гэх тоо маш бага гардаг. Гэтэл бүхий л осолд зөвхөн  жолооч буруутай байхгүй, ийм учраас замын тэмдэг, тэмдэглэгээ нь анхааруулах, мэдээлэх үүргээ гүйцэтгэж чадаж байна уу, замын нөхцөл байдал ямар байв, жолооочид харагдахааргүй эсвэл тулж ирээд харагдахаар эвдрэлийн улмаас жолооч тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй юу, жолоочид аюул, саад харагдахааргүй нөхцөл байдал байсан уу, цаг агаарын байдал ямар байсан гэх мэтээр осол гарахад нөлөөлсөн зүйлүүдийг бүрэн шалгаж тогтоох нь чухал.

Орон нутагт гарсан зарим хэргүүдэд зам арчлалтын ажил хийж байгаа аж ахуйн нэгж, ажилтнууд анхааруулах тэмдгийг Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байрлуулаагүй, жолооч нар тээврийн хэрэгслээ зогсоохдоо замаа чөлөөлөн, анхааруулсан тэмдэг тавьдаггүйгээс осол гарсан тохиолдол нилээн гарсан байдаг.

Орон нутагт явж байгаа жолооч нар хурд хэтрүүлж байна, мөн холын гэрлээ шилжүүлдэггүй, хажуугаар нь тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэхэд хурдаа хасалгүй зэрэгцээд хурдаа нэмээд давхиад байдаг.

Мөн  техникийн хувьд бурэн биш, Замын хөдөлгөөний дүрмийн хавсралтад ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоноос осол гарч байна. Иймээс замын нөхцөл байдал осолд хэрхэн нөлөөлөв, техникийн хувьд бүрэн биш тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон эсэхийг бүрэн шалгаж тогтоох ёстой. Энэ ч үүднээс уг сургалтад Тээврийн Цагдаагийн албаны Техник хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсээс алба хаагч нарыг оролцуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа, зохион байгуулах шаардлагатай арга хэмжээ, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон зам орчны байдал осолд хэрхэн нөлөөлөх талаар хичээл заалгаж байна. Шинжээчийн дүгнэлт гаргахад хэргийн газрын үзлэгээр ямар ямар асуудлуудыг тогтоосон, ямар хэмжилтүүдийг хийсэн байх ёстой вэ гэдэг асуудлаар шинжээчээр практик сургалтыг газар дээр нь явуулж байна.

Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өмнө үйлчилж байсан дүрмийн заалтаас хэрхэн өөрчлөгдсөн, зарим онцлох заалтуудыг нэрлэвэл?Хүүхдийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор  “Сургууль орчмын бүс”  гэдэг мэдээлэх тэмдгийг шинээр нэмж,  тухайн нутаг дэвсгэрийг тайлбарласан. Жолоочийн үүрэгт  жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс гадна даатгалын баталгаа, тулгуур эрхтний бэрхшээлтэй бол үүнийгээ нотлох бичиг баримтыг авч явах, зохицуулагч, цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа автотээврийн болон байгаль орчны хяналтын байцаагч зогсох дохио өгвөл тээврийн хэрэгслээ зогсоож, бичиг баримт, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл, тээж яваа ачаа, бусад зүйлийг шалгуулах, зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, Зам тээврийн осолд холбогдсон жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсвэл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх  гэсэн заалтуудийг нэмж оруулсан.

 Жолоочид хориглох заалтад: эрх бүхий байгууллагаас тогтоосон жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохиог сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, хэт чанга хөгжим дуугаргахыг хориглох

Явган зорчигчийн үүрэгт:  10 хүртэлх насны хүүхдийг  замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна . Хуучин хуульд "сургуулийн  өмнөх насны хүүхэд" гэж байсныг илүү тодорхой болгож нас зааж өгсөн. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна,

Явган зорчигчид хориглох заалтад: зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом,хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл унших, зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явах  зэрэг заалтуудыг нэмсэн. Эдгээр болон бусад олон заалтуудыг шинээр нэмэх, илүү тодорхой болгох байдлаар нэмэлт өөрчлөлтүүд орсон байгаа.

Иргэд Замын хөдөлгөөний дүрмийн талаарх ойлголт муу байгаагаас хэрэг, зөрчилд орох тохиолдол цөөнгүй байдаг. Яаж энэ ойлголтыг нэмэгдүүлэх вэ?

Замын Цагдаагийн газраас ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа, ярилцлага, хэлэлцүүлгийг нилээд их гаргадаг, олон нийтийн байгууллага ч олон ажил зохион байгуулж байна. Жишээ нь, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциац хүүхдэд зориулж их ажил зохиож байгаа нь харагддаг.

 

Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг хүн бүр мэддэг, хэрэгжүүлдэг байвал осол тэр хэмжээгээр буурна. Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүний хайхрамжгүй, хувийн ажлаа бодож яарсан аминч байдал, хэнэггүй зангийн улмаас хүний амь эрсдэж ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь нөхөж баршгүй хохирол насан туршид нь учирч байна.

Эрүүл саруул явж байсан хүн гэмтсэнээс олон хоног шаналан зовж байдаг. Ийм учраас тээврийн хэрэгсэл жолоодохдоо техникийн хувьд бүрэн байлгахад анхаарах, Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг сэтгэлгээг өөртөө бий болгох, түүнийгээ хэрэгжүүлдэг байхад анхаармаар байна. Нөгөө талаас явганаар явж байгаа хүмүүс өөрийн эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд гарцаар, анхаарал болгоомжтой зам хөндлөн гарч байх. Зарим хүмүүс гарцгүй газраар хүүхдээ тэврээд, хөтлөөд гүйчихдэг, настай хүмүүс замын голоор гарцаар гарч байгаа юм шиг явж байгаа харагддаг.

Жолооч аюул саад бий болсон тохиолдолд тээврийн хэрэгслээ  зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй ч  зогсоох боломжгүй зайд явган зорчигч гэнэт гараад ирсэн тохиолдолд боломж муутай гэдгийг хүн бүр анхаармаар байна.

Манай прокурорын газар зам тээврийн осол, хэрэгт дагнан хяналт тавьж, шийдвэрлэдэгийн хувьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан, нийтийн тээврийн жолооч осол гаргасан, явган хүний гарцан дээр осол гаргасан, ослын улмаас хүн нас барсан, гэмтсэн байдал, шалтгаан нөхцөлийг судалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж байна. 

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулинд заасны дагуу осол гарсан шалтгаан, нөхцөлийг арилгуулах, давтан гаргуулахгүйн үүднээс холбогдох газарт “Прокурорын мэдэгдэл” хүргүүлж байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар аж ахуйн нэгж, байгууллагуудад “Прокурорын мэдэгдэл” 72-ыг  хүргүүлээд байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах чиглэлээр “Санамж бичиг” байгуулж, галт тэргэнд эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэх, бусдаас дайвар эд зүйл авахгүй байх, улсын хилээр барааг хууль  бусаар нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  зурагт сэрэмжлүүлэг хэвлүүлж төмөр замын байгууллагуудад тараан, галт тэргэнд байрлуулсан гэх мэт ажлуудыг хийгээд байна. Тээврийн Цагдаагийн алба, дүүргүүдийн Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад очиж ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт хийж, зарим газруудад холбогдох хуулиудаар яриа, таниулга хийсэн. Тухайлбал, “Эрдэм транс”, “Автотерминал” ХХК-иудад шалгалт хийлээ.

 

Зарим нийтийн тээврийн газарт  мэргэшлийн жолооч ажиллуулахгүй байх, жолоочийг уртасгасан цагаар, өглөөнөөс орой хүртэл ажиллуулах, бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах зөрчил тогтоогдож байсан. Тэр байтугай хурд хэмжигч байдаггүй эсвэл ажилладаггүй тээврийн хэрэгслээр хүн зөөвөрлөж байсан тохиолдол урьд нь гарч байсан. Гэтэл  энэ бүх зөрчлүүдийн улмаас осол гардаг.  Нийтийн тээврийн жолооч нарыг хүн зөөвөрлөдөг гэдэг утгаар мэргэшлийн жолооч гэдгээс нь гадна замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, хариуцлагатай талаас нь,  зан байдлын хувьд ч нилээд шалгаж, авч ажиллуулмаар санагддаг.  Харж байхад автобусны жолооч нар утсаар маш их ярьж байгаа анзаарагддаг,  анхаарал нь сарниснаас осол гарахад хүрнэ гэдгийг огт  хайхрахгүй  байна.

Иргэдэд хэрэгтэй зарим зүйлийг тодруулж өгөөч. Тухайлбал: Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээ, хэмжээг хөрөнгийн үнэлгээг хэрхэн яаж тогтоодог вэ  
   

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг  шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоосон байх шаардлагатай. Харин дээрх хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй газруудаар тогтоолгож байна.    
    Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасч,  засаж сэргээхэд шаардагдах эд анги бусад материалын үнийг оруулан тооцдог. Харин  түүнийг засаж сэргээхэд шаардагдах ажлын хөлсийг тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй бөгөөд хохирсон хүн энэ зардлаа холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж болно. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед ослын улмаас эвдэрч гэмтсэн тээврийн хэрэгслээрээ олох байсан орлогыг хохирлын хэмжээнд оруулан тооцдоггүй.

 Жолооч гэж хэн бэ ?"тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн" гэж хэнийг хэлэх бэ?   Жолооны эрхгүй хүн осол гаргахад ямар хариуцлага хүлээх бэ?

Замын хөдөлгөөний дүрэмд, “Жолооч”-тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулахаар заасан.

“Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй хүнээс  гадна зөрчил гарган тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах шийтгэл хүлээсэн, мөн  гэмт хэрэг үйлдэж шүүхийншийтгэх тогтоолоор жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдийг хэлдэг.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр / 200 мянган төгрөгөөр/ торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн бол 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлж зүйлчлэх ба тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа.  Хэдийгээр нийслэл хотод автозам  эвдрэлтэй, хүрэлцдэггүй,  түгжрэлтэй, замын тэмдэг, тэмдэглэгээ зарим газарт шаардлага хангахгүй  байгаа боловч   хүн бүр иргэн, албан тушаалтан хэн ч байсан өөрийн үйлдэлдээ, ажилдаа  хариуцлагатай ханддаг, бусдад эерэгээр ханддаг, хууль, дүрмийг  сахин биелүүлдэг  зэргээр өөрөөс шалтгаалах зүйлээ байнга анхаарч байвал осол гарсны дараа харамсахгүй,  хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох явдал багасна шүү дээ. Ярилцсанд баярлалаа.

            Эх сурвалж: http://www.prokuror.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (192.82.72.98)

    2023-08-07

    Явган зорчигчыг буруугүйд тооцно. Замын хөдөлгөөн гэдэг математик

  • (192.82.72.98)

    2023-08-07

    Өөдөөс гэнэт машин гарч ирэхэд явган зорчигч буруугүйд тооцно.

  • (202.126.88.91)

    2023-08-07

    Кино

  • Замын дүрэм (202.126.88.91)

    2023-08-07

    Ослыг 3 хувааж үз. 1-рт машин зам харахгүй явсан. 2-рт машин зам харахгүй толгойгоо найгаж явдаг. 3-рт өөдөөс гэнэт машин гараад ирсэн гэж үзнэ.